![](/uploads/edd6589e-add5-462c-a99c-2f8615994636.jpg)
“Shangri-La Ulaanbaatar"-ийн худалдаа, үйлчилгээний төв энэ сарын 22-нд нээлтээ хийнэ
Зочид буудлын салбарт тэргүүлэгчдийн нэг “Shangri-La” энэ оны эхний хагаст алдагдал хүлээж магадгүй гэж анхаарууллаа. Одоогоор тус компанийн хагас жилийн тайлан гараагүй байгаа ч урьдчилсан тооцоогоор зочид буудал болон үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ буурсан учир ашиг нь буурах эрсдэлд ороод байгаа юм байна. Тайлан ирэх сарын сүүлээр гарах товтой байгаа юм. “Shangri-La”-ийн Монголтой холбоотой үйл ажиллагааг харвал “Shangri-La Ulaanbaatar” цогцолборын хоёрдугаар шат болох худалдаа, үйлчилгээний төв энэ сарын 22-нд нээлтээ хийнэ. Энэхүү худалдааны төвд дэлхийн томоохон брэндүүдийн салбар нэгжүүдээс гадна “iMax” үүдээ нээх бөгөөд улмаар нийслэлийн хамгийн том худалдааны төвүүдийн нэг болохоор байгаа юм. Зөвхөн худалдаа үйлчилгээний төв гэлтгүй 24 давхар оффисийн барилга болон 33 давхар зочид буудал, орон сууцны зориулалттай барилга ашиглалтад орно. “Shangri-La Ulaanbaatar” цогцолборын эхний шат болох "5 одтой зочид буудал" өнгөрсөн онд нээлтээ хийсэн бөгөөд 2015 онд дүүргэлт нь 28 хувьтай байсан гэж толгой компани нь мэдээллээ. Улмаар Монгол дахь үйл ажиллагаанаас 10.9 сая ам.долларын алдагдал хүлээж байжээ. “Shangri-La” нь Монгол Улсад “MCS” групптэй хамтран үйл ажиллагаа явуулдаг. Энэхүү түншлэл Монгол Улсад зөвхөн зочид буудал гэлтгүй “Central Tower” оффисийн барилгыг эзэмшдэг. Төгрөгийн ханш унасан болон оффисийн талбайн нийлүүлэлт нэмэгдсэн зэрэг шалтгааны улмаас ”Central Tower”-ийн орлого буурсан гэж мэдээлж байсан юм.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй