Сэтгэл хаана байдгийг хэн ч мэдэхгүй. Гэхдээ яаж өвддөгийг нь бүгд мэднэ
Өдрийн цагаар би хуулийн сургуулийн байдаг л нэг давгүй сурдаг оюутан. Хэн ч намайг гаднаас минь хараад миний амьдралд гарч байгаа эсрэгцлийг олж харж чадахгүй, зөвхөн би л түүнийгээ мэднэ.
Шөнө би металл хөгжим сонсож унтана. Бүр Doom металл. Хамт металл хөгжим сонсох хүрээлэлтэй байх боломж тэр үед байсангүй. Ерөөсөө л ганцаараа. Найз нөхдөөсөө олж авсан СD-ээ хуулаад MP3 дээрээ баахан металл дуу суулгачихсан. Тэрийгээ сонсоно. Оршихуйн философийн талаар уншина. Амьдрах уу, үхэх үү гэдэг эргэцүүллийг өөрийнхөө хэмжээнд л нухацтай боддог байсан үе. Түүний хажуугаар уран зохиол миний хувьд амьсгалдаг агаар, иддэг талх шиг л зүйл байсан. Худалч хүнд бичиг үсэг тайлагдсан цагаасаа хойш надад ном уншаагүй өнжсөн өдөр гэж бараг байгаагүй. Хэнээтэй шахуу.
Том болоод юу хийж амьдрах вэ? гэдэг шийдвэр гаргах болоход ямар нэгэн байдлаар би амьдралаа уран зохиолтой холбомоор байсан ч чадаагүй. Яг ямар байдлаар холбогдох нь ойлгомжгүй, бариад авах юмгүй, юу болох хэрэгтэйгээ ойлгохгүй байсан үе. Нэг талд намайг аймар хүчтэй татаж байсан зүйл байсан ч, нөгөө талд баталгаатай ажил мэргэжил байсан учраас би хуулиар сурсан юм. Өвөө маань ч хуульч байсан. Хууль надаас хол зүйл байгаагүй. Багаасаа уран зохиол уншаад үг хооронд шилжээд сурчихсан хүнд хуулийн үгийн логик бол тийм хэцүү зүйл биш. Ямар математик биш. Адилхан л үгнүүд явж байгаа болохоор надад түүртээд байх зүйл байгаагүй. Хуулийн сургуулиа би давгүй өндөр голчтой төгслөө. Хөөрхий хичээсээр байгаад дундаж түвшний Англи хэлтэй бас болчихсон. Тэгэхээр уг нь гайгүй газар ажиллах бүрэн боломжтой байсан ч надад мэргэжлээрээ ажиллах хүсэл төрөөгүй. Уран зохиол руу оръё оо гэхэд хэцүү, шууд номын орчуулга хийх гэхээр ямар ч туршлагагүй байсан болохоор хамгийн ойрхон байснаар нь кино орчуулдаг хүн болсон. Орчуулгын ажил руу их алгуурхнаар л орж байгаа юм л даа. Хоёр жил шахуу кино орчуулж байгаад залхаад нэгэн хуулийн фирмд мэргэжлээрээ ажиллах боллоо.
Дахиад л өдрийн цагаар би тун давгүй ажил хийдэг, хэн ч харсан сайхан амьдралтай эмэгтэй. Царайлаг ч найз залуутай байлаа. Бид хоёрт дутагдах гачигдах зүйл юу ч байгаагүй. Гаднаасаа миний амьдрал төгс төгөлдөр харагдаж байсан ч шөнө орондоо ороод нүдээ аниад хэвтэхэд бүх зүйл өөр. Юу ч буруу биш байхад би уйлдаг байлаа. Миний хүсэж байгаа амьдрал энэ мөн эсэхэд эргэлзэж өөрөөсөө асууна. Одоо цаашдаа яаж амьдрах вэ? Өөрөө өөртөө ийм шоовдор хүүхэд шиг амьдраад байх уу гэж шаналдаг байлаа. Надад дорвитой шийдвэр хэрэгтэй байсан л даа. Тэгэхэд л намайг хувь тавилан ивээсэн.
Би уран зохиолын ямар ч хүрээлэлгүй байж байгаад блогоор дамжуулж Баясаа гэдэг охинтой танилцсан. Цаадах чинь уран зохиолын аймаар гоё блог хөтөлдөг, би уншигч нь байсан юм. Бид хоёр ярьж үзэхэд Баясаа бас яг над шиг уран зохиолын орчуулга хийх хүсэлтэй хүн байлаа. Даанч хэн хэн нь өөр газар ажиллаж байсан. Анх уулзаад Баясаа надад шүлгийн номоо бэлэглээд, цаашдаа бид хоёр номоо солилцож уншдаг болоод бидний нөхөрлөл эхэлсэн дээ. Амьдралдаа би хэзээ ч өөр шигээ уран зохиолыг уншдаг мэдэрдэг найзтай байж үзээгүй болохоор надад үнэхээр гоё байсан. Баясаагаар дамжуулж цаашаагаа өөр бусад уран зохиолын хүрээлэл рүү ороход надад хамгийн өөрийнхөөрөө чөлөөтэй, таатай байж болох зөв газраа ирчихсэн юм шиг мэдрэмж төрж билээ. Би нэг Сингапур явж ирэхдээ Орхан Памукын Цас романыг тэндээс авчраад Баясаад бэлэглэсэн юм. Тэндээс нэлээн хэдэн номтой ирсэн. Одоо үе шиг дуртай юмаа олж уншихад тэр үед амар байгаагүй болохоор чадахаараа л дэлхийн зохиолчдын бүтээлийг түүж авчирсан. Тэгсэн Баясаа нөгөө номыг чинь Монгол хэл рүү яагаад ч юм орчуулчхаж. Тэгснээ бид хоёр өөрсдийн ямар нэгэн юмаа байгуулах болоод явчихлаа. Бидэнд аль хэдийнээ орчуулчихсан нэг ном байна. Баясаа яаж ийгээд Памукийн номын эрхийг өгөх агентлаг руу холбогдоод нэлээн хэдэн захидал бичив. Үнэхээр үнэн учраа л бичсэн л дээ. Олон бичээд байхаар сүүлдээ цаад талаас өрөвдсөн үү яасан бидэнд эрхийг нь өгөөд бидний хамгийн анхны ном болох Памукаа албан ёсоор гаргахаар болж Тагтаа паблишинг үүслээ. Хэн хэнийх нь хүсэл мөрөөдөл биеллээ олж, үндэс сууриа тавьсан явдал байлаа.
Тэгээд цаашлаад Кафка, Кундера, Тагтаагийн бусад номнууд гээд Баясаа бид хоёр чадах чинээгээрээ Тагтаагаа босгох гэж, итгэл үнэмшлийнхээ дагуу үнэ цэнэтэй, утга учиртай зүйл хийхсэн гэж зүтгэсэн. Тэгж байтал нэг л өдөр нэг хүнтэй учирч тэр хүндээ маш хүчтэй татагдаж дурласан. Бидний харилцаа гэхдээ эрүүл байсангүй. Хайрын шархны асуудлууд амьдралд маань гарч ирэв. Түүнтэй л хамт байхын тулд, тэр л хүнд таалагдахын тулд өөрийнхөө сэтгэл зүйн дааж чадахгүй хэмжээний зүйлсийг тэвчиж яваандаа тэр маань буглаж ужгираад тэвчихийн аргагүй болсон. Эхэндээ надад зүгээр л харилцаанд гардаг энгийн зөрчлүүд юм шиг л харагдаад байсан. Яваандаа шалтгаангүй сэтгэл өвдөөд, аз жаргалгүй байгаад байдаг болчихсон гэдгээ анзаарлаа. Өглөө сэрэхэд л ядарчихсан байна. Өдрийг өнгөрөөх хүч тэнхээ байхгүй тэгсэн мөртлөө яагаад байгаагаа ойлгохгүй үлгэн салган амьтан л явна.
Дотооддоо ядарч туйлдаад, аз жаргалгүй удаан байгаад байхаар хүн өөрийн эрхгүй үхлийн тухай л боддог юм байна лээ. Би ер нь үхмээр байх шиг байна гэсэн бодол орж ирэх ч гэсэн оюутан байхдаа оршихуйг эргэцүүлж эморч байсан тэр үеэ санана. Би ямар үхлийн тухай бодож эморч сураагүй юм биш. Энэ байдлаа байнга эмордог байсан тэр нэг зуршилтайгаа адилхан зүйл гэж эндүүрээд байсан хэрэг. Нэг удаа аймаар уучихсан байж байхдаа тагтнаасаа үсрэх гэж нэг үзлээ. Тэр мөчийг маш сайн санадаг. Би нэлээн согтолттой ч ухаангүй бол байгаагүй. Манайх зургаан давхарт байдаг. “Одоо ингээд дуусгая” гэж агшин зуурт шийдээд тагтаа даваад л шууд нүдээ аниад бие сул тавих агшинд ардаас гар гарч ирээд намайг барьж аваад татсан. Манай сайн найзын найз залуу байсан л даа. Ардаас нь миний найз залуу ч гарч ирсэн. Тэр үнэхээр агшин зуурын шийдвэр, үйлдэл байсан юм. Энэ үеэс л найз залуу маань, найзууд маань миний сэтгэл зүйн байдалд арай ноцтой хандаж эхэлсэн байх. Маргаашаас нь найзууд маань ч, найз залуу маань ч намайг сэтгэцийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхийг хүсэв. Хүн тагтнаасаа үсрэнэ гэдэг яаж ч бодсон жирийн зүйл биш шүү дээ. Тэгээд тэнд очиж байж л би анх сэтгэл гутрал гэдэг өвчтэй гэдгээ мэдэж авлаа. Гаднаасаа зүв зүгээр, эрхтэн бүтэн эрүүл саруул байгаад байдаг. Дотроо бол бөөн тулаан, зөрчил болж байсан. Зүгээр ч гутрал биш, архины хамааралтай хавсарсан сэтгэл гутрал гэж намайг оношлолоо.
Хүний бие өвчин намдаагч уудаг шүү дээ. Сэтгэлийн өвдөлт чинь биеийн өвдөлттэй л адилхан бодитой өвдөлт. Гэхдээ сэтгэлийн өвдөлтийг өвчин намдаагчаар дарж чадахгүй. Тэр зүйлийг намдаах хамгийн ойрхон зүйл нь архи байсан болов уу. Архи хүнийг бодит амьдралаас сатааруулдаг, зарим зүйлийг мартагнуулдаг. Тэрнээс болоод аягүй их хүн сэтгэл доторх асуудлаа дийлэхгүй дагаж архи уугаад байдаг. Тэгэхээр архи бол шинж тэмдэг байгаа юм л даа. Шалтгаан биш. Шалтгаан бол хүний өөрийнх нь дотор байдаг.
СЭМҮТ-д хэвтээд жаахан дээрдсэн, ядаж оношоо мэдсэн. Оношгүй, энэ бүхнээ зүгээр эморол гэж андуурч бодож явдаг байх үе л жинхэнэ там байсан. СЭМҮТ-ийн эмчилгээ нь надад давхар архины эсрэг эм уулгаж байсан. Архи байгаа тохиолдолд сэтгэл гутрал эмчлэгдэхэд хэцүү. Тэр эмийг ууж байхад ганц пиво уухад л дотроос хүчтэй өвдөлт өгч, дотор муухайрна. Бие махбодоор нь зовоогоод ирэхээр архи уух угаасаа дуршилгүй болно. Бие минь ч эрүүлжсэн. Намайг 10 хоногийн дараа эмнэлгээс гарахад ойр тойрныхон маань овоо нааштай болчихсон байв. За энэ хүнд ямар нэгэн юм байгаа гэдгийг ойлгочихсон. Би ч эмнэлгээс гараад амьдралаа өөрчилье гэж бодоод үүргэвчтэй аялал хийхээр шийдэв. Сэтгэл зүйгээ цэгцлэх, одоо байгаа нөхцөл байдлаасаа холдох зорилготой. Бээжинд байдаг найзууд дээрээ очиж дотуур байранд нь туулайчилж 10 гаруй хоноод, цаашаагаа Сөүлд байдаг найзыгаа бараадаж тэнд 14 хонолоо. Бас зүгээргүй буцах зардлаа олох гэж аяга таваг угаадаг ажил ч хийгээд үзчихсэн.
Монголд буцаж ирэхдээ "За одоо л бүх юм гайгүй болох байх. Бүхнийг шинээр эхэлье" гэх юм бодчихсон аягүй эрмүүн байсан юм. Гэтэл харилцаанд маань дахиад л асуудал үүслээ. Найз залуу маань миний хязгаарыг давсан үйлдэл гаргачихсан санагдаад нөгөө л бахь байдаг, хуучин намаг балчиг шиг гутралтай амьдрал руугаа буцаад унасан. Юу ч дээрдсэнгүй. Миний өөрийгөө хамгаалах механизм сул юм шиг байгаа юм л даа. Би багадаа тархиа хагалчхаад уйлдаггүй, шатнаас уначхаад уйлдаггүй хүүхэд байсан гэдэг. Өвдөлтийг тэгж тэсдэг. Тэрний ч юм байсан юм болов уу гэж боддог юм. Намайг хүн өвтгөөд байхад ч тэсээд л байдаг. Найз залуу маань надад салъя гэж үргэлж хэлэх болов. Би харин цэвэр гуйдаг тал нь болсон. Над шиг сэтгэл гутралтай, тэрнээсээ болж их уудаг, шалдаа буучихсан хүнтэй байх хэцүү шүү дээ. Найз залууд маань төвөгтэй, тээртэй санагдсан л байж таараа. Гэтэл би тэр хүнийг ойлгоогүй. Тэр надад "Би чамд хайртай болохгүй байна. Хоёулаа угаасаа бүтэхгүй. Бидэнд ямар ч ирээдүй байхгүй. Гэхдээ чамд хэцүү байвал өвөл дуустал чамтай байгаад өгье" гэж хэллээ. Тийм тодорхой үг сонссон мөртлөө л би түүнээс салахгүй гэж гуйсан. Надад хайргүй гэдэг нь үг бас үйлдлээр батлагдаад өөртөө би үнэ цэнгүй, хог новш шиг санагдддаг болсон. Гэхдээ яагаад надад тэгж хандаж байхад би үргэлжлүүлж түүнийг гуйгаад байсан учраа ойлгодоггүй. Тэр нь миний хувьд бол хайр байсан байх л даа... Гэхдээ тийм хайр ч гэж юу байхав дээ. Магадгүй хэцүү нөхцөл байдалд ганцаараа үлдэх нь надад илүү хэцүү байсан байх. Яагаад ч юм тэр хүнтэй болгож бүтээгээд цаашдаа хамт байхыг би маш их хүссэн.
Гэвч миний хийж байгаа бүхэн гутамшигтай, сул дорой, хөөрхийлөлтэй санагдаад бодож байгаад би нойрны эм уухаар шуударлаа. Миний амиа хорлох гэсэн хоёр дахь оролдлого. Би тэгэхэд эв эрүүл байсан. Бөөн эм усаар даруулж уугаад түүний хажуугаар орж хэвтсэн. Дуудахад нь би хариу үйлдэл үзүүлээгүй болохоор ч юм уу, эсвэл би ямар нэгэн хэвийн бус реакц үзүүлсэн болохоор ч юм уу мэдэхгүй ухаангүй болчихсон байгааг минь мэдээд найз залуу маань намайг хордлогын төвд аваачсан. Тэр нэлээн аймар юм болсон. Гэр бүлийнхэн, найз нөхдийн минь хувьд. Ээж, гэр бүлийнхэн намайг эмнэлгээс гэрт хүргэж өгөөд ганцааранг минь орхиод явсан. Найз залуу маань надаас сална гээд хамаг юмаа аваад явчхаж. Угаасаа энэ хүнтэй байвал хүн амины хэрэгт орно л гэж бодсон байх. Хэцүү л дээ. Хажууд хэн ч үлдсэнгүй. Тэр шөнө ганцаараа хонохоор болоход яагаад ч юм их гомдсон. Бас нойрны эмний нөлөө нь бүрэн гараагүй, өөрийнхөө хийсэн үйлдэлд бас давхар цочирдолд орчихсон сонин байдалтай хэвээрээ байсан үе. Тийм сэтгэл зүйтэй байж өөрөө шийдвэр гаргаад хүмүүс рүү түрүүлж хандаж тусламж хүснэ гэж бараг л байхгүй санагдсан. Угаасаа л намайг хангалттай хайхрахгүй байгааг нь гашуунаар мэдрэх шиг. Дотны хүмүүс маань хажууд байхгүй байгаа нь намайг шүүж шийтгэж, хийсэн үйлдлийг минь буруу гэдгийг мэдрүүлэх гэснийх гэж ойлгосон. Намайг халамжилчих л юм бол өөхшүүлчих гээд байгаа мэт. Тэр шөнө, тэр ганцаардлыг даван туулах хамгийн хэцүү байсан. Адилхан сэтгэл гутралаар өвдөж байсан найзтайгаа утсаар ярьсан. Тэр надад их хань болсон доо.
Манай ээж, ах нарын үеийнхэн сэтгэл гутралыг ойлгохгүй юм байна лээ. Тэд чинь 90-ээд оныг даван туулсан, ахуй амьдрал амин зуулгынхаа төлөө тэмцэж байсан хүмүүс. Орчин үед хүн гутраад, тэр сэтгэл нь тэсэхийн аргагүй өвдөөд байна гэдэг зүйлийг нэг их ойшоохгүй. Чи мөр бүтэн, гэдэс цатгалан байж юу яриад байгаа юм л гэнэ. Солиорч галзуурч байна л гэж бодохоос сэтгэлийн өвчний нарийн ялгаа, ньюнсыг ялгахгүй. Тэгээд би нэг их яриагүй л дээ. Миний хийж байгаа үйлдлүүдээс өөр өөрсдийн дүгнэлтээ аваад явчихсан байх. Сэтгэл зүйч нар өвчтөнийхөө гэрийнхэнд тайлбарлаж ойлгуулж өгдөг байвал их зүгээр санагдсан. Би хэлбэл нэг өөр, эмч хэлбэл бас нэг өөр шүү дээ. Тэр шөнийн дараанаас олон ч найзууд маань бас Баясаа маань надад санаа тавьсан. Чадах чадахаараа л. Арай гэж шинэ жилийг давлаа. Найз залуу маань аяллаар Хонгконг явчхаад ирчихсэн байсан. Тэр хүн над дээр буцаж ирэхээр болоход би хүлээгээд авсан. Түүнийг зарим зүйлсийг ойлгосон байх гэж би итгэсэн. Хамт байхыг хамгийн их хүссэн хүн маань одоо хажууд байна. Харамсалтай нь, амархан юм шиг бодож байсан ч нэгэнтээ гэмтээд удчихсан, ужгирчихсан сэтгэл зүй буцаад сэргэхдээ тун удаан байлаа. Хэрэгтэй үедээ зохих ёсны сэтгэл зүйн тусламж авч чадаагүй, өөрөөрөө болгох гээд л яваад байснаасаа болж улам хүндрүүлчихсэн байж. Хамт байгаад буцаад л бие биеэ тамласан даа.
Тэр хүн гэхдээ урьдынхаасаа зөөлөрчихсөн, намайг хайрлаад цаашдаа хамт байна гээд шийдчихсэн байсан ч энэ удаа миний ааш авир болохоо байчихсан байв. Хэрэв нэг тууштай арга хэмжээ аваад явчихсан бол магадгүй илүү хурдан тэр байдлаас гарах байсан байх. Миний сэтгэл зүйн төлөв байдал, уналт жаахан дийлдэшгүй болж эхэлсэн. Найз залуу маань энэ хүн өвдчихсөн байна гэж надад санаа тавиад өмнөхөөсөө шал өөр хандана. Нүдэн дээр нь тийм болоод байхаар намайг бас жаахан өрөвдсөн байх. Янз янзаар л үзсэн. Тэгэхэд бол түүнээс хайрыг мэдэрч байсан. Гэвч би өөрөө өөртөө хэн ч биш, ямар ч үнэ цэнгүй хүн шиг санагдана. Тэгэнгүүт тэр хүн намайг хайрлаад хажууд байгаа гэдэг нь худлаа ч юм шиг. Хайр биш зүгээр түүний хүн чанар, намайг өрөвдсөн сэтгэл төдий зүйл гэж бодогдоод тэр нь жаахан доромжлол ч юм шиг мэдрэмж төрөөд тэр хүн намайг бүрэн хайрлаж байна гэж итгэж чадахгүй. Хүний эго ч бас аймар зүйл л дээ. Түүний хайрыг сорих гээд л. Чамтай хамт байна, чамайг хайрлана гэх бүрд нь улам муухай үйлдлүүдийг би хийсэн. ‘Би энэ харилцааны төлөө ийм юмаа золиосолсон, тийм юмаа алдсан одоо гэтэл миний байгаа байдлыг хар!’ гэсэн гомдлоор түүнийг гомдоох бас гэмтээх болов. Тэр маань тодорхой түвшинд хүрэнгүүт найз залуу маань дахиад л яваад өгч байгаа юм. "Би хичээсэн, чи хичээхгүй" байна гээд л.
Дахиад л надад амьдарч чадахгүй юм шиг мэдрэмж төрлөө. Хэн болж хувирсан тэр бүхнээ харахад надад гутамшигтай байсан. Өөрөө өөрийгөө хатуу шүүж, өөртөө урам хугарсан. Хийсэн үйлдлүүдээ бодож гэмшиж, гутаж, өөрийгөө улам үзэн ядсан. Найз нөхдөдөө ч, хайртай хүндээ ч, ээж гэр бүлдээ ч дарамт зовлон болж амьдарч байхаар үхчихвэл бүх хүнд дээр ч юм шиг санагдсан. Өөрийгөө аваръя гэхээр өөртөө ч бас новш. Шөнөжин ганцаараа бодож байгаад өглөө нь гарч дэлгүүрээс претка авсан. Том өрөөндөө өөрийгөө зүслээ. Өвдсөн. Би эв эрүүл байсан. Хоёр зүсээд л больсон. Цус минь гоожиж байгаад л удахгүй бүлэгнээд тогтлоо. Энэ удаа ээжийгээ бодсон л доо. Магадгүй арай хүчтэй шийдээгүй шалтгаан. Дараа нь зүгээр л хэвтсэн. Ангайсан шархаа өөрөөр нь эдгээсэн, эмнэлэгт ч очоод оёулчихаж чадаагүй.
Би сэтгэл гутралтай гэдгээ бүрэн хүлээн зөвшөөрөөд нээлттэй ярьдаг болчихсон байсан шүү дээ. Тэгээд найзуудтайгаа уулзаад ярилцаж байхад хүмүүсийн сэтгэл гутрал гэдэг зүйлийг уран сайхны байдлаар яаж хүлээж авцгааж байсан төсөөллүүд нь аймар өөр байсан. Нэг эмэгтэй найз маань өөрийгөө дандаа усанд живж байна гэж зүүдэлдэг байсан юм. Шөнө унтаж чадахгүй амьсгал нь боогдох гээд байна. Тэгж байснаа зүүрмэглэхээрээ живж байна гэж зүүдэлнэ. Ус нөмрөөд л, амьсгал нь боогдоод л. Тэр хүний сэтгэл гутралын шинж тэмдэг нь бие махбод дээр нь илэрч амьсгал нь боогддог байсан. Бас нэг эрэгтэй найз маань өөрийгөө дандаа элсэн цөлд төөрч байна гэж зүүдэлнэ. Зах хязгааргүй юманд орчхоод хаачихаа мэдэхгүй байгаад байдаг нь өөрт нь шаналгаатай. Тэр найз маань ч бас сэтгэл гутралтай, бүр хажуугаар нь хавсарсан эмгэгүүдтэй байсан юм. Миний зүүдэнд болохоор би дандаа худгийн ёроол эсвэл харанхуй нүхэнд байж байна. Тэндээсээ гарч чадахгүй. Надад илэрсэн шинж тэмдгүүд бол ямар ч энергигүй байх, өдөр тутмын энгийн дадал үйлдлийг хийхэд ч хүнд санагдана, аз жаргалыг мэдрэхээ болино. Тэгээд тэрийгээ хүмүүст хэлэхээр ойлгохгүй. Өөдөөс хортой дэмжлэг их хийнэ. "Чи маяглалаа, чи эрч хүчтэй цоглог бай" гэнэ. Тэгэхээр хүн давхар давхар занганд ороод эхэлж байгаа юм.
Яг өөрөө сэтгэл гутралаар өвдөж үзээгүй хөндлөнгийн хүнийг миний доторхыг ойлгосонгүй гэж буруутгах угаасаа хэцүү. Сэтгэл зүй өвдөөд л байхаар сүүлдээ өвдөлтөндөө залхаад тодорхой хязгаарт очоод өвдөхөө больдог юм шиг байна лээ. Туйлдаа хүрээд юм эргэнэ гэх юм уу. Тэр дунд цаг хугацаа бас өнгөрсөн. Баясаа бид хоёр Тагтааг босгох гэж хэчнээн жил зүтгэлээ дээ. Өмнө нь эн тэнцүү зүтгээд явдаг байж байснаа нэг нь ор тас алга болчхож байгаа байхгүй юу. Надад хайртай, дуртай уран зохиолын орчуулгын ажлаа хийх энерги байгаагүй. Бүтээлч ажил чинь их энерги, гүн төвлөрөл шаарддаг. Надаас тэр үеүдэд юу ч гараагүй. Баясаад ямар ч тус нэмэр болохгүй, харин лай болоод эхэлсэн. Найз нөхдөдөө гай болчихгүй юмсан, дуусвал өөрөө л ганцаараа дуусъя гэж би бодоод тухайн үедээ омог бардам шийдвэр гаргаад олон жил босголцсон Тагтаагаасаа эцсийн бүлэгтээ гарах, холдох болсон. Яг тэр үедээ анзаарч ойлгоогүй ч явцын дунд цаг хугацааг туулах тусам тэр маань надад цаагуураа санаснаас хүндээр нөлөөлсөн байсан. Миний карьер, хийж бүтээх хүсэл, мөрөөдөл, хувь хүний үнэ цэнэ маань бүгд алга болчихсон. Тэгэхэд л би ойлгосон. Уран зохиол миний амьдралд ямар үнэ цэнтэй байсныг. Хайр чухал, харилцаа чухал гэхдээ миний хийж бүтээхийг хүсдэг эрмэлзэл бас чухал байсан. Би өөрийгөө алдсан байсан. Өөрийгөө үнэ цэнгүйгээр мэдэрч байсан томоохон хүчин зүйлийн нэг нь тэр. Одоо би цаашаагаа явъя хүсэж байгаа үнэ цэнээ бүтээе гэх юм бол би өөрөө хэвлэлийн газар байгуулаад ганцаараа зүтгэхээс өөр аргагүй гэдгийг сүүлдээ ойлгосон. Баясаа бид хоёрын зам нэгэнт салчихсан.
Тэгээд л Нилээ байгуулахаар болсон. Ганцаараа бүхнийг эхлүүлэхэд хэцүү бас жаахан гунигтай. Хамтрагчийнхаа дэм, хань барааг санана. Бид хоёр биенээ үргэлж ойлгодог гоё байсан юм. Тэр үед харин дүү нар маань дэмжсэн. Жаахан ажлаа хийгээгүй удсан ч миний Тагтаагаас олж авсан туршлага алга болчихгүй шүү дээ. Чадварууд маань байж л байсан. Тэгээд тэр бүхэн дээрээ суурилаад Нилээ босгосон. Нил ч бас намайг босгосон. Өөрийгөө үнэлэх үнэлэмж минь буцаад сэргэсэн. Дээрээс нь би сэтгэл засалч дээр яваад депрэссний эм 2 сар уусан. Тэр бас их нөлөөлсөн. Тэр эм хүчээр тархинаас минь аз жаргалын гормон ялгаруулаад босгоод ирсэн. Хоёр сар уугаад тэгээд эмээ зогсоосон л доо. Ажлынхаа үндэс суурийг тавьчихаар тэгээд хэвтээд байж болохгүй. Ажлаа хийх түвшинд оччихсон байна гэхээр нэлээн дээрдсэн байгаа юм. Гоо үзэсгэлэн бол шарх, Төгс тоо, Ланагийн шүлгийн ном, Бараг нэвт харагдах цэнхэр гээд Нил чинь хагас жилийн дотор 4 ном гаргачихсан байна. Ном бүтээх явц амархан биш. Удаан хугацаанд бичиг цаастай зууралдана, орчуулна, сууна. Гэхдээ номоос авах таашаалыг би мэддэг болохоор тэр бүхнийг өөрөө бүтээгээд бусад хүмүүст сэтгэл хөдлөл, мэдрэмж түгээнэ гэдэг маань надад утга учиртай байдаг юм. Би өөрийгөө ийм хүн байсныг таниагүй. Хайрынхаа төлөө бүх юмаа зориулаад байж чадна гэж өөрийгөө бодсон ч, яс юман дээр тэгж чадахгүй болохоороо дотроо бас тэрийгээ хураагаад л байсан байна лээ. Тэр хүний өгсөн өвдөлтийг, тэр хүнийг жинхэнээсээ өөрөөсөө явуулж байж л зүгээр болгосон. Одоо эргээд тэр сэтгэл гутралтайгаа тэмцэлдэж байхдаа мэдэрсэн өвдөлт, гутамшиг, цочролыг сэргээн санахад л зүрх чичирдэг. Гутрал маань гайгүй болоод эдгээд явж байхад "Ямар гоё юм бэ би эдгэж байна" гэж бодохгүй мөртлөө нөгөө харанхуй нүх рүүгээ буцаад уначих вий гэсэн айдас сүүдэр шиг дагаад байдаг юм.
Би яг санаж байна л даа, хамгийн хүнд үедээ өөрийгөө ямар байсныгаа. Өөрийгөө ч ойлгохгүй байхад хүмүүс ойлгохгүй байх ямар хэцүү байдгийг. Намайг ойлгохгүй юмаа гэхэд ядаж битгий миний доторхыг үгүйсгээсэй, шүүгээсэй гэж ямар их хүссэнийгээ. Сэтгэл гутралыг туулж яваа хүмүүст янз бүрийн сэтгэл өргөсөн өөдрөг зөвлөгөөнүүд хэзээ ч тус болдоггүй. Сэтгэл гутрал бол зовлон нь багадаад, амьдралд эрхлээд тусдаг өвчин биш. Олон нийтийн дунд нэг тогтсон ойлголт байдаг шүү дээ. Амиа хорлох оролдлого хийхийг хүүхдүүд завдлаа гэдэг мэдээ байхад доор нь ямар комментууд байдаг билээ. Голцуу л арчаагүйгээр нь дуудаж харааж нийтээрээ чичилсэн байдаг. Тэр хүүхдүүд маш их зовсон болохоор тэр зүйлийг хийхийг завдсан гэдгийг ойлгодоггүй. Хаана ч хямдхан амь гэж байдаггүй, хэн ч тийм амархан өөрийгөө үхүүлье гэж боддоггүй. Хүн үхье гэж нэг удаа бодоод л үхнэ гэж юу байх вэ? Бараг мянган удаа толгойд нь үхэх талаар бодол орж ирээд цөхрөөд, туйлдаад, тэвчишгүй болоод гаргадаг сүүлийн шийдвэр нь тэр. Тийм тодорхой процесс байгаа байхгүй юу. Ойр тойронд чинь сэтгэл гутралд автсан хүн байвал зүгээр л түүнийг өвдсөн гэдгийг ойлгоод битгий үгүйсгээрэй, ойлгохыг хичээгээрэй, битгий шүүгээрэй бас хүчлээрэй. Түүнийг хүлээн зөвшөөрөхөд л хангалттай. Нэртэй сэтгэл зүйч нар ярьдаг юм байна лээ. Сэтгэл гутралд өртөж байгаа хүмүүс сэтгэл зүйн хувьд нэлээн хүчтэй байдаг гэж. Яагаад гэвэл сэтгэл гутралд ортлоо ямар нэг зүйлийг тэсчихсэн байна шүү дээ. Тэсэж хураагаад л дотроо байлгасаар эмгэг болгочихдог юм шиг байгаа юм. Тэгээд эцэст нь сэтгэл гутралтай байгаа хүмүүст хэлэхэд бол "Зөндөө зовж шаналж байгааг чинь ойлгож байна. Гэхдээ энийгээ даваад гарсны дараа бол чи илүү хүчтэй болно. Хамгийн гол нь сэтгэл зүй гэж хүний нүдэнд харагддаггүй гарт баригддаггүй зовлонг чи олж харж чаддаг ойлгодог болж илүү хүнлэг болно шүү". Чеховын нэг үг байдаг. “Сэтгэл хаана байдгийг хэн ч мэдэхгүй. Гэхдээ яаж өвддөгийг нь бүгд мэднэ"
Эх сурвалж: ChoironGoo
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй