Олимпийн медалийн урамшуулал
Яг цэвэр алт, мөнгө, хүрлээр хийсэн медальтай олимп 100-аад жилийн өмнө Лондонд болж байв. Тэр цагаас хойш медалийн өртөг багассаар өдгөө Токиогийн олимпийн алтан медалийг $810-оор хийжээ. Гэхдээ энэ $810-оор хийгдээд байгаа металлыг улс орнууд хэдээр үнэлдэг гэж бодож байна?
Монголд: Манай улсын хувьд 2012 оноос эхлэн олимпийн наадамд амжилт үзүүлсэн тамирчдад нэг удаагийн болон насан туршийн мөнгөн урамшуулал өгч эхэлжээ. Алтан медаль авбал нэг удаад ₮120 сая, мөнгөн медальд ₮60 сая, хүрэл медальд ₮30 саяыг өгдөг аж. Харин насан туршид нь сар бүр алтан медаль авсан тамирчдад ₮4 саяыг, мөнгөн медальд ₮3 саяыг, хүрэл медальд ₮2 саяын урамшуулал олгодог байна. Тухайлбал, жүдогийн тамирчин Д.Сумьяа 2016 оны олимпод мөнгөн медаль авснаасаа хойш өнөөдрийг хүртэлх 57 сарын хугацаанд улсаас нийтдээ ₮231 саяыг урамшуулал болгон авчээ. Энэ нь зөвхөн олимпийн мөнгөн медалиас авч буй мөнгө нь юм.
Дэлхийд:
MAX үнэлгээ: Олимпын медалийг хамгийн өндрөөр үнэлдэг улс Сингапур бөгөөд алтан медаль авсан тохиолдолд $737 мянга /₮2.1 тэрбум/, мөнгөн медальд $369 мянга /₮1.1 тэрбум/, хүрэл медальд $184 мянгаар /₮524.4 сая/ урамшуулдаг аж.
Уян хатан үнэлгээ: Америкийн хувьд тамирчдадаа алтан медаль авбал $38 мянгыг, мөнгөн медальд $23 мянгыг, хүрэл медальд $15 мянгыг олгодог гэнэ. Мөн тухайн тамирчдадаа мөнгөн эрүүл мэндийн даатгал, залуу тамирчдын коллежийн төлбөр зэргийг улсаас даадаг байна.
Сар бүр: Малайзын тухайд медалийн урамшууллаас гадна насан туршид нь сар бүр медалиас шалтгаалж $473-1182 тамирчдадаа өгдөг аж.
Сонирхолтой факт: Филиппин улсын анхны алтан медалийг авсан Хидилин Диаз-д бизнесменүүд, спортын холбоод, засгийн газраас нь нийтдээ $970 мянгыг өгсөн бөгөөд байшин, насан туршдаа үнэгүй нисэх эрхийн бичиг гэх мэт зүйлсийг мөн бэлэглэх аж.
Эцэст нь… Зарим хүмүүс тамирчдад шал дэмий мөнгөн урамшуулал олгоод байна гээд ярьдаг ч дэлхийтэй харьцуулаад харвал дундаж түвшинд л байна даа. Мөнгөн урамшуулал нь тамирчдын амжилтад хүрэхэд нь туслах нэг төрлийн хөшүүрэг гэж ойлгож болох л юм.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй