Ой хэмээн тэмдэглэгдэх “12 дyгаар сарын 29”

Судлаачийн үг


Монголчууд бид жил бүрийн долдугаар сарын 11, арваннэгдүгээр сарын 26-нд улс үндэс нийхээ төрийн их хоёр баярыг тэмдэглэдэг уламжлалтай байсан бол үүнээс дутахгүй “Арванхоёрдугаар сарын 29” гэж бас нэгэн их баяр тэмдэглэж эхлээд удаагүй байна. Иргэд, залуу үе энэ талаар бүрэн гүйцэт ойлголттой болж чадаагүйг алхам тутамдаа мэдэрч явдгийн хувьд дахин тайлбарлахаас аргагүй болж байна. “Арванхоёрдугаар сарын 29”-ний ойн баярыг чухам юуны учир өргөн хүрээнд тэмдэглэх ёстой, түүнд улс төрийн ямар агуулга байгаа талаар болон энэ
ойд яагаад улс төрийн өндөр ач холбогдол өгөх ёстойг олон улсын харилцааны түүхчийн өнцгөөс учир шалтгааны тайлбар өгөхийг зорьё.

Бидний үеийнхний тархинд гүн суусан дурсамж байдаг. Юу гэвэл социализмын алтан үед Сүхбаатарын талбайдаа цугларан туг дарцаг, уриа лоозон болж, бунхант индрийн өмнүүр жагсан тавдугаар сарын 1-нд Дэлхийн хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн баяр- Майн баяр, долдугаар сарын 11-нд Монгол ардын хувьсгалын их ой, арваннэгдүгээр сарын 7-нд Октябрийн социалист их хувьсгалын ойг нижгэр тэмдэглэдэг байсан ба зун намрын (БНМАУ, СССР-ийн үндэсний баярууд) тэр баяр ёслолд тэгш тоотой ойгоор нь цэргийн парад, зэвсэг техникийн жагсаал нэмэгдэж нэн сүрлэг болж өнгөрдөг байв. Эдгээрийн жижигрүүлсэн хувилбарыг бүх аймгийн төв, Эрдэнэт, Дарханд ном журмаар хийдэгсэн. Эдүгээ Майн ба Октябрийн баяр ор мөргүй мартагдаж, Улсын их баяр наадам дээр Сар шинийн баяр хүрээгээ ихээр тэлсэн ба Эх үрсийн болон Зэвсэгт хүчний гэхчлэн уламжлалт баяр үлджээ. Зарим талаар тэмдэглэхгүй орхигдоод буй, ойг нь зайлшгүй тэмдэглүүштэй, мартаж мартаж саяхнаас тэмдэглэх гэж буй түүхэн гол үйл явдлуудаас дурдваас: Жил бүрийн “12.29” бол Монгол Улсын тусгаар тогтнолын өдөр (Independence Day) бөлгөө.

Идэр есийн дүн хүйтнээр эрийн гурван наадмаа хийхийг санал болгож буй хэрэг биш. Гэхдээ энэ үйл явдал бол 1921 оны долдугаар сарын 11-ний үйл явдлаас дутахгүй, агуулга ач холбогдлын хувьд үнэхээр “түүхэн” гэхээр юм. Миний мэдэхээр энэ өдрөөр Гадаад харилцааны яамны хүрээнд “Дипломат албаны өдөр” хэмээн даруухан тэмдэглэдэг байснаа 2008 онд Ерөнхийлөгч зарлиг буулгаж, 2011 онд 100 жилийнх нь ойг анх удаа өргөн дэлгэр тэмдэглэжээ. Ингээд Үндэсний эрх чөлөөний өдөр болгож, улс даяараа тэмдэглэж байхаар УИХ-аас шийдвэрлэсэн нь манай төр үндэсний их мэдрэмжтэй, үүх түүхээ хүндэлж, дээдэлдэгийн жишээ байсан биз ээ. Ард түмэн маань энэ үйл явдлыг бараг мэдэхгүй явж ирсэн гэхэд хилсдэхгүй. Үнэндээ бол “Үндсэний баяр” (National Day) гээч тэмдэглэлт ойг дэлхийн жишгээр тэмдэглэх өдөр маань чухам энэ юм. Яагаад? Монголын их эзэнт гүрэн задран унаж тарж бутарсаар тусгаар тогтнолоо алдаж, Манжийн эрхшээлд 200 гаруй жил явсны эцэст 1911 оны арванхоёрдугаар 29-нд тусгаар тогтнолоо эргүүлэн авч, Монгол Улсаа дахин байгуулсан өдөр нь яг тэр шүү дээ.

1915 оны Хиагтын гэрээгээр Монгол Улс хүчинд автан тусгаар тогтнолоосоо хагацаж Дундад иргэн улсын (Хятад) бүрэлдэхүүнд автономит эрхтэй оржээ. Энэ хар өдөр яван явсаар большевикууд Хиагтын гэрээг бүрмөсөн хүчингүй болгож, дараа жил нь Монголын тусгаар тогтнолын эцэг- Сайн ноён хан Намнансүрэн, Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд нар (1911 оны бүх сайд нар) цаг бусаар хорлогдож, улмаар гамин цэрэг Да Хүрэээнд сүрэглэн ирж, Монголын төрийг нураасан эмгэнэлд хүргэсэн билээ. Энэ хүнд өдрүүдэд Монголыг дахин тусгаар тогтнуулах алхам хилийн гадна хийгдсэн ба “1919.02.25- 03.06” гэсэн өдрүүд түүхнээ гарч ирдэг. Нэйс гэгээн тэргүүтэй Засгийн газраас Монголын холбооны улсыг тунхагласан нь тэр байсан билээ. Энэ үйл явдлыг тэмдэглэдэггүй юм аа гэхэд таг чиг өнгөрөөгөөд байх нь ерөөсөө түүхээ хорлож буй хэрэг. Ядаж эрдэм шинжилгээний бага хурал хийж, хэвлэлээр мэдээлэх хэмжээнд сурталчилж эхлэхийг би эрдэмтдэдээ санал болгоод 10 гаруй жилийн нүүр үзэж байна. Монголын тусгаар тогтнол үгүй болж, монголчууд хоёр жил гаруй хугацаанд түүхэн хар өдрүүдийг туулжээ. 1921 оны эхээр Барон Унгерн хятадуудыг Да Хүрээнээс үлдэн хөөж чөлөөлөн 1921 оны Цагаан сарын баяраар буюу 1921 оны хоёрдугаар сарын 4-нд Монгол Улсын тусгаар тогтнолыг сэргээж, Манзушир хутагт Цэрэндоржоор ахлуулан Богдын Засгийн газрыг дахин байгуулжээ. Хэн чөлөөлсөн, хэн байгуулсандаа бус энэ өдрийг түүх судлалын ойлголтоор бол “Тусгаар тогтнолоо дахин сэргээсэн өдөр” (Re-Independence Day) хэмээх ба дэлхийн олон оронд үндэсний баярын хэмжээнд тэмдэглэдэг.

Монголд цагаантнууд өрсөж орж ирснээс үүдэлтэйгээр улаантны ивээл дор бас нэг Засгийн газар байгуулах шаардлага тулгарч, 1921 оны гуравдугаар сарын 1-ний өдөр түүхнээ мэндэлж, энэ өдрийг МАН-ын (МАХН) баярын өдөр хэмээж ирсэн. Уг нь МАН 1920 оны зургадугаар сарын 25-нд албан ёсоор байгуулагдсан байтал чухам яагаад ийнхүү хойш татсан нь түүхэн учир шалтгааны тайлбар гаргахад нэн түвэгтэй. Дээд Шивээний 1921 оны хувьсгалт байгууллагын зөвлөлгөөнөө 1924 онд “Намын анхдугаар их хурал” хэмээн нэрийдэхээр МАН тогтсон ба хожим намын баярын өдөр (одоо бол “Эх орончдын өдөр”) болгосон шүү дээ. Ингээд 1921 оны гуравдугаар сарын 13-нд Чагдаржаваар ахлуулсан, онцлог нь “Ардын” хэмээх тэр засгийн газар нь 1919 Нэйс гэгээнийх шиг Монголын хилийн гадна бий болжээ. Монгол дахь улаан, цагаан хоёр орос тулалдсаар 1921 оны долдугаар сарын 6-нд Нийслэл хүрээг улаантнууд чөлөөлж, Хиагтаас Ардын Засгийн газар 1921 оны долдугаар сарын 8-нд Хүрээнд хамтдаа нүүн ирж, өмнө Бароны байгуулсан Богдын Засгийн газрыг татан буулгаж, нэгдмэл нэг Засгийн газар байгуулагджээ.

Дараахан нь Дөрвөд далай лам Түмэндэлгэржаваар ахлуулсан Баруун Монголын Засгийн газрыг улаантнууд байгуулсан нь эдүгээ хүртэл үл тайлагдах оньсого хэвээр байна. 1921 оны зун гурван ч Засгийн газар Монголд байсан энэ мэт үйл явдлыг олон улсын жишгээр үндэсний баяр хэмээн тэмдэглэдэггүй, харин жил бүрийн зун бидний тэмдэглэдэг баярын тухайд учир шалтгаан хайя гэхэд ийм дэвсгэр дээрээс зөв хариулт эрэхэд түвэгтэй болж байна. 1922 оны дэлгэр зуны улиралд Жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар “Цэргийн наадам” зохиосон нь эдүгээ бидний тэмдэглээд буй “Ардын хувьсгалын ойн” баярын эхлэл байлаа. 1924 онд Богд гэгээн нас нөгчсөн, нөгөө талаас Бээжинд СССР, Дундад иргэн улсын хоорондын хэлэлцээрээр Монголыг Дундад иргэн улсад 1915 оны Хиагтынх шиг эргүүлж оруулсан шалтгаанаар Улсын анхдугаар хурлыг хийж, Богдын хойд дүрийг тодруулахгүй нөхцөлтэйгээр БНУ-ыг тунхаглах түүхэн шаардлага бүрджээ. Нэгэнтээ хаан, шашны тэргүүн дахин төрүүлэхгүй түүхэн нөхцөл бүрдсэн, иймээс засаглалын хэлбэр солигдсон ба МАН-ын III их хурлаас хөрөнгөтний бус хөгжлийн зам сонгосон тул БНУ- ын Үндсэн хуулийг батлах ёстой. Жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-нд бидний тэмдэглэж буй баяр тийнхүү нөхцөлджээ. Дээр нь Нийслэл хүрээг “Улаанбаатар” хэмээн нэрлэжээ. Уг нь социализмын үед “Нийслэлийн өдөр” хэмээн давхар тэмдэглэж байсансан. Олон улсын жишгээр бол “Republic Day” хэмээх энэ өдөр үндэсний баяр мөн. 1924 он бол монголчуудад сайнаар, муугаар зэрэг тусчээ. Бид эндээ БНУ-аа тунхаглаж, харин Бээжинд Монголын тусгаар тогтнолыг ах нар маань хятадуудтай хуйвалдан үгүй хийжээ. Улаан армийг Монголоос гаргах тухай ч ам өчгөө өгчээ. Иймд бид өөрсдийгөө тусгаар тогтносон гэх, дэлхий дахин (хөршүүд нь) үгүй гэхийн хооронд зарчмын асар их зөрүү гарч ирж байна. Тэгэхээр дэлхийд зөвшөөрөгдсөн Монгол Улс гэж гарч ирэх ёстой доо. Yүний тулд 1924 оны Бээжингийн тэрхүү хэлэлцээрийг хүчингүй болгох ёстой.

Түүний дараа де- юре тусгаар тогтносон Монгол Улсын тухай ярих нүүртэй болно. Энэ утгаар 1939-1946 оны үе бол Монгол Улсыг дэлхийд гаргаж ирсэн түүхэн үе юм. Их хэлмэгдүүлэлт, Монгол-Манж Гогийн хилийн хэлэлцээ, Халхын голын байлдаан, 1941 оны СССР-Японы гэрээ, 1943 оны гурван гүрний Каирын бага хурал, АНУ- ын Дэд ерөнхийлөгчийн Монгол дахь айлчлал, Ялтын бага хурал гэхчлэн цаашаа үргэлжилнэ. 1945 оны хоёрдугаар сарын 4-11-ний хооронд Крымд холбоотон гурван гүрний тэргүүн нар уулзаж, хэд хэдэн чухал баримт бичиг байгуулсны дотор Алс Дорнодын асуудлаарх хэлэлцээр юм. Энэ хэлэлцээрээр Монгол нь де-юре тусгаар тогтнохоор болжээ. Энэ бол дэлхийд тусгаар тогтнолоо зөвшөөрүүлэх алхам мөн. Энэ өдрийг ингээд таг чиг өнгөрүүлээд байх уу, яах вэ гэдэг дээр хариулт бас л алга. Тэр оны зун СССР-ДИУ-ын гэрээний хавсралт ноотоор БНМАУ-ыг тусгаар тогтнуулах нөхцлийг тохирсон ба намар нь (1945.10.20) Монголын ард түмний санал хураалтаар монголчууд тусгаар тогтнолоо баталсан, 1946 оны нэгдүгээр сарын 5-нд Хятадын тал манай тусгаар тогтнолын талаарх өнгөлзлөгөө зогсоосон зэрэг түүхнээ тэмдэглэгдэх олон үйл явдал баяр болон тэмдэглэгдэх ёстой билээ.

Ийм оршлыг толилуулаад залгуулаад өнөөдрийн энэ ой маань хэзээ хэрхэн албажсан саяхны түүх сөхье. 2008 оны арванхоёрдугаар сарын 29-нд Монгол Улсын Ерөнхийлөгч № 399 зарлигаа “Үүндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой”-г тэмдэглэх тухай гэсэн гарчгаар буулгасан юм. Зарлигийн түүхэн оршлыг маш тодорхой, оновчтой томъёолсон байгаа. Үүнд: Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин улсын ноёрхлыг эцэс болгон Монгол төрийг сэргээн байгуулж, монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь төрт ёсны өнө эртний уламжлалтай Монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үе нь бахархан дурсвал зохих түүхт үйл явдал мөн. Энэхүү Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь монголчуудын туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн олон арван жилийн мохошгүй хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн биелэл, үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл, 1921 оны Ардын хувьсгалын бодит хөрс болсон билээ.

1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ололтыг баталгаажуулан Монгол Улс тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж, Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд залж, түүнд төрийн тамга, далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гаргасан юм. Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг амжилтад хүргэсэн эх орончдын баатарлаг түүхийг эргэн дурсахын утга учир хийгээд энэ үйл явдлын түүхэн болон улс төрийн ач холбогдлыг зүй ёсоор үнэлж, төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудаас ирүүлж буй саналуудыг үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дугаар заалт, 34 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг тус тус баримтлан ЗАРЛИГ БУУЛГАХ НЬ: Арвантавдугаар жарны Цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ололтыг баталгаажуулж Монгол Улсын тусгаар тогтнолыг даяар олноо тунхаглан зарласан түүхэн үйл явдлыг тохиолдуулан Монгол Улсад Үндэсний эрх чөлөөний хувьсгал өрнөсний 100 жилийн ойг 2011 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр /Үндэсний эрх чөлөөний өдөр/ орон даяар тэмдэглэсүгэй.

Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Монгол Улсад шинэ үеийн Хууль зүй, дотоод хэргийн алба /Шүүх яам, Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яам/, Засгийн газрын Ажлын алба, Батлан хамгаалах алба /Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яам/, Санхүү, эдийн засгийн алба / Сангийн хамаг хэрэг бүгд захиран шийтгэгч яам/, Дипломат алба / Гадаад хэргийг эрхлэн шийтгэгч яам/ байгуулагдсаны 100 жилийн ойг тус тус тэмдэглэх нь зүйтэй хэмээн үзсүгэй. /Энэ хэсэгт 2011 оны 89 дүгээр зарлигаар нэмэлт орсон/ Гэхчлэн бичсэнийг (цаашаа мөрүүд бий) манай өнөө үеийнхэн, залуус эргээд нягтлаарай. Нэгэнтээ Ерөнхийлөгч зарлиг буулгасан тул Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 172 дугаар тогтоолоороо энэ ойг баталгаажуулжээ. “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам” гэсэн тэрхүү баримт бичгийн хоёрдугаар заалтын (Түүхэн үйл явдлын ой) 2.1.4-т 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ойг жил бүр арванхоёрдугаар сарын 29-ний өдөр тэмдэглэж байх хэмээн оржээ.


САНАЛ БОЛГОХ