Богдхан уулаас гаралтай байгаль хамгаалал

Экологи

Байгалийн баялгийн замбараагүй хэрэглээ Богдхан уулыг дархлах эхлэл болжээ

Орчин үеийн байгаль хамгаалах тогтолцооны үр хөврөл тэртээ XVIII зуунд буюу 1778 онд Богдхан уулыг зарлигаар тахих болсон үеэс бүрэлдсэн гэдгийг барууны судлаачид гаргаж тавив.

XVIII-XIX зуунд хятадууд байгалийн баялаг ашиглах нь огцом нэмэгдсэнээс Богд уулыг дархан цаазтай болгоход нөлөөлсөн хэмээн Индианагийн их сургуулийн түүхийн ухааны дэд профессор Жонатан Шлезингер архивын олон баримтад тулгуурлан бичжээ. Хятадын түүхчид хил залгаа онгон зэлүүд газар нутгууд хурдацтай өссөн хүн амын хүнсний хэрэгцээг хангах төдий үүрэг гүйцэтгэж байсан хэмээн үздэг.

Харин Манж, Монголын архив өөр түүх хүүрнэв. Тариачид ирж суурьшихаас өмнө алс умардын зэрлэг амьтдаар хаант улсын дээдсүүд загвар хөөх болж, дааж давшгүй их хэрэглээ нь газар нутгийн хамгийн үнэт нандин баялгуудыг үгүй хийсэн байна. Энэ тухай түүхч Жонатан Шлезин “A world trimmed with fur” номондоо дэлгэрэнгүй өгүүлжээ.

200-1700 оны хооронд Хятадын хүн ам хоёр дахин өссөн байна. Харин 1700-1850 онд гурав дахин “үржжээ”. Энэ үед тариалангийн талбайн хэмжээ хоёр дахин нэмэгдэж, Манжуур, Монгол, Төвд, Тайвань зэрэг Хятадын хил залгаа нутгуудад тариачид бөөн бөөнөөр суурьших болов. Тэд ой тайга, тал хээр, уул толгод гээд газар гололгүй суурьшиж, хоногийн хоолоо байгалийн баялгаар залгуулж байсан аж. Үүний зэрэгцээ 1800 он гэхэд Бээжингийн гудамжнуудад байгалийн баялгийг зарж борлуулах тоо томшгүй олон зах бий болсон гэдэг.


Хавайн зандан мод, Борнео арлаас шувууны үүр, Филиппинээс хясаа, Юньнаниас зэс, Фижигээс “sea cucumber” буюу зузаан арьстай, өргөст хэмх хэлбэртэй далайн амьтан, Монголоос талын цагаан мөөг, Сибириэс булга, Хоккайдо, Аляска, Номхон далайн баруун хойд эргээс голын халиу гээд асар олон баялгийг арилждаг байжээ. Энэ бүхнийг судлаач барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний хар данс, аяллын тэмдэглэл болон бусад бичиг баримтаас олж мэдсэн байна. Байгалийн бэлэн нөөц, баялгийг ийнхүү замбараагүй борлуулсаар 1830-аад он гэхэд зэрлэг амьтдын тоо толгой цөөрч, ой мод устаж, цөлмөгчдийн хөлд хоосон далайн эрэг л үлдэж байв.

Энэ бүхний хариуд Манжийн хаант улс цэвэрлэгээ явуулж эхэлсэн байна. Шүүхээс хууль бус анчдыг баривчилж, нутаг дэвсгэрийн хууль дүрмээ шинэчилж, онгон зэрлэг газар болон талхлагдаж сүйдсэн газрын зааг ялгааг дахин тогтоожээ. Энэ хүрээнд Монголын сэхээтнүүдийн санаачилгаар Богдхан уулыг дархалсан нь байгаль орчныг анхаарч эхэлсэн Манжийн төрийн нэг амжилт байв. Богдхан уулаас гадна Умард Солонгосын газар нутагтай залгаа оршдог Манжуурын Чанбайшань нурууг байгалийн цогцолборт газар болгон, хамгаалалтад авсан аж.

Түүхч Жонатан Шлезингер “A world trimmed with fur” номынхоо судалгааг хийхдээ зөвхөн Хятадын архиваар хязгаарлаагүй гэдгээ онцлов. Тэрбээр Монгол, Манж, Төвд, Тайвань гээд олон эх сурвалж ашигласан байна. Ийн үзэх явцад Манж Чин улсын байгаль хамгааллын түүх нь Монгол, Манжийн архивт өөр өөрөөр хадгалагдсаныг олж мэдсэн байна. Уг ном арванхоёрдугаар сард худалдаанд гарах аж.
САНАЛ БОЛГОХ