“Centerra Gold” компани “Thompson Creek Metals”-ийг худалдан авахаар тохиролцов
“Centerra Gold” компани төв Азиас хамаарах хамаарлаа бууруулах чухал хэлцэл хийж, “Thompson Creek Metals” компанийг 1.1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцжээ. Хэлцлийг задлаад харвал “Thompson Creek Metals” компанийн хувьцааг 135 сая ам.доллараар үнэлж, өөрийн хувьцаагаар солихоор болсон байна. Түүнчлэн 890 орчим сая ам.долларын бондын төлбөрийг бүхэлд нь “Centerra Gold” авахаас гадна 47 сая ам.долларын лизингийн төлбөрийг өмнөөс нь төлөхөөр болжээ. “Thompson Creek Metals” нь Канадад үйл ажиллагаа явуулдаг, гол төсөл нь мянга орчим тонн зэс, 26 тонн алтны нөөцтэй “Mount Milligan уурхай” аж. Тус ордоос гадна молибдены хоёр уурхай болон хэд хэдэн үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг байна. Бороогийн уурхай хаагдсанаас хойш “Centerra Gold”-ийн орлого Киргизийн Кумтор ордоос хамаарах болсон юм. Хэдийгээр үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа ч Киргизийн одоогийн Засгийн газар өмнөх Засгийн газрын байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх сонирхолтой байдаг ажээ. Үүнээс гадна Монголд Гацууртын ордод хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаар төлөвлөж байсан ч ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаар шүүхэд зарга үүссэн учир гэрээ байгуулах ажил хойшилсон юм. Тиймээс үйл ажиллагаагаа илүү эрсдэл багатай бүс рүү шилжүүлж байна гэж шинжээчид харж байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй