![](/uploads/3e00c35e-de80-43e3-adca-c691c3f208eb.jpg)
Хэрэглэгчид цахим худалдааг илүүд үзэх болсон нь “E-Mart”-ийн ашиг буурахад нөлөөлжээ
Саяхан Улаанбаатар хотод анхны салбараа нээгээд байгаа “E-Mart” сүлжээ дэлгүүрийн ашигт ажиллагаа II улиралд 70 хувиар агшсан үзүүлэлттэй гарлаа. Хэрэглэгчдийн чиг хандлага өөрчлөгдөж, цахим худалдааг түлхүү ашиглах болсон нь тус компанийн орлогын 80 хувийг бүрдүүлдэг биет худалдааны эрэлт буурахад голлон нөлөөлсөн байна. “E-Mart”-ийн тайлангаас харвал орлого нь энэ оны II улиралд 3.45 их наяд вон болж өнгөрсөн улирлаасаа 5 орчим хувиар агшсан бол ашиг нь 47 тэрбум вон буюу улирлын дүнгээрээ 70 орчим хувиар буурчээ. Энэ нь зах зээлийн хүлээлтээс хэт доогуур үзүүлэлтэд тооцогдож байна. БНСУ-д залуучууд гэр бүл зохиох нь багассан төдийгүй бие даан амьдрах хандлага нэмэгдэж байгаа нь “E-Mart”-ийн хувьд сорилт болоод байгаа юм байна. Учир нь тус компанийн биет худалдааны дийлэнхийг өрхийн худалдан авалт бүрдүүлдэг байна. Мөн нөгөө талд эрэлт өндөртэй байгаа цахим худалдааны салбарт хүчтэй өрсөлдөөн явагдаж байгааг тус компани онцолжээ.
“E-Mart”-ийн зүгээс цахим худалдааны өрсөлдөөнд давуу тал бий болгох зорилгоор үнийн шинэ бодлого танилцуулсан байна. Мөн шинэ хэрэглэгчдийг татах үүднээс дэлгүүрүүддээ “Tesla” компанийн автомашиныг байршуулахаар хэлцэл хийж байгаа талаар эх сурвалжууд мэдээллээ. Монголд анхны салбараа нээгээд байгаа тус сүлжээ ирэх жилүүдэд том, жижиг нийт 30 салбар нээх төлөвлөгөөтэй байгаа ажээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй