Ид шидтэй автобусны буудал

UB Info

Бидний хойч ирээдүй болсон бяцхан жаалуудын эрүүл аюулгүй орчинд өсөж торних, өмсөх хувцас, идэх хоол, хоноглох дулаан байраар хангах, сурч боловсрох орчин нөхцөлийг нь бүрдүүлэх, эрхийг нь хамгаалах зорилгоор “Лантуун дохио” ТББ “Ид шидийн орон” төслийг санаачлан хэрэгжүүлээд багагүй хугацааг ардаа үджээ. Хийж бүтээж буй нь нүдний өмнө ил харагддаг эдгээр залуусын санаачилгыг монголчууд халуун сэтгэлээр дэмжин гар сунгаж, хандив туслалцаа үзүүлж байгаа нь талархууштай.

ХААН Банкны хувьд ч энэхүү төслийг дэмжин бүх ажилтнуудаа Ид шидтэй ах эгч нар болохыг уриалж нийт 4500 ажилтан өдөр бүр хандив өргөн “Ид шидтэй хамт олон” болсон талаар бид өмнө мэдээлж байсан билээ.

Тэгвэл тэд энэхүү уриалгаа үргэлжлүүлэн Улаанбаатар хотын нийт 18 автобусны буудлын JCDecaux сурталчилгааны самбар дээр “Маргаашийн гэрлийг хамтдаа асаая” гэсэн QR код бүхий “Ид шидийн орон 2” төсөлд хандив өгөхийг уриалсан постеруудыг байршуулжээ. Банкныхаа аппликэйшнээр тэрхүү QR кодыг уншуулснаар “Лантуун Дохио” ТББ-ын хандивын данс гарч ирэх ба хандив өгөхийг олон нийтэд уриалахын зэрэгцээ ийм хялбар болгосон нь их шинэлэг шийдэл болжээ.

Эдгээрээс хамгийн сонирхол татсан нь “Хөгжим бүжгийн коллеж”-ийн автобусны буудал дээр байршуулсан интерактив дэлгэц байлаа. Дэлгэцэн дээр даарч хөрсөн бяцхан охины зураг байх ба банкны картаа уншуулахад 500₮ таны данснаас “Ид шидийн орон” төсөлд хандив болон очиж, дэлгэцэн дээрх бяцхан охинд дулаан хувцас өмсгөж, охин инээмсэглэж буй дүрсээр солигдох нь хандив өгч буй хүмүүсийг ч бас баярлуулж байна. Үүгээрээ тэдгээр хүмүүсийн өгч буй хандив бяцхан хүүхдүүдэд бодит тусламж болон очиж байгааг илэрхийлж байгаа ажээ.

Маргаашийн гэрлийг хамтдаа асаах энэхүү аянд та ч бас нэгдэхийг хүсвэл дараах автобусны буудлуудаар дайраад гараарай.


САНАЛ БОЛГОХ