Арьс, ширний үйлдвэрүүдийн орчимд хөрсний бохирдол аюултай хэмжээнд хүрсэн 33 цэг бүртгэгджээ

Мэдээ

Нийслэлд арьс шир, ноос ноолуур боловсруулах чиглэлийн 43 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр аж ахуйн нэгжид Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийхэд 17 аж ахуйн нэгжид зөрчил илэрч, 10 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Арьс, ширний үйлдвэрүүдийн орчмын хөрсөнд хийсэн шинжилгээгээр хөрсний бохирдол аюултай хэмжээнд хүрсэн 33 цэг бүртгэгдсэн байна. Иймд арьс шир, ноос ноолуурын үйлдвэрүүдийг Нийслэлээс нүүлгэх шийдвэрийг түргэвчлэх шаардлагатай гэсэн дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын газар Нийслэлийн Засаг даргын тамгын газарт хүргүүлсэн ажээ. Харин үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд арьс, шир боловсруулалтад хүхэрт натри, шохой зэргийг энзим, силикатаар орлуулах арга хэмжээ авч байгаа талаар Арьс, шир үйлдвэрлэгчдийн холбоо мэдээллээ. Үйлдвэрүүд сүүлийн жилүүдэд хаягдал бүтээгдэхүүнээр цавуу хийж эхэлсний улмаас хөрсний бохирдол нэмэгджээ. Гэтэл хаягдал бүтээгдэхүүнээс үүдсэн ус болон хөрсний бохирдлыг цэвэршүүлэхэд нэг квадрат метр тутамд 8000 төгрөг зарцуулдаг талаар Ус сувгийн удирдах газар мэдээлж байна.

Тухайлбал "Алтайн харгиа" компани жилд 1.2 сая ширхэг богийн арьс, 200 мянган ширхэг үхрийн шир боловсруулдаг. Үүний 80 хувийг БНХАУ-д, 20 хувийг БНСУ, Франц зэрэг бусад улсад экспортолдог аж. Гэтэл сүүлийн шалгалтаар тус компани орчны менежментийн төлөвлөгөөгүй, орчны хяналтын шинжилгээний хөтөлбөргүй аж ахуйн нэгжүүдийн тоонд багтжээ. Энэ оны эхний есөн сарын байдлаар ямаа, ишигний боловсруулсан арьсны экспорт 2.1 дахин нэмэгдсэн байна. Гэхдээ бэлэн бүтээгдэхүүнээр дотоодын эрэлтийг хангах ажлын явцад ахиц гараагүй ажээ.

Жилд дунджаар зургаан сая ширхэг арьсан гутал импортолдог. Үүнийг дотоодоос хангах хүчин чадал байгаа ч арьс боловсруулах технологи дотоодод өндөр өртөгтэй байдаг учраас эцсийн бүтээгдэхүүн илүү үнэтэй гарч байгааг "Хос Аз" компани мэдээлж байна.



САНАЛ БОЛГОХ