Оффисын зориулалттай барилгын дийлэнх нь А бүст байрлаж байна

Мэдээ

Улаанбаатар хотод оффисын зориулалттай нэлээд олон төсөл хэрэгжиж байгаа боловч дийлэнх нь хотын А бүст төвлөрч байгааг үл хөдлөх хөрөнгийн агентлагууд онцолж байна. Энэ онд нийт 77 оффисын барилга баригдаж байгаагийн дийлэнх нь Сүхбаатар дүүрэгт байрлаж байгааг “Тэнхлэг зууч” компаниас мэдээллээ. Одоогийн байдлаар нийслэл хотод оффисын зориулалтаар ашиглагдаж байгаа 346 барилга байна. Үүнээс 142 нь түрээслэх талбайтай оффисын барилга байгаа бол 26 нь худалдах талбайтай барилга байгаа ажээ. Эдгээр түрээслэх талбайтай оффисын барилгуудын 43 хувь нь Сүхбаатар дүүрэг, 23.2 хувь нь Чингэлтэй дүүрэгт байрлаж байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт хамгийн бага хувьтай байна. Мөн зарах талбайтай оффисын барилгын хувьд 50 хувь нь Сүхбаатар дүүрэгт байрлаж байгаа юм. 2010 оноос өмнө оффисын зах зээл төдийлөн идэвхтэй бус тухайн үед нийлүүлэгдэж байсан барилгууд нь томоохон компаниудын хэрэгцээндээ зориулан барьсан оффисууд байжээ.

Харин сүүлийн долоон жилд энэхүү зах зээл идэвхтэй хөгжиж, нийлүүлэлт нэмэгдэх хандлагатай болсон талаар “Барилга эм эн” онцолж байна. 2015 оноос зах зээлд нийт 938 мянган ам метр оффисын цэвэр талбай ашиглагдаж байгаа бол 2018 он гэхэд оффисын талбайн нийт хэмжээ 301 мянган ам метрээр нэмэгдэнэ гэсэн тооцоог “Барилга эм эн”-ээс гаргасан байдаг.

Үнийн хувьд эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан компаниуд богино хугацаатай, хямд үнэтэй оффисыг сонгох хандлагатай байгааг онцолж байна. Ингэснээр зах зээлийн ерөнхий үнэ тогтвортой байх боломжийг бүрдүүлж байгаа аж. Дөрөвдүгээр сарын байдлаар оффисын зориулалттай байрны нэг ам метрийн борлуулах дундаж үнэ 3.6 сая төгрөг байсан нь өмнөх сараас 1.9 хувиар өссөн бол түрээсийн үнэ 21 мянга 300 төгрөг болж өмнөх сараас 2.3 хувиар хямдарсан байна.




САНАЛ БОЛГОХ