Christian Dior-ын Ази дахь анхны хэрэглэгч нь монголчууд

Зах зээл


Үнэртэй ус бүхэн дахин давтагдашгүй нууц жортой учраас хэн ч дуурайж чадахгүй

Christian Dior бол ХХ зууны шилдэг загвар зохион бүтээгчдийн нэг. Тэрбээр хувьсгалч, шинийг санаачлагч, эмэгтэй хүний мөн чанарыг ойлгож, мэдэрч чадсан хүн байв. Christian Dior 1942 онд өөрийн лабораторидоо анхны үнэртнээ бүтээсэн түүхтэй. Энэ үеэс хойш түүний бий болгосон брэнд худалдан авалтын хэмжээгээр ижил төрлийн бусад үйлдвэрлэгчид дундаа дөрөвдүгээрт жагсах хэмжээнд хүрчээ. Олон жилийн агуу түүхтэй энэхүү брэнд манай оронд албан ёсоор нэвтэрснээс хойш 30 гаруй жил өнгөрөөд байна. Монгол дахь Christian Dior-ын салбарыг энэ онцлов. Ингээд Christian Dior-ын Монгол дахь албан ёсны дэлгүүрийн брэнд менежер З.Мишээлтэй ярилцлаа.

-Christian Dior брэндийн Монгол дахь салбарыг хэрхэн оруулж ирснийг сонирхуулахгүй юу?
-Аав маань 1976 онд Парисын Сорбонны их сургуульд суралцахаар явсан юм. Франц хэлэндээ сайн байсан болохоор Засгийн газар хоорондын орчуулгыг хийдэг байсан. Тэр үедээ л Монгол, Европын хамтарсан компани байгуулах боломж олдсон. Түүнээс хойш 1987 онд Christian Dior-оос Мария Кристиан Брюс гэдэг хүн холбогдоод хамтран ажиллах санал тавьсан юм билээ. Тэр саналыг нь хүлээн авч, Christian Dior-ын Монгол дахь салбарыг нээсэн. 1990-ээд он хүртэл үнэртэн жинхэнэ тансаг хэрэглээ болж байлаа. Учир нь, хэн хүссэн нь өнөөдрийнх шиг дуртай үнэртнээ хэрэглэж, уруулаа будах эрхгүй байсан үе. Харин 1998 оноос франц үнэртэй усны өвөрмөц рекламуудыг телевизээр цацаж эхэлсэн нь хүмүүст маш хүчтэй нөлөөлсөн гэж боддог. Энэ үеэс хойш Christian Dior хэрэглэдэг бүсгүйчүүдийн тоо нэмэгдсэн гэж болно.

-Christian Dior олон жилийн турш зах зээл дэх байр сууриа хадгалж байгаагийн нууц нь юу вэ?
-Гол шалтгаан нь орц, найрлага. Үнэртэй ус бүхэн нь дахин давтагдашгүй нууц жортой учраас хэн ч дуурайж чадахгүй. Гурван мянган метрийн өндөрт байрлах Альпийн нуруу, Мадагаскар, Буркино Фасо, Чили болон хүн очих боломжгүй ширэнгэн ой гэх мэт онгон дагшин байгалиас үнэртэй усныхаа орцыг цуглуулдаг. Christian Dior анх үүссэнээс хойш байнгын шинэчлэлийг хийсээр ирсэн. Тиймээс зах зээлийн үзүүлэлт нь буурсан түүх байдаггүй.

-Dior-ын нэр төрөл хэр олон бэ. Энэ оны трэнд үнэрийг сонирхуулахгүй юу?
-Christian Dior үнэртэй уснаас гадна дээд зэрэглэлийн үнэт эдлэл, гэр ахуйн хэрэгсэл, шилмэл загвар, арьс арчилгаа, нүүр будалт гээд олон төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэдэг. Энэ бүгдийг эхлүүлээд 80 гаруй жил өнгөрчээ. Энэ жилийн зах зээлийн үзүүлэлт урьд өмнө байгаагүй өндөр гарна гэж тооцоолж байгаа. Өнгөрсөн жил чихэрлэг, нялуун үнэр моодонд орж байсан бол энэ жил цитрусын төрлийн нимбэг, апельсин гэх мэт жимсний сэнгэсэн үнэр трэнд болж байна.

Dior-ын зах зээлийн үзүүлэлт нь буурсан түүх байдаггүй

-Dior-ын усыг ихэвчлэн ямар насны хүмүүс хэрэглэж байна вэ?
-Манай хэрэглэгчдийн бүтэц их сонирхолтой. Насны ангилал байхгүй. Залуу, хөгшин, амьдралын түвшин муу, сайн гээд бүх л давхаргын хүмүүс үйлчлүүлдэг. Үнэртэн, арьс арчилгаа нь хүний амьдралын салшгүй нэг хэсэг. Тиймээс энэ нь өөртөө барьж буй нэгэн төрлийн урамшуулал, бэлэг гэсэн үг. -Үнэртэй усны зөв хэрэглээний талаар манай уншигчдад товчхон ойлголт өгнө үү? -Аливаа зүйлийг хэтрүүлэн хэрэглэх нь тохиромжгүй учраас тааруулан хэрэглэх хэрэгтэй. Үнэртэй усыг лугших хэсэгтээ түрхэх нь хамгийн тохиромжтой байдаг. Мөн үсний мистийг Манайд зарагдаж байгаа үнэртэн 170 мянган төгрөгөөс дөрвөн сая хүртэл үнэтэй зарагддаг. ашиглах нь манай орны уур амьсгалын хувьд илүү тохиромжтой. Үнэртэй усны соёлыг улам гүнзгий хөгжүүлэхэд бусад соёл их нөлөөлнө. Тухайлбал, оройн зоог барих, эдэлж хэрэглэж буй зүйлдээ анхаарал тавих зэргээс үнэртэй усны соёл эхэлдэг.

-Монголд Christian Dior-ын зах зээлийн жилийн орлого бусад оронтой харьцуулахад ямар вэ?
-Мэдээж Европын орнуудтай харьцуулахад манай улс амьдралын түвшин доогуур. Гэхдээ нийт борлуулалтын хэмжээ бусад орноос дутахгүй, ер нь ижил түвшинд байдаг. Одоогоор Dior-ын үнэртэй ус, арьс арчилгаа, нүүр будалт гэсэн гурван төрөл борлуулагдаж байгаа. Монголчууд ихэвчлэн 30-50 мл-ын ус худалдан авдаг. Манайд зарагдаж байгаа хамгийн хямдхан ус 170 мянгаас эхэлнэ. Харин хамгийн үнэтэй нь дөрвөн сая төгрөг. Францад шинээр гарч байгаа улс Азийн орнуудаас Монголд хамгийн түрүүнд орж ирдэг юм. Япон, Солонгост бүр дөрөв, таван сарын дараа нэвтрэх жишээтэй. Бид ирэх наймдугаар сард шинэ үнэртэй ус оруулж ирэх гэж байгаа. Dior-ын тооцож буйгаар энэ ус борлуулалтаараа эхний гуравт орж магадгүй. Дашрамд сонирхуулахад дэлхий даяар үнэртэй усны зах зээл 2012-2014 онд 60 гаруй тэрбум ам.доллараар хэмжигдэж байв. Харин 2015 оноос хойш аажим өссөөр өнгөрсөн онд 70 орчим тэрбум ам.долларт хүрчээ. Энэхүү өсөлт ирэх жилүүдэд ч хадгалагдах төлөвтэйг салбарын шинжээчид хэлж байгаа юм. Улмаар 2024 он гэхэд энэ зах зээл 92 тэрбум ам.долларт хүрэх таамгийг зах зээл судалгааны statista.com сайт гаргажээ.



САНАЛ БОЛГОХ