"Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллого" явагдана
НҮБ-ын зөвлөмжийн дагуу Монгол улс хүн ам, орон сууцны Улсын тооллогыг 10 жил тутамд зохион байгуулдаг билээ. Манай Улс түүхэндээ 10 удаа хүн амын нэгдсэн тооллого явуулсан бөгөөд 1918 онд анхны тооллого хийж эхэлснээс хойш 100 жил өнгөрч, 2020 онд 11 дэх удаагаа хүн амаа тоолох гэж байна.
Энэ удаагийн тооллогын гол онцлог нь анх удаа тооллогын мэдээлэл цуглуулалтын хосолмол аргаар явагдах бөгөөд хүн ам, орон сууцны тооллогын зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр оршин суугаа нийт хүн амыг хамруулан хүн ам зүй, эдийн засаг, нийгмийн, хүрээний мэдээллийг цуглуулах, нэгтгэх, дүн шинжилгээ хийх болон тооллогын үр дүнг тархаахад оршино.
Хүн ам, орон сууцны тооллого нь хүн амын тоо, нас хүйсийн бүтэц, угсаатны бүрэлдэхүүн, байршил, боловсрол, эдийн засгийн идэвх, орон сууцны төрөл, нөхцөл зэрэг эдийн засаг, нийгмийн маш дэлгэрэнгүй тоо баримтыг агуулдаг. Энэхүү үр дүнг засаг захиргааны анхан шатны нэгж, түүнээс ч бага түвшинд гаргах боломжтой цорын ганц мэдээллийн эх үүсвэр юм.
Тооллогоор цуглуулсан мэдээлэл нь улс, нийслэлийн хөгжлийн бодлогыг төлөвлөх, судалгаа шинжилгээ хийх, үйлдвэрлэл, бизнесийн үйл ажиллагааг оновчтой тодорхойлох бааз суурь болох учиртай.
Тухайлбал:
Шинээр барьж байгуулах нийгэм, соёлын газрууд, сургууль, эмнэлгийг хаана ямар багтаамж, хүчин чадалтай байгуулах, орон сууцны нөхцөл, хангамж, зам тээвэр, дэд бүтцийг зөв төлөвлөж, хэрэгжүүлэх, ойрын болон алс хэтийн чиг хандлагыг тодорхойлоход тооллогын үр дүн гол үндэслэл болно.
Нэгдүгээр хувилбар:
Иргэн та өөрийн амьдарч буй хороондоо хандан “Хүн ам, өрхийн мэдээллийн сан” дахь мэдээллээ хянан баталгаажуулж тооллогодоо идэвхтэй хамрагдана уу. Ингэснээр иргэн таны мэдээлэл төрийн мэдээллийн нэгдсэнд санд баталгаажиж, ирэх 70 жилийн архивын үнэт лавлагаа болох юм.
Хоёрдугаар хувилбар:
2020 оны 01 дүгээр сарын 09-16-ны өдрүүдэд "Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллого" явагдана. Тооллогын ажилтныг гэр, орон сууцандаа саадгүй нэвтрүүлж, үнэн зөв бүрэн мэдээллийг өгснөөр та “Тоологдов” гэрчилгээг авах болно. /Нийт хүн амын 10 хувь буюу түүвэрт сонгогдсон өрхүүд хамрагдана./
Иргэний үүргээ биелүүлж тооллогодоо идэвхтэй хамрагдсанд баярлалаа.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй