Атаархaл гэx нэгэн лут хөшүүрэг
Судлаачийн үг
“Атаархал, ардчилал, авлига, мөнгө” гэх дөрвөлжингийн харьцаа
Монголчууд бид хөгжлийн арслан загвараа олж, тогтоож чадахгүй 28 дахь жилдээ шилжилтээ (арай уруудалт биш) хийж яваагийн нийгэм-сэтгэхүйн шалтгааныг зориглон хөндөж байгааг уншигч та тэвчээртэй хүлээн авна уу. “Тэвчээртэй” гэсэн нь тэвчээр зааж дуустал уншаад, эргээд нэг бодоо ч, хоёр дахиа бодоо ч гэсэн гуйлт юм шүү. Монголчуудын хувьд сэтгэхүй талаасаа бусад улс үндэстнээс ялгарах хэд хэдэн онцлогтой. Эв түнжингүй, ажил бүтээхээсээ хэдэн биенээ хэмлэх нь илүүтэй, асар их үнэ өртгөөр ажлаа бүтээдэг, сайн яваа нэгнээ араас нь чангаадаг, залуу хүн амжилт гаргахыг хүлээн зөвшөөрч чаддаггүй, жалга довны үзэл (нутгийн зөвлөлүүд ярайтлаа байж байна), гутранги үзэл, мухар сүсэг нь XXI зууны хөгжлийн эринд илт гологдсон гээд бичвэл мөн ч их юм байна. Асар их үнэ өртөг гэж би юу хэлэв гэхээр муудалцах, сайдах, хэрээсээ хэтэртэл хардах, үл итгэх, эс хүлээн зөвшөөрөх, тэгж тэгж зөвшөөрөх, сохроор шүтэх гэх мэт жагсааж болно. Олон улсын харилцаанд тэнцвэржүүлэх, тэнцвэр барих гэсэн нэгэн ойлголт бий. Hard Balancing гэвэл сөрж тэнцвэржүүлэх, Soft Balancing гэвэл зөөлөн тэнцвэржүүлэх гэсэн утгыг илтгэнэ.
Олон улсын харилцааг хүн хоорондын харилцаанд багасган авч үзвэл, монголчууд өвөр хоорондоо дандаа сөрж тэнцвэржүүлэх зарчмаар харилцаж ирсэн байдаг. Нүүдэлчний гэх өвөөс үлдсэн нь тэр юм болов уу. Эвлэрч, гар нийлж, нэг баг болж аж төрж амьдрахаасаа илүүтэй салж нүүх, бүтэн жилээр харьцахгүй байх, нүүр буруулах нь хавьгүй амар, ядаж сэтгэл өвдөхгүй. Сөрж тэнцвэржүүлэх сэтгэхүйн нэгэн шалгуур болох “Монголчуудын атаархал” гэдгийг яг энэ дэвсгэр дээрээс яг сэтгэхүйн талаас нь авч үзье. Атаархал гэдэг нь миний олон жилийн ажиглалтаар бол ямар нэгэн амжилтын үндэс, ямар нэгэн хөгжлийн хөдөлгүүр байж ирсэн, байсаар ч байгаа мэт. Атаархлын хүчээр дэвжээд дээшлээд гардаггүй юмаа гэхэд ядаж ойролцоо зиндаанд уяад байх нь нэг талаар бас дэвшил ч юм шиг. Хүн гээч энэ бодгаль амьтанд баяслын цэг гээч юм бор тархиных нь хаа нэгтээ байрлах ажээ.
Тэгвэл атаархал нь олон монгол хүний хувьд баяслын цэгт хүрэх гол лугшилт юм болов уу хэмээн би үздэг. Атаархаж цаад нөхрөө баллаж доройтуулж явах нь баясал таашаал авах гол арга зам нь. Хэрэв өөрөө оролцоогүй байтал цаад нөхөр аяндаа баларч доройтвол шүлсдэх нь энүүхэнд. Үхсэн хойно нь “болж” гэх нь ч бас түгээмэл. Нэгэнтээ атаач нийгмийг хөндөж буй тул тэр атаархлыг нь олон төрлөөр ангилж болмоор. Юунд нь атаархах билээ гэх боловч мөнгө, үнэ цэнэтэй эд хөрөнгө, гоё эхнэр нөхөрт, сайн яваа хүүхдэд, эрүүл саруул бие бялдарт болон сайхан гэр бүлд нь гээд жирийлгэж өгнө. Олон төрлийн атаархал дотроос оюун санааны атаархал гэж хамгийн оргил нь буюу хамгийн хонзонтой, зуумтгай, салж өгдөггүй онцгой атаархал буй. Бусдыг нь бол гүйцээчхэж болно. Биеэ эмнүүлчихнэ, сайхан эхнэр, нөхөр авчихна, мөнгөтэй болчихно, эд хөрөнгөтэй болчихно.
Гэтэл тархи руу ордгийг нь зөвхөн өөрийнх нь ухаан, авьяас, хөдөлмөр, IQ тодорхойлдог тул тэр атаархлыг ёстой яаж ч хүчрэхгүй. Сайт дахь энэ их комментуудын ихэнх нь хар энерги дагуулсан хараал заналхийлэл байдаг нь оюун санааны атаархлын илэрхийлэл шүү дээ. Цаад нөхөр өөрөөс нь илүү ихийг мэдэж, илүү сэтгэж, оюунаараа илүү үнэлэгдэж байгаад нь боож үхэж байгаа нь тэр. Нэг үгээр бол соёлын ба оюуны их ялгаа нь атаархлын үүдийг нээж байна. Ерөнхийлөгч асан Н.Багабанди гуайн мэргэн үгийг сануулмаар санагдлаа. Үүнд “Хүн мөсийг дордуулагч хорлолууд цөөнгүй бий. Тэрхүү хорыг хүн өөрөө ялгаруулдаг юм. Хүн мөсийг муутгадаг нэг хорлолт үйл нь атаархал. Атаархлыг өдөөгч нь хүн бүрт цаанаасаа заяасан байгаа. Хааяа чиний атаархах сэтгэл хөдөлж магад. Атаархал хар, цагаан хоёр өнгийн будагтай. Хараар атаархагч хүн хамгийн хар зовлонгоор шаналдаг” гэжээ. Харин атаархал нь тэвчээрийнхээ хилийг давчихсан үед цаад нөхрөө баллах гээд гэмт хэрэг үйлдэх хэмжээнд очиж болохыг айхтар санууштай. Өөдтэй өнгөтэй, мөнгөтэй, ажил амьдрал нь хослон гялалзаж яваа бол тэр хүнд дайсан захаас аван мундахгүй. Бүр ам бүл дотроос нь хүртэл дайсан гараад ирдэг гээч. “Чи ч бүү сайн яв, би бас сайн явахаа байя” гэдэг тамын тогооны үлгэрээр атаархал гээч энэ гамшиг Монголын нийгмийг ямагт хэврэгшүүлж иржээ. Түүхнээ Монголын эзэнт гүрэн нурж унатлаа атаархалцаж явсан ба төрсөн ахан дүүс Аригбөх, Хубилай нарын алдарт тулаанууд байна. Бага хаадын тэмцлийн зовлон, адаг сүүлд нь Бээжинд очиж, Манжийн хаанд хэдэн биенээ ховлож отго жинс, хэргэм зэргээр шагнуулж явсан халхын ноёдын түүх. Саяхны жишээ, ХХ зууны их хэлмэгдүүлэлт бол атаархлаас улбаатай, тэр аллагаас баясал таашаалыг хэсэг хүн авч байсных биз.
Ерөөсөө атаархлаас болж манайд бүх юм хоёр салдаг
1964 оны намын эсрэг бүлгийн хэрэг нь сэдэл, шийдэл, уршиг талаасаа мөн л атаархлын их далайд Монголын элитүүд хөвж явсных. Сайхан эхнэртэй ханилсандаа удирдагчдаа зуугдаж, улс төрийн золиос болсон жишээ Н.Лхамсүрэн гэгч сэхээтний аминд нь хүрэх дөхсөн. 1982 оны “Сайд нарын зудын жил”, ноён оргил нь болсон Б.Ширэндэвийг шившиглэх ажлыг ШУА- ийн эрдэмтдээр хийлгүүлсэн кампанит ажил байна. Ж.Авхиаг арми даяар шившиглэсэн хэрэг бас тэр жилийнх. С.Жалан- Аажавыг өндийхүй болгож, нутаг зааж цөлсөн, голомтыг нь самарсан хэрэг гэхчлэн зөвхөн атаархлаар нөхцөлдсөн хэргүүдийн жагсаалт өмнөх нийгмийн үед хөвөрч өгнө дөө. Дарангуйлагч, тоталитари нийгэмд л атаархал үүрлэдэг үү. Гэтэл бас тийм биш юм. Чухам атаархагч монголчуудад 1990 оны ардчилал заяаж, “Атаархал, ардчилал, авлига, мөнгө” гэсэн дөрвөлжингийн харьцаан дунд Монгол орон 28 дахь жилээ үдэж байна. Турж үхэх гэж буй хүнд гэнэт их хоол өгвөл цаад нөхөр нь шууд л үхнэ шүү дээ.
Тэрчлэнгээр атаархлаа цэгцлээгүй, заяанаасаа уран сайхны их сэтгэлгээтэй, савалгаанаасаа салаагүй явсан монголчуудад гэнэт их эрх чөлөө, ардчилал, боломж заяаж, түүнд ихэнх нь бүдэрч ойчсон дүр зураг бол Монголын нийтлэг тэр дүр төрх юм. Эргээд энэ 28 жилийн ажлын үр дүнг нэг харцгаая. Юуны төлөө тэмцэн байж энэ их боломжид хүрсэн билээ. Ердөө л атаархахын төлөө юү, эсвэл ядуурахын төлөө юү. Орчин цагийн монгол атаархлыг миний сэтгүүлч найз Д.Болдхуяг “Хоёргүй хоёр сэтгэл” нийтлэлдээ ёстой нүдэнд харагдтал егөөдөн бичсэн нь бий. Монголд бүх юм хоёр. Аваргууд хүртэл хоёр хоёроороо гарч ирнэ. Хоёр Мөнх, хоёр Эрдэнэ гэх мэт. Ардчилсан нам хоёр дарга, хоёр тамгатай болсны эцэст хоёр тусдаа нам болж салсан. Нэг бол хоёр, бол бас нэг гэсэн ийм монгол онцлог төрийн эрх мэдлийн хуваарилалтад ч тусгалаа олсон юм. Намын дарга бөгөөд Ерөнхий сайд, Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Засаг дарга, УИХ-ын гишүүн мөртөө сайд гэх мэт хоёр ажилтай хүн хоёр цалин, хоёр эрх мэдэлтэйгээр хоёр тийшээ ажиллаж байна. Өөрөө хууль баталж, өөрөө гүйцэтгэх, өөртөө асуулга тавьж, өөртөө буцаагаад хариулт өгөх, чуулганы танхимд өөртэйгөө мэтгэлцэх эрх мэдлийн өвөрмөц хуваарилалт юм.
УИХ-ын гишүүд тус бүрийн хоёр хоёр ажил үүргээ “Төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх” гэж томьёолно. Төрийн хууль ч бас хоёр. Нэг хууль засваргүй, засвартай гэсэн хоёр хувилбартай. Хошой баатар Хорлоогийн Чойбалсан, төрийн хошой шагналт зохиолчдын алдар суу хоёр нийгэм дамжин хоёр зууныг туулж байна. Хоёр бол нэг гэсэн үг. Нэг бол үнэндээ хоёр. АПУ-гаас гарагсад САПУ-д очно. Нэр мундахгүй боловч хоёр хоёроороо нэг нэгнээ чангаах моод сонины салбарт ч түгээмэл. “Сэрүүлэг” ба “Эргүүлэг” шүүхдэлцэж байв. “Хүмүүс” сонинтой ижилсэх “Тэнгэрлэг хүмүүс” хэсэг хэвлэгдэж байсан. “Хань” сонины төөрүүлсэн “Хуучин хань”, “Шинэ хань”, ”Ханийн шуудан”, эсвэл “Хонь” гэдэг ч сонин гарч мэднэ. “Хаан бууз” ба “Хатан бууз” гэсэн хослол бас байна. “Миний дэлгүүр” сүлжээ олон хэрэглэгчтэй, сайн менемженттэй байгааг харж дууриахдаа зөвхөн нэрийг нь авсан “Чиний дэлгүүр" гэж нэг биш нээгдсэн бөгөөд худалдан авагчид “Чинийх” гэсэн юм чинь “Миний дэлгүүрийнх байх " гэж андуурснаар үнэгүй тамхи авах, өгөхгүй бол чүдэнзтэй жагсаал хийж, тэмцлийн хурц хэлбэрт шууд шилжих дөхөх гэх мэт үйл явдал өрнөсөөр байна гэж тэрбээр бичсэн. Энэ нийтлэлээс нэг дүгнэлт хийж болно. Ерөөсөө атаархлаас болж манайд бүх юм хоёр салдаг гэсэн санаа. МАН ба МАХН, 2017 оны МАН-ын даргын төлөөх тэмцэл, Бага болон Их хурал, МАХН хоёр даргатай болсон түүх гэх мэт. Цагаан сарын өмнө зурхайчид, лам нар хоёр хуваагдаж Шинийн нэгнийг будлиулдаг, ШУА, Үндэсний ШУА гэдэг хоёр академи баахан хүнд цол өгсөн гэх мэт хөгийн түүх санаанаас арилаагүй. Эргэж дүгнэвэл, 1990 оны ардчилал эхлэхээсээ л эвсэлдүүлэх бус талцуулж үзэлцүүлэх монгол араншингаар (сөрж тэнцвэржүүлэх) явсан тул өнгөрсөн 28 жил биднийг эвдрэл талцал, ганцаарчилсан тоглолт, дүрэмгүй улстөржилт сүүдэр шиг дагалдаж ирсэн. Энэ нь тунгаасаа хэтэрвэл төр улсын сулрал, нийгмийн хэврэгшил хэзээ мөдгүй тулчхаад байх магадлалтай. Эрх чөлөө, сонгох сонгогдох ардчиллын зарчим байна гээд түүнийг муу муухай юмны гол түлхүүр болгож болохгүй. Намын хатуу гишүүнчлэл, нам гэгчийг эрх зүйт төрийн төвд тавьдгийн гай, мөн монгол хүний атаархал, сөрж тэнцвэржүүлэх араншин, хорсол бухимдал нэмэгдээд улс төрийн намуудыг тойрсон хөгийн марзан монгол жүжиг үргэлжилж байна. Болж өнгөрсөн УИХ-ын сонгуулиудыг ажаад байхад тухайн үедээ ингэж их үхэлдэх, иргэний дайны уур амьсгал дунд, хэдхэн биенээ үзэн ядаж зүхэж байж парламентаа сонгох хэрэг байж уу гэж асуумаар үе бишгүй тохиолдож байв. Өнгөрсөн зуны Ерөнхийлөгчийн сонгуулийн уур амьсгал бол тэр чигтээ сөрж тэнцвэржүүлэх монгол араншингийн сонгодог жишээ биш гэж үү. УИХ-ын удаа дараагийн сонгууль ба Сонгуулийн тухай хууль Монголын нийгмийг чухам хэврэгшүүлж дөнгөж байх шиг санагддаг. Атаа жөтөө, эрх чөлөө, мөнгө хосолсон сонгуулиудад ард түмэн, төрийн машин өөрөө чирэгдэн сөхөрч, гадаад дахь түншүүд маань бүрэн залхжээ.
“Эрх чөлөө хэрэггүй хүндээ бүр хэрэггүй, хэрэгтэй хүндээ нэн хэрэгтэй” гэсэн мэргэн үгийг хэн хэлсэн нь бүү мэд, одоогийн монголчуудад яг тохирмоор үг санж. Нэгэнт л монголчууд бид зохион байгуулагдах чадваргүй, үүнээсээ болж хөгжин дэвжихгүй юм бол атаархал, эрх чөлөөний хослол дээрх ардчиллаар юу хийх вэ. Эрх чөлөө тань Та бидэнд аз жаргал, сайн сайхныг авчрахгүй бол түүнийг эдлээд яах вэ. Эрх чөлөө ардчиллын тунг хэтрүүлэх буюу мэдэхгүйдээ гуйвуулбал ядуурал, гэмт хэргийн ёроолгүй ангал руу эрчээрээ гулсаж болдгийн сонгодог биш гэлээ гэхэд наад захын жишээ нь өнөөгийн Монгол болж байна. Ардчилал нь атаархалтайгаа хослон, эрх чөлөөг хязгааргүй тавивал нийгмээ хэврэгшүүлсэн сонгодог жишээ болж үлдэх вий гэвэл илүү бодитой дүгнэлт тэр болох байх шүү. Сөрж тэнцвэржүүлэх монгол араншингаа зөөлөн тэнцвэржүүлэх эв дүйгээр солих цаг ирэх үү. Бид үзэх үү.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй