Эрдсийн төлөө цэнгэг усаа золиослох учиргүй
Уул уурхай
Гадаргын ус ашиглах нь гүнийхээс хоёр дахин хямд
Шаргал говийн гүн дэх чандмань эрдэнэ бага багаар хорогдсоор. Манай орны эрдэнэсийн сангийн гол “авдар” болох говь нутагт гүний цэнгэг усны хэрэглээ нэмэгдэж, нөөц нь дундарч буй. Говьд гадаргын ус тун бага, байлаа ч агаарын хэмээс шалтгаалан хурдан ууршдаг онцлогтой. Харин гүний ус бол угаас нөхөн сэргэдэггүй эдийн засгийн үнэт баялаг. Тиймээс үүнийг үйлдвэрлэл, уурхайн олборлолтод хэрхэн зөв захиран зарцуулах нь аль ч оронд чухалд тооцогддог. Монгол орны усны хэрэглээний 21 хувийг уул уурхайн салбар эзэлдэг бөгөөд энэ хэмжээ цаашид өсөх нь гарцаагүй. Тиймд уурхайн олборлолтод саарал усыг хэрэглэж хэвших нь чухал байна.
Монгол нутагт нийт 29 усны сав газар байдгаас Алтайн өвөр говь, Галба-Өөш, Долоод, Умард говийн гүвээт халхын дундад тал зэрэгт уул уурхайн салбарын тулгуур болсон томоохон уурхайнууд бий. Тухайлбал, Галба-Өөш, Долоодын сав газар Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар аймгийг хамардаг. Энд “Оюутолгой”, “Тавантолгой”, “Энержи ресурс”, “Ухаа худаг”, “Мон цемент” зэрэг олон компани ашигт малтмал олборлож байна. Харин Галба-Өөш, Долоодын сав нутагт идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй найман том компанийн дөнгөж хоёр нь гүний усыг дахин ашиглаж байна. “Оюутолгой”, “Энержи ресурс” зэрэг компаниуд говийн гүний усыг хамгийн хэмнэлттэй ашиглах технологийг нэвтрүүлж, хэрэглэсэн усныхаа 90-95 хувийг дахин ашиглаж байгаа юм.
Эдгээр компани 2016 онд усны төлбөрт нийт 14.2 тэрбум төгрөг төлжээ. Харин бусад уул уурхайн жижиг компаниуд гүний усыг хайр гамгүй ашигласаар олон жилийн нүүр үзэж буйг нутгийн иргэд шүүмжилсээр удлаа. Ялангуяа, төрийн өмчит компаниуд гүний усны ундарга дээр тухалж суучихаад дахин ашиглах талаар дурсахгүй байгаа нь харамсалтай.
• Усны хэрэглээний 21 хувийг уул уурхайн салбар эзэлдэг.
• “Энержи ресурс” компани хэрэглэсэн усныхаа 90 гаруй хувийг дахин ашигладаг болохын тулд хоёр сая ам.доллар зарцуулсан байна.
Говийн гүний усыг дээш татахад хоолой тавих, тоног төхөөрөмж авах зэрэг багагүй зардалтай. “Энержи ресурс” компани гэхэд хэрэглэсэн усныхаа 90 гаруй хувийг дахин ашигладаг болохын тулд хоёр сая ам.доллар зарцуулсан байна. Тиймд төрийн эзэмшлийн уурхайнууд ус ашиглалтад энэ хэмжээний мөнгө зарцуулна гэдэг мянгуужингийн үлгэр шиг хол санагдах нь лавтай.
Гэвч өөр гарц бас бий. Манай орны усны нөөцийн 80 орчим хувь нь гадаргын, 20 гаруй хувь нь гүний ус. Эсрэгээрээ хэрэглээний 80 орчим хувийг гүний, 20 гаруй хувийг гадаргын ус эзэлдэг. Тиймээс уул уурхайд гүний биш, гадаргын ус ашиглах нь хамгийн сайн арга гэж олон улсад үздэг. Орхон, Хэрлэн голын усыг говь руу татах төслүүдийн тухай 10 гаруй жилийн өмнөөс ярьж эхэлсэн. Эдийн засаг, экологийн хувьд хамгийн зөв шийдэл гэж судлаачид үзэж буй ч хөрөнгө мөнгөний гачигдлаас болж шангаа татаж чадахгүй хэдэн төрийн нүүрийг үзлээ. “Орхон Говь” төслийн хүрээнд Орхон гол дээр 70 метр өндөр, 300 метр урт усан сан барьж, хаврын шар усны болон үерийн усыг хуримтлуулахаар төлөвлөж буй.
Үүнийг далд хоолойгоор холбож, Булган, Төв, Дундговь аймгуудаар дамжуулан, говийн бүсийг усаар хангах зорилготой юм. Орхон голын урсац хамгийн их буюу 41.6 мянган литр/секунд байдаг Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нутагт хиймэл нуур байгуулахаар төлөвлөсөн. Энд хуримтлагдсан үерийн усыг өмнө зүгт дамжуулахын тулд шахах шугам хоолой, насос станц, туслах барилга байгууламжууд байгуулах аж. Хэрэв “Орхон Говь” төсөл хэрэгжвэл хоолой татсан шугамын дагуу байрлах Таван толгой, Оюу толгой болон Мандалговь, Даланзадгад зэрэг хотуудаас гадна өөр найман сумын төвд ус түгээх юм.
“Хэрлэн Говь” төсөл мөн дээрхтэй ижил. Үерийн усыг хуримтлуулсан хиймэл усан сангаас татах хоолой Дорнод аймгийн Сайншанд хот, цаашлаад Замын-Үүд хүрнэ. Энэ хоолой замдаа баруун урд зүгт салаалж Цагаан суваргын ордод хүрэх юм. Судлаач Н.Далайцэрэн “Гадаргын ус ашиглах нь гүний ус ашиглахаас хоёр дахин хямд зардалтай. Монгол Улсын усны нөөцийн 70-аас илүү хувь нь оршдог хангайн бүсийн голуудын урсацыг говьд шилжүүлэх боломжтой” гэж өгүүлжээ. Цаашид уул уурхайн төслүүд нэмэгдэх үү, гэхээс хасагдахгүй. “Эрдэнэс Монгол” 2019 онд хоногт 34.9 шоо метр ус хэрэглэх бол энэ нь 2024 онд 38 шоо метр болж өсөх тооцоо бий. Оюутолгойн уурхай гэхэд л бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлээгүй байна. Цаана нь хайгуул нь хийгдсэн, олборлолтоо хүлээж буй олон төсөл жагсаж буй.
Тиймээс уул уурхайн салбарыг тэжээх усны нөөц, шинэ гарцыг нээх хугацааг наашлуулах нэн шаардлагатайг олборлогч компаниудын өсөн нэмэгдэж буй хэрэгцээ харуулна. Зөвхөн “Орхон Говь” төслийн бүтээн байгуулалтад 4-5 жил шаардлагатай. Говийн экосистемийг хамгаалж, уул уурхайн зардлыг багасгах эдгээр төслүүд хэн нэгний шүүгээнд хадгалагдаж байх хугацаанд шаргал говийн цэнгэг ус машин, техникийн шороог угаасаар байх нь.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй