Их Британийн Европын Холбоог орхих шийдвэр АНУ-ын эдийн засагт нөлөөлөх үү
АНУ-ын Сан Франциско хотын Холбооны Нөөцийн банкны тэргүүн Жон Уильямс "АНУ-ын эдийн засгийн өсөлт нэмэгдэж, инфляци зорилтот түвшиндээ хүрвэл Их Британийн Европын Холбоог орхих шийдвэр АНУ-ын эдийн засагт эрсдэл учруулахгүй, мөн бодлогын хүүг нэмэх шийдвэрт нөлөөлөхгүй" гэж мэдэгдлээ. Түүнчлэн энэ онд АНУ-ын ажилгүйдлийн түвшин 4.5 хувь болж буурахын зэрэгцээ инфляци ч зорилтот түвшиндээ ойртоно гэсэн хүлээлттэй байгаа гэж мэдэгдэлдээ дурдсан байна. АНУ-ын Төв банк өнгөрсөн оны эцэс болон энэ оны эхний хагаст бодлогын хүүг нэмэхгүй байх шийдвэрийг гаргасны дараа Холбооны Нөөцийн банкны албан хаагчид дэлхийн хэмжээнд болж буй томоохон үйл явдлууд АНУ-ын мөнгөний бодлогын шийдвэрт нөлөөлнө гэдгийг онцолсон байна. Харин Жон Уильямс "Холбооны Нөөцийн банкны хэтийн зорилгодоо хүрэх эсэх нь БНХАУ болон Азийн эдийн засгаас ихээхэн хамааралтай. Үүнд BREXIT-ээс илүү Азийн эдийн засгийн сааралт нөлөөлөх магадлал өндөр байна" гэж мэдэгдсэн юм. Харин Нью-Йоркийн Холбооны Нөөцийн банкны тэргүүн Уильям Дадли "Дэлхийн хэмжээнд санхүүгийн зах зээлийн тогтворгүй байдал нэмэгдвэл BREXIT эдийн засаг болон Европын Холбооны тогтворгүй байдалд мэдэгдэхүйц сөрөг үр дагавар авчрах болно" гэсэн байр суурьтай байгаагаа мэдэгдлээ. Улмаар АНУ-ын Төв банкны бодлогын хүүг нэмэгдүүлэх шийдвэрт ч нөлөөлж болзошгүй гэдгийг анхааруулсан юм.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй