Ил захидал

Мэдээ

Шинээр томилогдсон Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин танаа 2017 оны аравдугаар сарын 20-ны өдөр

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Менежментийн мэргэшсэн зөвлөхүүдийг бэлтгэдэг “Монголын менежментийн зөвлөхүүдийн холбоо” төрийн бус байгууллагаас шинээр томилогдсон Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин танд хандаж байна. Бид 2008 оноос үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж буй бөгөөд менежментийн чадварлаг зөвлөхүүдийг мэргэшүүлэх, тэднээр дамжуулан хувийн хэвшлийн байгууллагуудын олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, улмаар Монгол Улсын эдийн засгийг хүчирхэгжүүлэх зорилгоор шинэ санаа, шинэ төслүүдийг амжилттай хэрэгжүүлж ирлээ. Үүний нэг нь Монгол Улсад Олон улсын менежментийн тогтолцооны стандарт (ISO)-уудыг нэвтрүүлж, хэрэгжүүлэхэд чиглэж байгаа юм. Харамсалтай нь бидэнд олон улсын стандартуудыг Монгол Улсад нэвтрүүлэхэд дараах гурван хүндрэл тулгарч байна гэж үзэж байна. Үүнд:

1. Менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх үе шатанд олон асуудал дагуулж буйн нэг нь аж ахуйн нэгжид зөвлөх үйлчилгээ үзүүлж, баталгаажуулалт хийх явцад одоогийн мөрдөж буй MNS стандартууд хэтэрхий хуучирсан байгаа нь тухайн компанийн хөгжилд ихээхэн чөдөр болж байна. Монгол Улсад мөрдөж буй 6000 гаруй стандартуудаас ердөө 35 хувь нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартууд байгаа нь үнэндээ чамлалттай үзүүлэлт юм. Түүнчлэн олон улсын жишгээр аливаа стандарт таван жил тутамд шинэчлэгдэх ёстой. Гэтэл Монгол Улсад энэ үйл явц их удаашралтай явагдаж, тухайлбал, 1988 онд баталсан MNS стандарт өнөө хэр шинэчлэгдээгүй, мөрдөгдөж байна. Аж ахуйн нэгжүүд зах зээлээ тэлж, бүтээгдэхүүнээ экспортлох, үйл ажиллагаагаа олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэхийн тулд олон улсын стандартуудыг нэвтрүүлэх хүсэлтэй байдаг. Тиймээс Монгол Улсад мөрдөж буй 6000 гаруй стандартыг нэн яаралтай шинэчилж, олон улсын стандартад нийцүүлэх талаарх стандартчиллын бодлогыг шинэ түвшинд гаргах шаардлагатай байна.

2. Юуны түрүүнд, менежментийн тогтолцооны стандартаар мэргэшсэн үндэсний зөвлөх, аудитор, сургагч багш бэлтгэхийн тулд эхлээд олон улсын стандартын төрөлжсөн сургалтад хамруулах, үндэсний болон олон улсын хэмжээнд бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх шаардлага тулгардаг. Монгол Улсад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аудитор цөөн байгаа учраас олон улсад бүртгүүлэх процессыг дэмжсэн төрийн бодлого дутагдаж байна. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжүүд олон улсын баталгаажуулалтыг хүсч байгаа боловч олон улсын хэмжээнд нийцсэн баталгаажуулалт хийх аудитор манайд дутагдалтай байгаа нь гаднынханд зах зээлээ алдах нөхцөл болж байна. Тодруулбал, БНХАУ, БНСУ, ОХУ-ын баталгаажуулалтын байгууллага сүүлийн 3-4 жилд Монголын зах зээлд хүч түрэн орж ирлээ. Тэд Монголын томоохон компаниудад өндөр үнээр олон улсын баталгаажуулалт хийж гэрчилгээжүүлж байгаа боловч Монголд татвар төлөгдөхгүй байна. Гэтэл Монгол хүн эх орондоо олон улсын баталгаажуулалтыг хийх чадвартай болж буй энэ үед валютын урсгалыг гадагш алдах биш дотооддоо авч үлдэхийн тулд энэ чиглэлээр дагнасан үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн компаниудыг төрөөс дэмжин үндэсний боловсон хүчнээ чадавхижуулах шаардлагатай байна. Нөгөөтэйгүүр, нэн тэргүүнд Монгол аудиторуудыг олон улсын хэмжээнд бүртгэлжүүлэх шаардлага гарч ирж байгааг дахин онцлон тэмдэглэе.

3. Эцэст нь, Монгол улсад Стандарт, хэмжил зүйн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой ирэх 2018 онд тохионо. Гэсэн ч стандартын салбарын хөгжил зах зээлийн эдийн засаг, өрсөлдөөний өнөө үеийн хурдыг гүйцэхгүй байна. Стандарт, хэмжил зүйн салбар нь хуучны бүтэц, бүрэлдэхүүн, хуучны арга барилаасаа салаагүй байгаа нь энэ салбарт шинэчлэл хийхэд ихээхэн саад болж байна. Олон улсын жишгээр аливаа итгэмжлэл хийдэг байгууллага нь бие даасан, хараат бус, хөндлөнгийн байх ёстой. Гэтэл манайд төрийн байгууллага нь өөрсдөө стандарт боловсруулж, зөвлөгөө өгч, сургалт зохион байгуулж, баталгаажуулалт, итгэмжлэл хийж байгаа нь тун ядмаг төдийгүй хэт ашиг сонирхлын зөрчилд хүргэх өндөр магадлалтайг харуулж байна. Олон улсад өөрөө өөрийгөө итгэмжилж, баталгаажуулах процесс огтхон ч байдаггүй учир үүнд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Тиймээс өнөөгийн бүтцээ өөрчилж, олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх шаардлага тулгарч байна. Үгүй бол Стандарт, хэмжил зүйн байгууллагаас гаргасан шийдвэр, баталгаажуулалт олон улсад хүлээн зөвшөөрөгдөж чадахгүйд хүрэхээр байна. Тиймээс олон улсын стандартыг Монгол Улсад нэвтрүүлж, хөгжүүлэхэд тулгарч буй дээрх гурван асуудлыг анхааралдаа авч, стандартчиллын байгууллагыг олон улсын жишигт нийцсэн бүтэц, чиг үүрэгтэй болгоход Таны дэмжлэг хэрэгтэй байна.

Танд ажлын амжилт хүсье.
Хүндэтгэсэн,
Монголын менежментийн зөвлөхүүдийн холбоо
Имайл: info@mmca.mn
Web: www.mmca.mn


САНАЛ БОЛГОХ