АШИГТ МАЛТМАЛЫН УНАЛТЫГ ХӨДӨӨ АЖ АХУЙГААР НӨХНӨ

Мэдээ
Удаан эдэлгээтэй бүтээгдэхүүний худалдан авалт үргэлжлэн буурах төлөвтэй байна

Улстөржилтгүй, ямар нэгэн сонгуулийн уриа, зорилго агуулаагүй судалгаанд түшиглэсэн эрдэм шинжилгээний хурал баасан гарагт болов. “Эдийн засгийн шинэ нөхцөл: Онол ба бодлого” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлын судалгаа болгоныг энэ үеэр оролцогчид хоорондоо хэлэлцэн, санал солилцож байсан юм. Бизнес, эдийн засгийн сургалтын байгууллагуудын консорциум, Монголбанк болон МУИС хамтран зохион байгуулсан тус арга хэмжээ судалгааны үр дүнг онцолдог.

Олон улсын эрдэм шинжилгээний хурал гурав дахь жилдээ болж байгаа бөгөөд энэ үеэр Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн нэгдсэн судалгааг танилцуулав. Тус судалгааг ЖАЙКА судалгааны баг боловсруулжээ. Судалгааны ажлыг өнгөрсөн онд эхэлсэн байна. Уг судалгаанд хөдөө аж ахуй болон уул уурхай, аялал жуулчлалын таван бүс нутгийг хамруулсан байна. Монголын дотоодын нийт бүтээгдэхүүний ихэнх хувийг уул уурхай, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, барилгын салбар эзэлж буй. Нөгөө талаас аж үйлдвэрийн салбарын борлуулалтын бүтцийг харахад, уул уурхай 60 хувийг эзэлж байгаа бол үлдсэн 30 хувийг үйлдвэрлэл, 10 хувийг эрчим хүчний салбар бүрдүүлж байгааг дээрх судалгаанд иш татжээ.

Судалгааны тайланд Монгол Улс эдийн засгийн тогтворгүй бүтцийг бий болгосон гэж дүгнэсэн байна. Энэхүү эмзэг байдал нь эргээд сорилт, бэрхшээл дагуулж байгааг дурджээ. Манай улсын экспортын 90 хувь нь ашигт малтмал, импортын 90 хувь нь БНХАУ-аас хамаарч байгаа нь дээрх дүгнэлтийг хийхэд хүргэж. Гадаадын шууд хөрөнгө оруулалт, нүүрсний үнийн огцом уналтаас эдийн засгийн байдал 2014 оноос хүндэрсэн. Энэ нь ил тод бус хөрөнгө оруулалтын орчин, БНХАУ-ын эдийн засгийн уналт болон ашигт малтмалын үнэ буурсантай холбоотой гэж тайлбарлажээ.

Манай улсын хувьд төлбөрийн тэнцэл алдагдал ихтэй, төсвийн орлогын тасалдал нэмэгдсэн тул тогтвортой байдлын бодлого баримталж байгааг онцолсон байна. Банкны салбарын чанаргүй зээл нэмэгдэж, эдийн засаг нөхцөл байдал эрсдэл ихтэй байгааг “Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн нэгдсэн судалгаа”-нд тодотгожээ. Олон улсын валютын сан болон Дэлхийн банкны таамгаар урт хугацаанд “Оюутолгой” зэрэг уул уурхайн хөрөнгө оруулалт, эрдэс баялгийн экспортод түшиглэсэн эдийн засгийн хөгжил, орлогын түвшин нэмэгдэх боломжтойг өгүүлсэн байна.

Дунд хугацаанд гадаад зээлийн санхүүгийн эрсдэл их, эдийн засаг, санхүүгийн нөхцөл хүндрэлтэй тул гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх арга хэмжээ авах шаардлагатай байгааг уг судалгаанд онцолжээ. Эрдэс баялаг болон нүүрсний зах зээлийн үнийн уналт дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд саад болж байгааг дурдаад ямар гарц, боломж байгааг тодотгож өгсөн байна. Судалгааны ирээдүйн таамаглалд “Ашигт малтмалын уналтыг хөдөө аж ахуйн салбар нөхөх бололцоотой тул хөгжлийг дэмжих бодлого баримтлах хэрэгтэй” хэмээн зөвлөжээ.

Олон улсын эрдэм шинжилгээний хурал гурван салбар хуралдаанаар бүтэн өдрийн турш үргэлжилсэн юм. Нээлтийн арга хэмжээнд Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Батшугар болон Бизнес, эдийн засгийн сургалтын байгууллагуудын консорциумын захирал Ч.Хашчулуун нар оролцов. Энэ үеэр Монголын эдийн засгийн өнөөгийн байдал, ойрын ирээдүйн хандлагын талаар өөр нэг судалгааг МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш Б.Алтанцэцэг танилцуулав. “Хэрэглэгчийн итгэлийн индекс” судалгаанаас харахад, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад иргэдийн орлого муудсан гэж хариулсан өрхийн эзлэх хувь буурч, хэвийн гэж хариулсан хувь өссөн байна. Ирэх хагас жилд өрхийн орлого өснө гэсэн хүлээлт давамгайлж байгааг уг судалгаанд иш татжээ. Харин удаан эдэлгээтэй бүтээгдэхүүний худалдан авалт үргэлжлэн буурах төлөвтэй байна. Орон сууцны үнэ буурна гэсэн хүлээлт үүсээд байгааг “Хэрэглэгчийн итгэлийн индекс” судалгаанд дурджээ.

Судалгаа, бас дахин судалгааг хэлэлцүүлсэн олон улсын эрдэм шинжилгээний хуралд “Эрдэнэс Монгол” компанийн ерөнхий эдийн засагч Ч.Отгочулуу “Монгол Улсын зэсийн салбарын өрсөлдөх чадвар ба эдийн засгийн бодлого” сэдэвт сонирхолтой итгэл хэлэлцүүлж, оролцогчдын асуултад хариулт өгөв. Хурлын эхний хэсэгт илтгэгчээр оролцсон Монгол банкны ерөнхий эдийн засагч С.Болд “Бага, тогтвортой инфляци, санхү ү гийн тогтвортой байдал гэсэн суурь үзүүлэлтүүдэд тулгуурласан төлбөрийн тэнцлийн эерэг байдал, алдагдалгүй төсөв болон улсын тогтвортой өрийн харилцан уялдаатай байдал бол өнөөгийн эдийн засгийн шинэ тэнцвэр” хэмээн онцоллоо. Судалгаанд суурилсан бодлогын шийдвэр нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэртэй болохыг бүгд л хүлээн зөвшөөрдөг. Тэгвэл энэ удаагийн олон улсын хурал энэ ойлголтыг улам бататгав.


Б.Баяртогтох
@bayartogtokhZGM


САНАЛ БОЛГОХ