“MMC”-д зээл олгосон "BNP Paribas" банк зээлийн төлбөрөө гаргуулахаар Кайманы арлуудын шүүхэд хандлаа
“Mongolian Mining Corporation”-д зээл олгосон "BNP Paribas" банк зээлийн төлбөрөө гаргуулахаар Кайманы арлуудын шүүхэд хандсан байна. Энэхүү мэдээллийн дараа тус корпорацийн хувьцаа 18.5 хувиар унаж, 0.05 хонгконг доллар боллоо. “Mongolian Mining Corporation”-ийн гаргасан мэдээллийг харвал энэ талаар "BHP Paribas" болон ICBC-ийн зөвлөх Клиффорд Чанс мэдээлжээ. Гэхдээ шүүхээс тус корпорацид энэ асуудлаар албан ёсоор мэдээлэл хараахан ирүүлээгүй байгаа юм байна. Өнгөрсөн гуравдугаар сард “Mongolian Mining Corporation” хоёр банкны хамтран олгосон 93 сая ам.долларын зээлийг барагдуулах боломжгүй болсноо зарлаж, улмаар дефолт болсон юм. Тухайн үед зөвхөн хоёр банкны зээл гэлтгүй 600 сая ам.долларын бондын хүүгийн төлбөрийг мөн төлөх чадваргүй болсон гэдгээ мэдэгдсэн аж. Улмаар “Mongolian Mining Corporation” өрийн бүтцээ шинэчлэхээр зээл олгогчидтой хэлэлцэж эхэлсэн байдаг. Харин сүүлд буюу өнгөрсөн долоо хоногт өрийн бүтцээ шинэчлэх анхны хувилбараа танилцуулсан юм. Үүнд хугацаатай болон хугацаагүй бонд, мөн шинээр хувьцаа гаргах санал багтсан байгаа юм. Тухайлбал 420 сая ам.долларын нэрлэсэн үнэ бүхий бонд нь зургаан жилийн хугацаатай, хугацаагүй бонд нь 150 сая ам.долларын нэрлэсэн үнэтэй байх бол шинэ хувьцаа нь компанийн нийт хувьцааны 10 хүртэлх хувьтай тэнцүү байх ажээ. Хэдийгээр бонд эзэмшигчид энэхүү саналыг нааштайгаар хүлээн авсан гэж тус корпораци мэдээлсэн ч компанийн хувьцаа энэхүү мэдээллээс хойш 38 хувиар унаад байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй