BREXIT Их Британийн орон сууцны зах зээлд сөргөөр нөлөөлөв

Мэдээ

BREXIT-ийн шийдвэр Их Британийн орон сууцны зах зээлд сөргөөр нөлөөлж, эрэлт болон борлуулалтын хэмжээ долдугаар сард буурсан үзүүлэлттэй гарсан байна. Их Британийн Европын Холбоог орхих шийдвэрийн дараа тус улсын иргэдийн итгэл суларч, санхүү болон үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэд эргэлзэх нь ихэсчээ. Улмаар энэ нь орон сууцны эрэлт, нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлж, үнэ өсөх хандлагыг нэмэгдүүлсэн байна. Түүнчлэн олон улсын үл хөдлөх хөрөнгө, дэд бүтэц, барилгын чанар, стандартыг тогтоодог “RICS” групп "Худалдан авагчдын эрэлт сүүлийн дөрвөн сарын турш буурсан үзүүлэлттэй байгаа бол борлуулалтын индекс 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралаас хойш хурдацтай унах болсон" гэж мэдээлжээ. Харин орон сууцны үнэ үргэлжлэн өсч байгаа ч өсөлтийн хурд сүүлийн гурван жилийн хугацаанд удаашрах болсон байна. Тодруулбал зургадугаар сард орон сууцны үнэ 15 хувиар өссөн бол долдугаар сард 5 хувийн өсөлттэй гарчээ. Харин “Acadata” болон “LSL Property Services”-ийн мэдээлснээр орон сууцны үнэ долдугаар сард 0.2 хувиар өссөн байна. Хэдий тийм боловч өсөлтийн түвшин хоёрдугаар сард 8.9 хувьтай байсан бол долдугаар сард 5.5 хувь болж буураад байгаа юм байна. Түүнчлэн борлуулалт нь 2015 оны II улиралтай харьцуулахад 20 хувиар буурсан дүнтэй гарчээ.


САНАЛ БОЛГОХ