Угсармал орон сууцуудыг дулаалах ажил туршилтын шатандаа явж байна

Мэдээ

Нийслэлийн хэмжээнд угсармал орон сууцуудыг дулаалах ажлын зураг төслийг гаргах, хэд хэдэн барилгыг хувийн компаниудын хөрөнгөөр дулаалах ажил одоогоор туршилтын шатандаа явж байгаа гэдгийг Нийслэлийн захирагчийн ажлын албанаас мэдээллээ. Улаанбаатар хотын 14 хороололд 1965-2000 онд баригдсан угсармал 1077 орон сууцыг дулаалах шаардлагатай байгаа юм. Эдгээр байруудад 46 орчим мянган өрх буюу нийслэлийн хүн амын 20 хувь нь амьдардаг. Угсармал орон сууцуудыг шинэчлэн засварлахад нийт 431 тэрбум төгрөг шаардлагатай гэдийг нийслэлийн удирдлагууд мэдээлж байв.

Угсармал орон сууцууд олон жил ашиглагдаж, хуучирч муудсанаас дулааны алдагдал ихтэй болсон байдаг бөгөөд эрчим хүчний хэрэглээ нь норматив хэмжээнээс 35-40 хувиар их байгаа аж. Харин энэ хэмжээний дулааныг хэмнэснээр III, IV хорооллын хэмжээний орон сууцуудыг дулаанаар хангах боломж бүрдэх юм байна. 2015 онд нийслэлийн удирдлагууд ОХУ-ын Новосибирск хотын удирдлагуудтай угсармал орон сууцанд дулаан техникийн шинэчлэлтийн ажлыг хамтран гүйцэтгэх санамж бичгийг байгуулж байсан юм. Энэ хүрээнд III, IV хорооллын угсармал орон сууцны дулаан болон техникийн чанарын шаардлагын талаар судалгаа хийж, нийт 328 орон сууцны дулаан, техникийн шинэчлэлийг хамтран гүйцэтгэхээр тохиролцоонд хүрч байсан ч одоогоор ажил хэрэг болоогүй байна.

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны мэдээлснээр орон сууцны дулаалгад шаардагдах нийт хөрөнгийн 10 хувийг улс нийслэлийн төсвөөс, 45 хувийг гаднын төсөл хөтөлбөрүүдийн дэмжлэгээр, үлдсэн 45 хувийг оршин суугчид хариуцах гэсэн эх үүсвэрээр гаргах юм. Ингэснээр нэг өрхөд ногдох дундаж төлбөр 3-9 сая төгрөг байна. Энэ мөнгийг нэг дор төлөх боломжгүй иргэдэд арилжааны банкнуудтай хамтран зээлийн цонх үүсгэж, 3-5 жилийн хугацаанд дарамт үүсгэхгүй байх боломжийг судалж байгаа гэдгийг Нийслэлийн захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Үүнээс гадна дотоодод барилгын хийц, материал үйлдвэрлэлийн салбарт ногоон технологи, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд ашиглан хийсэн шинэ бүтээгдэхүүний нэр төрөл өсөн нэмэгдсээр байна. Энэ хүрээнд хонины ноос, чулуун хөвөн зэрэг олон төрлийн түүхий эдээр дотоодод 15 үйлдвэр дулаалгын материалын бүтээгдэхүүн үйлдвэрлэл амжилттай явуулж байна. Эдгээрээс хонины ноосоор барилгын дулаалгын материал үйлдвэрлэдэг “Эко ноос” компани, чулуун хөвөн үйлдвэрлэгч “Монгол базальт”, “Таван богд” компанийн "Дулаан гэр" үйлдвэр, “Эрдэнэт хивс” зэрэг компаниудыг дурдаж болох юм. Энэхүү зах зээлд одоогоор 60 тэрбум төгрөг эргэлдэж байна.




САНАЛ БОЛГОХ