Иргэдэд газраа өмчлөхөд дэмжлэг үзүүлэх гурван сарын аян зохион байгуулна

Мэдээ

Нийслэлийн газрын албанаас төвийн зургаан дүүргийн гэр хорооллын суурьшлын нэг, хоёрдугаар бүсэд оршин суугаа иргэдэд газраа өмчлөхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор гурван сарын аяныг зохион байгуулахаар боллоо. Ингэснээр газар дээрээ олон жил амьдарсан ч өмчилж аваагүй иргэд газраа өмчлөн авах боломж бүрдэж байгаа юм. Судалгаагаар нийслэлийн хэмжээнд өмчлөгдөх боломжтой 79 мянга 985 нэгж талбар байгаа ажээ. Ирэх сарын дөрөвнөөс эхлэх аяны хүрээнд 43 хорооны 3442 нэгж талбарт газар эзэмшиж буй иргэдэд газраа өмчлөх боломжтой болох юм байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт есөн хорооны 366, Хан-Уул дүүрэгт хоёр хорооны 13, Баянзүрх дүүрэгт 15 хорооны 2251, Баянгол дүүрэгт долоон хорооны 269, Чингэлтэй дүүрэгт зургаан хорооны 209, Сүхбаатар дүүрэгт дөрвөн хорооны 334 нэгж талбар багтжээ. Цаашид үлдсэн талбарыг өмчлөлд хамруулах ажлыг ирэх онд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаагаа Нийслэлийн газрын алба мэдээллээ. Одоогоор нийслэлийн хэмжээнд айл өрхийн 62.1 хувь нь газраа өмчлөөд байгаа аж.

Цаашид мөн Газрын албанаас зуслангийн 26 амны ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийж, орц гарц шийдвэрлэх зөрчил арилгах ажлыг иргэдтэй зөвшилцөх маягаар шийдвэрлэхээр төлөвлөж байгаагаа мэдээллээ.



САНАЛ БОЛГОХ