Малчдын 18 орчим хувь нь давхар даатгалд хамрагдсан
“Хөдөө аж ахуйн давхар даатгал” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Г.Энхтайванаас малын болон газар тариалангийн давхар даатгалын талаар тодрууллаа.
-Малын индексжүүлсэн даатгалд хэчнээн өрх хамрагдаад байна вэ?
-Энэ оны хоёрдугаар сараас зургадугаар сар хүртэл малын индексжүүлсэн даатгалыг хийсэн. Одоогоор 26500 гаруй малчин буюу нийт малчин өрхийн 18 орчим хувь нь хамрагдаад байна. Цаг уурын эрсдэлтэй, зуд их болдог Алтайн нурууны цаад хэсгийн малчид малаа илүү даатгуулж байгаа. Харин Дархан, Сэлэнгэ, Төв зэрэг газар тариалангийн бүсэд энэ хэмжээ харьцангуй бага байна. Энэ онд даатгалд хамрагдсан малчдын тоо өнгөрсөн оноос 22.4 хувиар өссөн.
-Даатгалд цаг агаарын төлөв, эрсдэлийг хэрхэн тооцдог вэ?
-Манай компани олон улсын давхар даатгалын компаниудтай хамтарч ажилладаг. Дэлхийн байгаль цаг уурын байгууллагаас тухайн бүсийн цаг уурын мэдээллийг урьдчилж аваад тооцоолол хийсний үндсэн дээр манайд үнийн санал ирүүлдэг. Энэ жил тооцоолсноос илүү өнтэй өвөл болох төлөвтэй байна. -Малын гоц халдварт өвчний эрсдэл энэ даатгалд багтаж байгаа юу? -Малчдын хувьд шүлхий, мялзан, боом зэрэг малын халдварт өвчин хамгийн ноцтой эрсдэл болдог. Хэдийгээр малын индексжүүлсэн даатгалд бүх эрсдэлийг багтаадаг ч мал нь тухайн сумын хорогдлын хэмжээнд хүрсэн тохиолдолд өрхөд нөхөн төлбөр олгож байгаа. 2015 онд Сүхбаатар аймагт шүлхий өвчин гарахад дөрвөн суманд 60 гаруй сая төгрөг олгосон.
-Малчид ихэвчлэн ямар мал даатгуулдаг вэ?
-Бод мал зуд, турханд илүү тэсвэртэй. Харин бог мал халдварт өвчинд өртөмтгий зэргээс шалтгаалаад хонь, ямааг ихэвчлэн даатгуулдаг. Даатгалын бүтцийг авч үзвэл хамгийн их буюу 61 хувийг ямаа эзэлж байна. Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Увс аймагт Монгол орны ямаан сүргийн олонх нь байдаг учраас эдгээр аймгийн малчид түлхүү даатгуулдаг.
-Давхар даатгалыг иргэдэд хэрхэн хүргэж байна вэ. Хураамж нь ямар хэмжээтэй вэ?
-Бид Хаан болон Төрийн банкны орон нутаг дахь салбаруудтай хамтран ажиллаж байгаа. Малчид энэ даатгалд хамрагдсанаар арилжааны банкнаас зээл авахдаа 0.2 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой. Малын индексжүүлсэн даатгалын хувь тухайн бүс нутгийн байгаль, цаг уурын онцлогоос хамаараад 4-6 хувтай байгаа. Олон малчин даатгуулах тусам нэг малчны төлөх даатгалын хураамж багасна. Өөрөөр хэлбэл, малчид олон жил дараалан даатгуулах тусам хураамж нь багасна гэсэн үг.
-Газар тариалангийн бүсэд давхар даатгал хэрхэн хэрэгжиж байна вэ?
-Монгол орны уур амьсгалын онцлогоос шалтгаалаад газар тариалангийн даатгал маш эрсдэлтэйд тооцогддог. Манай компани тариалангийн даатгал хэрэгжүүлээд хоёр жилийн нүүр үзэж байна. Энэ жил ХХААХҮЯ-наас үрийн тариалалтын тусгай эрх авсан долоон компани манайд даатгуулсан. Үүнээс дөрвөн компанид нийт 230 гаруй сая төгрөгийн нөхөн олговор олгоод байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй