Иенийн ханшийн өсөлтийн улмаас Японы тэргүүлэх компаниудын орлого буурах төлөвтэй байна
Их Британи Европын Холбоог орхих шийдвэрийг дэмжсэний дараа иенийн ханш өссөн байна. Улмаар ханшийн өсөлт Япон улсын тэргүүлэх компаниудын орлогод дарамт учруулж эхэлжээ. Тодруулбал санхүүгийн жилд Япон улсын тэргүүлэх компаниудын нийт орлого 3.6 хувиар буурах төлөвтэй байгаа юм. Зургадугаар сарын 23-ны өдөр болсон Их Британийн санал асуулгын дараа автомашины үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг “Toyota Motor” корпорацийн цэвэр ашгийн урьдчилсан таамаг 16.5 сая ам.доллар болж буурчээ. Энэ нь дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс эхэлсэн санхүүгийн жилийн урьдчилсан таамгаас 2.3 тэрбум ам.доллараар буурсан үзүүлэлт болж байгаа юм. Түүнчлэн ханшийн өсөлтийн дараа шинжээчид “Nissan Motor” болон “Canon” компанийн ашиг болон орлогын урьдчилсан таамгийг бууруулсан байна. Их Британийн санал асуулгын дараа ам.доллартай харьцах иенийн ханш 100 болсон бол евротой харьцах ханш нь 115 иен болж өсчээ. Энэ нь Их Британийн шийдвэр Япон улсад ихээр нөлөөлж байгаагийн илрэл болж байгаа юм. Улмаар Япон улсын тэргүүлэх компаниудын орлогын хэмжээ буурч, Азийн хоёр дахь том эдийн засгийг дефляциас чөлөөлөх гэсэн тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн оролдлого талаар болох эрсдэл нүүрлээд байгаа ажээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй