Аж үйлдвэрийн тулгуур эрдэс

Уул уурхай


Төмрийн хүдрийн экспорт тогтвортой байх ч үнэ нь өснө

Төмрийн хүдрийг хүний биеийг бүрдүүлдэг ДНХ-тэй зүйрлүүлж болно. Учир нь аж үйлдвэрийн үндсэн түүхий эд нь төмөр, төмрийн хүдэр юм. Хүн төрөлхтний хөгжлийг шинэ түвшинд авчирсан төмөр гэдэг эрдэс байгаль дээр хэзээ ч дангаараа олддоггүй. Харин ямар нэг урвалд орсон буюу төмрийн агуулга бүхий хүдэр хэлбэрээр оршдог. Ийм хүдэрт 25-60 хувийн төмөр агуулагдаж байвал үүнийг эдийн засгийн хувьд ашиглах боломжтой гэж үздэг. Энэ эрдсийн 98 хувийг гангийн үйлдвэрт, үлдсэнийг нь цемент, зарим төрлийн засварын материал, будагч бодис, чулуу, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд ашигладаг юм. Төмрийн хүдэр нь дэлхийн цардсын давхаргын 5.6 хувийг бүрдүүлдэг.

Манай гаригт 230 тэрбум тонн цэвэр төмөр агуулсан 800 тэрбум тонн төмрийн хүдрийн нөөц бий гэж үздэг. Энэ эрдсийг 50 орчим улс олборлодог ч 15 нь нийт олборлолтын 96 хувийг эзэлдэг байна. XVIII зуунд аж үйлдвэрийн хувьсгал өрнөхөд төмрийн хүдрийн нийлүүлэлт Америк, Европ тив рүү чиглэж байсан. Харин сүүлийн жилүүдэд эдгээр орнуудад бүтээн байгуулалтын эрч буурснаар салхи өөр зүг эргэв. Өдгөө төмрийн хүдрийн гол хэрэглэгч нь Ази тэр тусмаа БНХАУ боллоо. Дэлхийн төмрийн хүдрийн нөөцийн 0.5 хувь нь манай улсад бий гэж судлаачид үздэг. Монгол Улсад энэ бүтээн байгуулалтын тулгуур эрдэсийн таамаг нөөц нь нэг тэрбум тонн.

Дэлхийн төмрийн хүдрийн нөөцийн 0.5 хувь нь манай улсад бий
Харин баталгаажсан нөөц нь 430 орчим сая тонн гэсэн мэдээлэл бий. Жилийн олборлолтын хүчин чадал 11.5 сая тонн бөгөөд 2020 он хүртэл энэ хэмжээ хадгалагдана гэж Ашигт малтмал, газрын тосны газраас таамаглаж буй. Энэ онд манай улс төмрийн хүдрээс 172.8 сая ам.долларын орлого олохоор тооцоолсон. Хэдийгээр ирэх дөрвөн жилд төмрийн хүдрийн олборлолт, экспорт тогтвортой байх ч үнэ нь аажим нэмэгдэх тул орлогын хэмжээ нь үүнийг дагаад мөн өсөх таамагтай байна. Тухайлбал, ирэх жил 181.1 сая, 2019 онд 190.3 сая, 2020 онд 199.5 сая ам.доллар энэ эрдсээс олно гэж тооцжээ. Манай улсад төмрийн хүдрийн 200 гаруй орд байдгаас 25 ордод хайгуул хийж, 17 ордын нөөцийг тогтоожээ. Энэ нөөцийн талаас илүү хувь нь Сэлэнгэ болон Дархан-Уул аймгийн нутагт “тунасан” байдаг.

Манай экспортод гарч буй төмрийн хүдрийн талаас их хувийг “Болдтөмөр Ерөө гол” компани нийлүүлдэг аж. “Алтай хүдэр”, “Болдтөмөр Ерөө гол” компаниуд Сингапур улс руу нийт 10 сая ам.долларын 220 мянган тонн төмрийн хүдэр экспортлоод байна. Энэ оны есдүгээр сарын байдлаар компаниуд нийт 5.9 сая тонн төмрийн хүдэр, 2.7 сая тонн төмрийн хүдрийн баяжмал үйлдвэрлэлээ. Сэлэнгэ аймгийн Ерөө суманд ашиглаж эхлээгүй ч нөөц нь тогтоогдсон ирээдүйтэй ордууд бий. Тухайлбал, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ын Хустын орд нь 126 сая тонн, Төмөртолгойн орд 248 сая тонн нөөцтэй. Эдгээр ордуудыг жилд 1000 тонныг олборлох хүчин чадалтай гэж тооцож буй. Түүнчлэн, “Харанга Хүдэр” ХК-ийн Баянцогтын ордод 41.1 сая тонн төмрийн нөөцтэй 249.4 сая тонн хүдэр илэрч, ил уурхайг нээх бэлтгэл ажил хийж байгаа юм.

Сүүлийн жилүүдэд шинээр илэрч буй төмрийн хүдрийн нөөц аажим буурч буй. 2015 онд 202.5 сая тонн нөөц шинээр бүртгэсэн бол 2016 онд энэ тоо 17.8 болж хэд дахин багасчээ. Гэхдээ төмрийн хүдрийн хайгуул ийнхүү буурсан нь манай улсын эдийн засагт хэтдээ эерэг нөлөөтэй гэж зарим судлаачид үзэж буй. Учир нь манай оронд энэ саарал эрдсийн нөөц тун бага. Хэрэв гадагш түүхийгээр нь хямд үнээр гаргасаар байвал бидэнд ашиггүй хэмээн үзэж буй. Нөгөөтэйгүүр ирээдүйд энэ төрлийн түүхий эд хомсодсон үед бүтээн байгуулалт хийхдээ өндөр үнэ төлөх магадлалтай. Учир нь гаднаас импортлоход хоёр хөршийн экспортын хориг, саадтай тулгарч болзошгүй гэж үздэг. Хятад, Энэтхэг, Вьетнам, Аргентин, Индонез, Малайз зэрэг орон үүнийг бодолцон, дотоодын үйлдвэрүүдэд төмрийн их хэмжээний нөөцтэй болох хүртлээ саарал эрдсийн экспортод тодорхой хэмжээний хязгаар тавьдаг юм байна.


САНАЛ БОЛГОХ