Өөр гарагуудын ул мөр дэлхийгээс олдлоо

Мэдээ


Дөнгөж төрсөн дэлхий сарны эх Тейя гарагтай мөргөлдөх үедээ өөр гарагуудын хэд хэдэн үр хөврөл залгисны ул мөрийг Гренландын хөрснөөс оллоо гэж Nature Geoscience сэтгүүлд бичжээ. АНУ-ын Боудер дэх Баруун өмнөдийн судалгааны хүрээлэнгийн ажилтан Саймон Марчи “Бид дөнгөж мэндэлсэн дэлхий бусад тэнгэрийн эрхэстэй мөргөлдөж, тэдгээрийн металл болон цахиур манай гарагийн бодостой хэрхэн холилдсоныг үзүүлэх компьютерийн загвар бүтээсэн. Энэ тооцооноос харахад дэлхийн гүнд бидний тооцсоноо схавьгүй олон ийм төрлийн бодис байгаа. Энэ нөхцөл дэлхийн хувьслын түүхийг ихээхэн өөрчилнө” хэмээн ярив.

САРНЫ ОНЬСОГО

Тейя хэмээх гарагтай төстэй биет дэлхийн үр хөврөлтэй мөргөлдсөний үр дүнд сар үүссэн гэж сүүлийн 30 жилийн турш үздэг байв. Уг мөргөлдөөний үеэр Тейя болон дэлхийн анхны хэлбэрээс сансарт матери цацагдаж, тэдгээр нь сарыг үүсгэжээ. Дэлхий тэнгэрийн том эрхэстэй мөргөлдсөн гэдэг онол сарны масс бага төмөр агуулдаг гэх мэт бусад хүчин зүйлийг сайн тайлбарладаг. Гэтэл ийм мөргөлдөөний үед сарыг бүрдүүлдэг материалын үлэмж хэсэг нь Тейя хэмээх нууцлаг гарагаас ирсэн байх ёстой. Сар дэлхийгээс хөрсний найрлагын хувьд өөр буюу нарны аймгийн олонх эрхэсийнхтэй төстэй байх ёстой. Гэвч үнэн хэрэгтээ сар ба дэлхийн найрлага маш адил агаад олон металл болон бусад элементийн изотопын хэмжээ ижил байдаг.

Дээрх онолд давуу тал бий боловч хэд хэдэн ноцтой дутагдал оршдог. Тухайлбал, Тейя дэлхий хоёр мөргөлдөж, ирээдүйн сарны матери цацагдах мөчид усны бүх нөөц нь ууршсан байх ёстой. Зургаан жилийн өмнө Аполлон-15, Аполлон-17 сансрын хөлгөөр газарт авч ирсэн сарны хөрсний дээжийг судалж үзээд усны агууламж дээрх онолоор тооцсоноос хэдэн зуу дахин их байгааг илрүүлсэн тул сансар судлаачид эргэлзэж эхэлжээ. Зарим эрдэмтэн НАСА- гийн сансрын нисэгчид усны гаж үзэгдэлтэй тулгарсан байх гэж таамагласан боловч ийм зүйл саран дээр байх боломж бага. Марчи болон түүний багийнхан дэлхий зөвхөн Тейятай бус өөр олон гарагийн үр хөврөлтэй мөргөлдөж, тэдгээрийн материйн хэсэг газрын гүнд нуугдаж буй гэж үзсэн байна.

САНСРЫН “ЗООГИЙН” УЛ МӨР

Эрдэмтэд ийм дүгнэлт гаргахдаа дөнгөж үүссэн нарны аймаг, түүн дотор оршдог нар, сар болон олон жижиг эрхэс, гарагуудын үр хөврөлүүд үе үе манай гараг болон бусад эрхэстэй хэрхэн мөргөлдөж буй компьютер загварыг бүтээсэн байна. Тэдний үзэж буйгаар манай дэлхий хэд хэд, магадгүй хэдэн зуун удаа мөргөлдсөн байж болно. Гарагийн үр хөврөлийн матери сансарт уурших буюу дэлхийтэй мөргөлдөх үед дэгдэн алга болсон байх магадлалтай. Иймээс манай гарагийн массын дөнгөж 0.5 хувь нь харь гарагийн материэс бүрддэг гэж үздэг байна. Гэхдээ Марчи нарын тооцоолсноор тийм биш гэнэ.

Хэрэв дээрх гарагуудын үр хөврөлийн диаметр 1500 км орчим хангалттай том бол газрын гүн дэх чулуулгийн 2.5-3 хувь нь өөр гарагт бүрдсэн байх ёстой аж. Эдгээрийн ул мөрийг хэрхэн олох вэ? Геологичдын ярьснаар дээрх мөргөлдөөнүүдийн хүч нь дэлхийн царцдас хайлж, харь биетүүдтэй холилдоход хангалттай биш боловч газрын хөрс рүү нэлээд гүнд нэвтрэх боломжтой байжээ. Иймээс газрын гадаргуу дээр янз бүрийн металлуудын өөр өөр изотоп, цахиурын онцгой төрөл илэрдэг агаад тэдгээр нь дэлхийн өөр хаана ч байдаггүй байна. Марчийн багийн тооцоогоор ийм онцгой төрлийн чулуулаг Гренландын нутагт ногоон чулууны бүс хэмээх газарт байдаг аж. Эндээс дэлхийн хаана ч байхгүй хэт өндөр вольфрам-182 агууламжтай, онцгой бүтэцтэй коматитийн чулуулгийн орд байдаг гэж судлаачид ярьсан байна. Тэдгээрийг судлах нь манай гараг хэр олон гараг “зооглосон” болон анхандаа ямар харагдаж байсныг ойлгоход тусална гэж ноён Марчи өгүүллээ.




САНАЛ БОЛГОХ