Бичил уурхайчид тогтвортой ажлын байр хүсэж байна

Уул уурхай


Ядуурлыг бууруулбал бичил уурхайчдын тоо багасна


“Нинжа” буюу хууль бусаар ашигт малтмал олборлогчид манай нийгмийн бараан үзэг­ дэл болсон нь эдийн засгийн үзүүлэлтүүд унаж, ядуурал газар авсан 2000-аад оноос эхтэй. Эдийн засгийн өсөлт дөнгөж нэг гаруй хувьтай, зун нь гантай, өвөл нь зудтай байсан энэ үеэс амьжиргаагаа залгуулах гэсэн иргэд олноороо ашигт малтмалыг хууль бусаар олборлож эхэлсэн. Малаа зудад алдсан орон нутгийн иргэдээс гадна нийс­ лэлийн ажилгүйчүүд амьдралаа өөд татах хүсэл тээн алт, нүүрс, жонш, гянтболд болон бусад эрдсээр баялаг нутгууд руу цувсан. “Нинжа” нар цугласан газарт байгаль сүйдэж, орон нутгийн иргэдийн тайван байдал алдагддаг. Тэд өөрсдөө ч олзны төлөө хүнд нөхцөлд ажилласнаар эрүүл мэнд нь мууддаг. Тэгвэл өнгөрсөн 20 орчим жил нийгэмд адлагдаж ирсэн эдгээр иргэдийн амьдрал сайжрав уу. Гар аргаар ашигт малтмал олборлодог иргэдийн тоо өс­ сөнөөс үүдсэн замбараагүй байдлыг цэгцлэхийн тулд 2010 оноос бичил уурхай эрхлэгчдэд зориулсан хууль, эрх зүйн орчин бий болгосон. Нэгдсэн зохион байгуулалтад орж, нөхөрлөл, холбоо, хоршоолол байгуулан хуулийн дагуу ажиллаж байгаа иргэдийг бичил уурхайчид хэмээн нэрлэж, төрийн бодлогоор дэмжиж байгаа. Мөнгөн ус зэрэг эрүүл мэндэд хортой химийн бодис ашиглахыг хориглож, байгальд ээлтэй аргуудыг сурталчлах зэрэг цөөнгүй төсөл хэрэгжсэний үр дүнд бичил уурхайчдын нөхцөл байдал сайжирсан гэж болно. Уул уурхайн олборлолт огцом сэргэсэн 2012 онд 14 мянган бичил уурхай эрхлэгч байсан.

Гэхдээ энэ тоонд хууль бус үйл ажиллагаа явуулдаг “нинжа” нар багтахгүй. Эдгээр иргэдийг хувиараа ашигт малтмал олборлогч буюу ХАМО иргэд гэж нэрлэх болсон. Одоогоор хэчнээн ХАМО иргэд байгаа талаар нэгдсэн дүн алга. Швейцарын хөгжлийн агентлагийн судалгаанаас харахад бичил уурхайчдын тоо 2015 онд гурван жилийн өмнөхөөс хоёр дахин буурч, 6600 гаруйд хүрсэн байдаг. Энэ нь эдийн засаг сайжирч, ажлын байр нэмэгдсэнтэй холбоотой. Харин өнгөрсөн сард танилцуулсан ээлжит судалгаанд 6948 иргэн бичил уурхай эрхэлж байгаа бол 2648 иргэн худалдан авах, тээвэрлэх үйл ажиллагаанд оролцож байгааг дурджээ. Энэхүү судалгааг 2016 оны мэдээлэлд үндэслэсэн байна.

Үүнээс харахад 2015-2016 онд бичил уурхайн олборлогчдын тоонд дорвитой өөрчлөлт гарсангүй. Гэхдээ энэ нь тогтмол ажлын байр биш учраас зарим нь өөр ажлын байр руу шилжихэд зарим нь бичил уурхайчдын эгнээнд шинээр нэгдэж байдаг. Өнгөрсөн жилүүдэд бичил уурхайн салбарт гарсан нэг амжилт нь иргэдийг өөр ажлын байр руу шилжүүлэх төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлсэн явдал. “Швейцарын хөгжлийн агентлаг”-ийн “Тогтвортой бичил уурхай” төслийн үр дүнд цөөнгүй иргэн уурхайн хүнд ажлаас холдож, тогтмол ажлын байртай болжээ. Монгол бичил уурхайчдын нэгдсэн дээвэр холбооны сургалт, хөгжлийн менежер Р.Түмэндэмбэрэл “Бичил уурхайчид зуны хэдэн сард л ажилтай байдаг. Тиймээс бусад үед амьжиргаагаа хэрхэн залгуулах вэ гэсэн хүндрэлтэй тулгардаг. Тиймээс ажилтай байгаа үедээ олсон орлогоороо дундын хуримтлал үүсгэж, үүгээрээ бусад үед жижиг, дунд бизнес эрхлэх боломжтой. Өнгөрсөн онд манай холбоо жижиг, дунд бизнесийн төсөл бичих 16 удаагийн сургалтад 240 гаруй иргэн хамруулсан. Сургалтын үр дүнд найман төсөл банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч, бизнес эрхлэгчид болсон” гэв. Түүнчлэн гаднын төсөл, хөтөлбөрийн хүрээнд 2017 онд 85 хүнийг сургалтад хамруулж, 25 хүнд бичил үйлдвэрлэл эрхлэх хэмжээний зээл олгожээ. 


• Бичил уурхай эрлэгчдийг өөр ажлын байр руу шилжүүлэх төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлсэн нь том амжилт.
• 2012 онд гар аргаар олборлогчид 8319.2 га-г ашиглаж байсан бол 2016 онд 3701.7 га болж талбайн хэмжээ нь хумигджээ.
• Бичил уурхай эрхлэгчид 2016 онд 350 сая төгрөг татварт төлжээ.


Дээр дурдсанчлан эдгээр иргэдийн бичил уурхай эрхлэх болсон гол шалтгаан нь ажлын байр, орлого. 2012 оны судалгаагаар бичил уурхайчдын 51.6 хувь нь байнгын ажлын байр олдоогүй, 32.4 хувь нь нэмэлт орлого олох зорилготой, 12 хувь нь малгүй болсон учраас ийм ажил хийх болсныг дурдсан. Харин сүүлийн судалгаагаар байнгын ажлын байргүй иргэд 40.2 хувьтай байгаа бол, нэмэлт орлого олох зорилготой нь 36.8 хувь болжээ. Мөн малгүй болсон гэсэн шалтгаан 6.9 хувь болж буурсан байна. Гэхдээ өнгөрсөн 20 гаруй жилд гар аргаар ашигт малтмал олборлогчдын амьдралд гарсан гол өөрчлөлт бол ихэнх нь нэгдсэн зохион байгуулалтад орж, хуулийн дагуу ажиллах болсон явдал. 2012 онд 8319.2 гаг ашиглаж байсан бол 2016 онд 3701.7 га болж талбайн хэмжээ нь хумигджээ. Мөн олборлолт явуулсны улмаас эвдрэлд орсон талбай энэ хугацаанд 5000 гаруй га-гаар буурав. Бичил уурхайчид 2012 онд улсад 196 сая төгрөгийн татвар төлсөн бол 2016 онд 350 сая төгрөг болж нэмэгджээ. Мөн бичил уурхайн үйл ажиллагаанд 928 хүүхэд оролцож байсан нь дөрвөн жилийн дотор 188 болж багассан нь сайн мэдээ. Гэвч бичил уурхайчдыг байнгын ажлын байртай болгох ажил тийм ч эрчимтэй урагшлахгүй байна. Орон нутгийн захиргаанаас олборлолт явуулах газрын зөвшөөрөл авахад хүндрэлтэй байгаа. Зөвшөөрөлтэй болохыг хүлээх хоорондоо зарим нь хууль бусаар олборлох буруу зам руу буцах нь олон. Тиймээс эдгээр иргэдийг буцаад “нинжа” болгохгүйн тулд тогтмол орлоготой байх нөхцөлийг нь хангахад анхаарах шаардлагатай байна.






САНАЛ БОЛГОХ