Хамгийн кайфтай хаскитай аялал

Зөвлөгөө

Аяллын багцад морин, мото аялал, нохой чарга зэрэг үндсэн төрөл багтана

Хорвоогийн нэг өдрийг гайхамшигтай өнгөрөөх сайхан үе ирлээ. Сэнгэнэсэн агаар, сэвсгэр цасаар хучигдсан сүрлэг уулсын дунд өвлийн хамгийн сэтгэл хөдөлгөм аялал болох нохой чарганы аяллыг энэ удаа онцолж байна.

Хөөрхөн хаскинуудтай олон км-ийг хамтдаа туулсны дараа галын илчинд халуун шоколад, кофе, хийцтэй цай гээд хүссэн бүхнээ ууж суух жаргалтай үе бидний хувьд ердөө л жилийн талд тохиох боломж. Алс холын Аляскад, эсвэл хаа байсан туйлд л биш бол боломжгүй байсан нохой чарганы аялал Монголд хөгжөөд багагүй хугацаа өнгөрөв.

Өвлийн спорт, жуулчлалыг дэмжигчид энэ аяллыг долоо хоног бүрийн амралтын өдөр зохион байгуулж байна. Ийм төрлийн аяллын ихэнх нь Тэрэлжийн уулсын дунд өрнөдөг аж. Нэг чарганд хоёр хүн суух бөгөөд дунджаар 5-9 нохой аялагчдыг чирэн салхи татуулан хурдлах юм. Хаски нохой нэг удаадаа таван км зайд 30-40 минут зогсолтгүй хурдлах чадвартай. Харин бүтэн өдрийн аяллаар бол өдөрт 35 км нохой чаргатай аялна. Хоногоор аялахыг хүсэгчдийн хувьд аяллын зай 55 км болж уртасдаг байна. Мөн шөнийн аялал гэж бий. Мэдээж шөнийн аялал нь экстрим төрөлдөө орно. Бартаат замаар овон товон дээгүүр харайж, шарваж, гулгаж, модон доогуур тонгойх гээд эгзэгтэй бүхий л мэдрэмжийг зөвхөн хаскитай чарганы аяллын үер мэдэрнэ.

Хаскитай аялал экстрим төрөлд ордог нь нэг талаар хаски нохойн төрөлх араншинтай холбоотой. Энэ талаар “Эко тур” агентлагийн нохой сургагч Х.Түвшинжаргал “Манай нохойнууд урагшаа зүтгэсэн, маш тэмүүлэлтэй. Уясан байхад хүртэл үсчиж цовхчоод явахын түүс болдог” хэмээв. Ер нь хаски үүлдрийн ноход аливааг чирч татах төрөлх араншин нь бусдаас илүү хүчтэй, давхих дуртай байдаг аж. Яг л анч ноход аливаа зүйлийн араас мөшгөх дуртай шиг.

Мөн хаски немц овчаркаас ч ухаантай. Чарга чирээд давхиж байхдаа “яваарай, зогсоорой” зэрэг үгсийг түвэггүй ойлгочихно. Бас баруун, зүүнээ ч ялгана. Манайд Сибирийн, Аляскийн аль альных нь хаскигаар чарга чирүүлдэг байна. Гэхдээ Сибирийнх нь манай уур амьсгалд илүү тохиромжтой гэнэ. Сибирийн хаски биеийн хэмжээгээр багахан ч илүү сэргэлэн, чийрэг, хатуужилтай байдаг. Точхондоо, 50-60 км явсан ч ядардаггүй аж.

Чарганд суусан хоёр хүний хойно зогсож яваа нь аюулгүй байдлын хувьд нэлээд үүрэгтэй. Эргэлт, шарвалтын үед чаргаа онхолдохоос сэргийлэн тэнцвэрээ хадгалж, саад таарвал тормос гишгэдэг тул сүйхээтэй байх хэрэгтэйг мэдэхэд илүүдэхгүй. Гэхдээ эрчүүд бол чарганы арыг чадварлаг даадаг гэдгийг аяллын хөтөч нар онцолсон юм. Харин эмэгтэй хүн чарганы ард байрлахаар бол спортоор хичээллэдэг, хөдөлгөөнтэй, овсгоо самбаатай нэгэн байвал зүгээр.

Нохой чаргатай аяллын багцад морин, мото аялал, нохой чарга зэрэг үндсэн төрлүүд багтдаг. Улаанбаатараас Тэрэлжид очмогцоо нохой чарга руу мориор хүрдэг байна. Ийн очих явцдаа чоно, үнэг, гөрөөс зэрэг зэрлэг амьтдын мөр таних гээд зугаатай арга хэмжээ ч өрнөдөг.

Мөн 3000 мянган төгрөгөөр өдрийн амь даатгал хийлгээрэй. Түүнчлэн захиалгаа 24 цагийн өмнө өгчихвөл аяллын хөтөлбөрүүдийг хүлээж цаг алдах шаардлагагүй болох юм. Учир нь, нохойнуудаа чарганд хөллөхөд нэлээд цаг шаарддагийг санаарай.


САНАЛ БОЛГОХ