"Хур" системийг нэвтрүүлснээр иргэдийн мэдээлэл нэг дор төвлөрнө

Мэдээ

“Төсөөллөө бүтээцгээе” уриан дор болсон 11 дэх удаагийн "ICT Expo-2017" үзэсгэлэнд энэ жил Монголын харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарынхнаас гадна банк, санхүүгийн байгууллагууд оролцсоноороо онцлог боллоо. Арга хэмжээний үеэр салбарын төлөөллүүд шинэ бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулснаас Төрийн мэдээлэл солилцооны "Хур" систем олны анхаарлыг хамгийн ихээр татлаа. Энэхүү платформыг ашигласнаар иргэн Төрийн байгууллагаас шаардлагатай, Төрийн байгууллагад бүртгэлтэй мэдээллийг шуурхай авах боломжтой болж байгаа юм. Мөн өөрийн мэдээллийг бүрэн хянах боломжтой. "Хур" мэдээллийн системийг Төрийн байгууллагууд нэвтрүүлснээр иргэдийн мэдээлэл нэг дор төвлөрөнө. Одоогоор хэрэглээнд бүрэн нэвтрээгүй байгаа ч хөгжүүлэлтийн шатанд явж байгааг Үндэсний дата төвөөс мэдээллээ.

Мөн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, НХХЯ болон “Юнител” групп хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Миний туслах 104” үйлчилгээг нэвтрүүлж байгаагаа танилцууллаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд 104 тусгай дугаарт холбогдож асуудлаа шуурхай шийдэх боломж бүрдэж байгаа аж

Түүнчлэн үзэсгэлэнгийн ивээн тэтгэгч Худалдаа, хөгжлийн банк QR код ашиглан дансандаа төлбөр хүлээн авах, шилжүүлэх хамгийн хялбар, шуурхай үйлчилгээгээ танилцууллаа. Тус банк худалдаа эрхлэгч, худалдан авагч хэн бүхэнд тохирох, хялбар шийдэл бүхий дэвшилтэт "TDB Pay" төлбөрийн үйлчилгээг шинээр нэвтрүүлээд байгаа юм.




САНАЛ БОЛГОХ