Евро бүс Грект 7.5 тэрбум еврогийн тусламжийн зээл олгоно

Мөнгө ба бизнес

Евро бүсийн Сангийн сайд нар Грекийн эдийн засгийн шинэчлэлийн маргааныг эцэслэж, 7.5 тэрбум еврогийн тусламж олгохоор боллоо. Люксембург хотод болсон Европын тогтвортой байдлын уулзалтын үеэр уг тусламжийн хэмжээг баталж, гарын үсэг зурсан байна. Энэхүү санхүүгийн тусламж нь өнгөрсөн онд Грек болон Европын Холбооны хооронд хийгдсэн 89 тэрбум еврогийн багцын нэг хэсэг юм. Үүний үр дүнд Грек улс эргэн төлөгдөөгүй зээлийн хэмжээгээ бууруулах боломжтой болох ажээ. Грекийн Засгийн газар хүнд хэцүү шинэчлэлийг хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд илүү тогтвортой, хүчирхэг эдийн засагтай болохын тулд эдгээр шинэчлэлүүдийг зайлшгүй хийх шаардлагатай гэж Европын Холбооны эдийн засаг хариуцсан комиссар Пьер Московиси мэдэгдсэн юм. Европын тогтвортой байдлын ээлжит уулзалтаар санхүүжилтийн зарцуулалтыг эцэслэн шийдвэрлэхээр төлөвлөөд байна. Евро бүс 2.8 тэрбум еврогийн ээлжит тусламжаа Грек улсын өмч хувьчлалтай холбоотой асуудал шийдэгдсэний дараа олгохоор товлоод байгаа юм.

О.Намуун

Холбоо барих: namuun.o@bloombergtvmongolia.com

minjma.g@bloombergtvmongolia.com

САНАЛ БОЛГОХ