Гэр хорооллын өрхийн 15 хувь цахилгаан халаагуурт шилжжээ
Мэдээ
Гэр хорооллын цахилгааны шөнийн хэрэглээг 100 хувь хөнгөлснөөс хойш эрчим хүчний шөнийн ачаалал 17 хувиар өсөж, гэр хорооллын нийт өрхийн 15 хувь нь цахилгаан халаагуур хэрэглэдэг болжээ. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт тусгасан арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд өнгөрсөн хугацаанд шинээр 6363 айлыг эрчим хүчний эх үүсвэрт холбож, 63 дэд станц байгуулаад буй аж. Харин түүхий нүүрсний хэрэглээ 59 мянган тонноор багассан хэмээн БОАЖЯ-ны мэргэжилтэн А.Цээпил мэдээллээ. Энэ жилийн хувьд зорилтот 1600 өрхийг сайжруулсан түлш, 390 айлыг цахилгаан халаагуураар хангах юм байна.
Мөн 7344 иргэн гэр хорооллоос орон сууцанд шилжихэд зориулж 440 тэрбум төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэжээ. Харин нийслэлийн хэмжээнд 79 цэцэрлэг, 21 сургуулийн 1-2 дугаар анги, 11 эмнэлгийн хүүхдийн тасгуудад нийт 1300 агаар шүүгч олгоход нэг тэрбум төгрөг зарцуулаад байна. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хийсэн судалгаагаар гэр хороолол дундах дунд сургуулийн дотоод орчин дох PM 2.5 тоосонцрын хэмжээ хотын төвийн сургуулийнхаас 4-5 дахин их байдаг аж. Агаарын бохирдлыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд 15 төрлийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай Засгийн газрын 2017 оны 209 дүгээр тогтоолыг мөрдөж ажиллаж байгаа гэдгээ албаныхан хэвлэлийнхэнтэй уулзах үеэрээ онцолсон юм.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй