Автомашины дотоодод үйлдвэрлэсэн хучлага 110-180 мянга, импортынх 150-300 мянган төгрөг байна

Мэдээ

Автомашины дулаан хучлага үйлдвэрлэдэг, импортолдог аж ахуйн нэгжүүдийн тоо сүүлийн жилд 17-оор нэмэгдэж, 120 хүрсэн байна. Эдгээрийн 40 орчим хувь нь импортын хучлага худалдаалдаг бол 60 хувь нь дотоодын үйлдвэрлэгчид байгаа ажээ. Импортын хучлага 150-300 мянган төгрөгийн хооронд үнэтэй байна. Тухайлбал, "BJH" компани энгийн, смарт, халдаг нано гэсэн гурван төрлийн авто хучлага оруулж ирдэг. Энэ онд нийт 180 орчим авто хучлага худалдаалсан байна. Смарт буюу алсаас удирдаж машинаа халаах дулаалга 300 мянган төгрөгийн үнэтэй. Энэ нь зах зээлд одоогоор хамгийн үнэтэй хучлага аж. Гаалийн ерөнхий газрын мэдээллээр энэ онд импортоор 1000 гаруй автомашины хучлага оруулж иржээ.

Харин дотоодод үйлдвэрлэдэг хучлагууд 110-180 мянган төгрөгийн үнэтэй байна. Ялангуяа "Prius" автомашины хучлага хамгийн эрэлттэй байдаг талаар "UBX" компани мэдээллээ. Тус компани сүүлийн хоёр сард 100 гаруй хучлага борлуулжээ. Түүнчлэн "Монгол Бэмбээ" компани автомашины дулаалгын бүтээгдэхүүнийг олон төрлөөр үйлдвэрлэж байна. Өнгөрсөн онд 26 сая гаруй төгрөгийн борлуулалт хийсэн тус компани 2017 онд борлуулалтаа 20-иос дээш хувиар өснө гэж тооцоолж байгаа ажээ.




САНАЛ БОЛГОХ