Ангараг гарагийн гадаргуун талаар юу олж мэдэв?

UB Info

НАСА-гаас Ангараг гарагийн гадаргууг судлах зорилгоор илгээсэн InSight хөлгийн анхны томоохон ололтуудын мэдээг дэлхий рүү илгээсэн байна.

Юуны өмнө уг сансрын хөлөг нь сейсмометрийн тусламжтайгаар Ангараг гарагийн дотоод бүтцийн гурван хэмжээст загварчлал, сейсмийн идэвхжил, дулааны урсгал болон эртний геологийн төрхийг судлах зорилгоор 2018 оны 5-р сарын 5-нд хөөргөсөн билээ. Хөлөг нь нийт 483 сая километрийг туулж 2018 оны 11-р сарын 26 -нд тус гараг дээр амжилттай газардсан юм.

Тэгэхлээр 2020 оны 2-р сард НАСА-д ирсэн мэдээгээр Ангараг гараг нь сейсмийн хувьд идэвхтэй болох нь тогтоогдсон гэнэ. Өөр үгээр хэлбэл газар хөдлөлт явагддаг гэсэн үг. InSight хөлгийн мэдрэгч анхны чичирхийллийг 2019 оны 4-р сард бүртгэсэн бөгөөд үүнээс хойш 450 бага далайцтай чичирхийллүүд нэмж бүртгэсэн байна. Эрдэмтэд эдгээр чичирхийллүүдээс хоёрыг нь мөшгиж газар хөдлөлтийн голомтыг илрүүлэхэд Ангараг гарагийн газрын зурагт "Cerberus Fossae" хэмээн тэмдэглэгдсэн газраас гаралтай байсныг тогтоожээ. Энэхүү газар нь "Elysium Planitia" буюу InSight хөлгийн байрлалаас зүүн тийш 1600 километрийн зайд оршдог. Ангараг гараг дээр ажиглагдсан газар хөдлөлтийг Аполло төслийн үед саран дээр ажиглагдсан газар хөдлөлттэй тун төстэй шинж чанартай гэж үзэж байгаа бөгөөд Ангараг гарагийн царцдасны шинжээс хамаарч дохионы үргэлжлэх хугацаа нь 10-20 минут орчим байсан гэв.

Эрдэмтдийн тооцоолж буйгаар Ангараг гараг дээрх сейсмийн долгионы тархалтыг судалснаар уг гарагийн дотоод бүтцийн дүр зургийг болон түүний хэрхэн хувьсаж өөрчлөгддөг талаар дэлгэрэнгүй, баттай мэдээг авч болох юм байна. Ингээд 1609 онд Галилей Галилео гуайн хамгийн анх дуран авайгаар ажигласан Ангараг гарагийн талаар бид цаашид илүү ихийг олж мэдэх болох нь ээ.

Удахгүй дараагийн хэсгийг оруулах болно шүү!

Зургийн тайлбар: Энэхүү зураг нь 2016 онд National Geographic сэтгүүлээс нийтэлсэн Ангараг гарагийн диаграмм юм.

САНАЛ БОЛГОХ