Их сургуулийн эмнэлэг

UB Info

Шинжлэх ухааны салбар дунд "Анагаах" хэмээх нэгэн өнгө гялалзан байдаг. Хэрвээ бүүдэгрэн унтрах аваас арц уугиулан харшлыг эмчлэх, савангаар түлэгдэлтийг илааршуулах гэж оролдох болно.

Жайка (JICA) нь Япон улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламжийг нэгтгэн, хөгжиж буй орнуудад чиглэсэн хамтын ажиллагааг хэрэгжүүлдэг байгууллага юм. Энэ байгууллага нь гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулдгийн нэг бол "Хүртээмжтэй нийгмийг бий болгох" "Нийгмийн шаардлагад нийцсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний стандартад хүргэх" гэсэн чиглэл мөн билээ.

Энэхүү чиглэлээр Монгол улсад хийж буй түүхэн дэх хамгийн том төсөл бол Япон-Монголын сургалтын эмнэлэг барьж байгуулах, эмнэлгийн удирдлага болон тусламж үйлчилгээний менежментийг бүрдүүлэх гэсэн 210 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар хийгдэх төсөл юм. Маш амжилттай явагдаж Япон улсын талаас бүхий л хүчээ дайчлан нүдэн дээр л босоод ирсэн бөгөөд тоног төхөөрөмж, ажиллах хүчийг сургаж өгсөн байна.

Харин Монгол улсын талаас эмнэлгийн үйл ажиллагааг явуулах төсвийг хариуцсан тогтоол байсаар атал энэ оны төсвийг батлахдаа Сургалтын эмнэлгийн төсвийг 4 дахин танаж баталснаар эхлээд тавхан сар болж буй эмнэлгийн үйл ажиллагаа зогсоход хүрсэн гэнэ. Мөнхүү эмнэлгийн захирлыг АШУҮИС-ийн захиралтай зөвшилцөөгүй гэнэт шууд томилсон нь эмнэлгийн дүрмийг зөрчсөн хууль бус үйлдэл гэж үзсэн байна. Энэ нөхцөл байдал нь АШУҮИС-ийн професор, багш, ажилтан, оюутнуудын хувьд тэмцэхгүй байхын аргагүй болгосноор багш ажилчдын болон олон нийтийн гарын үсгийг цуглуулж Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүх-д хүсэлт илгээсэн ба хэвлэл мэдээллээр нийтэлсэн юм.

Үүний үр дүнд өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Монгол-Япон сургалтын эмнэлгийг БСШУСЯ-ны харьяанд шилжүүлж, энэхүү эмнэлгийг хувьчлахгүй хэмээн мэдэгдсэн байна. Юутай сайхан мэдээ вэ! Гэхдээ манай профессорууд болон багш нар тийм ч амархан тайвшрахгүй ээ. Сургалтын зориулалттай эмнэлэг гэдэг өөрөө үргэлж судалгаа шинжилгээ хийж, хөгжлийг эрэлхийлж байдаг ажээ. Тиймээс ч энэ нь Монгол улсын эрүүл мэнд, анагаахын шинжлэх ухааны салбарт яг л ус мэт дутагдаж байсан бөлгөө. Энэ үйл явдал үүгээр төгсөхгүй юм. Одоо эхэлж буй хэрэг билээ.

Манай хуудас энэ мэт шинжлэх ухааны хөгжилд саад учруулж буй үйлдлийн эсрэг зогсдогийн хувьд энэхүү бичвэрийг орууллаа.

САНАЛ БОЛГОХ