2027 онд "Арслан заан"-ыг ахин амилуулахад бэлэн

UB Info

“Юрийн галавын цэцэрлэг” киног санаж байна уу? 

Биотехнологийн хөгжлийг ашиглан үлэг гүрвэлүүдийг дахин амилуултал, урьдчилан тооцоолоогүй экосистемийн асуудал үүсдэг. Шийдэл нь юу байсан бэ гэхээр маш сайн хадгалагдсан үлэг гүрвэлийн ДНХ-г мэлхийн ДНХ-тэй нийлүүлэн ахин-амилуулалтыг боломжтой болгодог. 

Гэвч тухайн үед:

  • 60 сая жилийн өмнөх ДНХ дарааллыг тайлж чадах уу?
  • Геномын дараалалд хүссэнээрээ өөрчлөлт хийж чадах уу?
  • Генетикийн хувьд загварчилсан амьтныг амжилттай төрүүлж, амьдруулж болох уу? гэх асуултуудын хариулт нь уран зөгнөл байсан.

Байсан. Гэхдээ одоо бодит. 

2020 оны Нобелийн шагналыг "Геном засварлах арга буюу КРИСПР-КАС технологи" хүртэж, өнгөрсөн онд "40 мянган жилийн настай Неандерталын геномын бүтэн дарааллыг тайлсан" эрдэмтэн Нобелийн шагналыг хүртсэн билээ. 

Мөн үлэг гүрвэлийн удам бол мэлхий гэхээс илүү шувуу юм гэдгийг хувьслын биологи харуулаад байгаа. Тэгэхээр “DE EXTINCTION” гэх ойлголт нэгэнт бодит болж эхэлсэн гэсэн үг. 

Extinction бол мөхөл, устаж үгүй болох гэсэн утгатай. Харин “DE EXTINCTION” яг эсрэгээрээ. "Генетик инженерчлэл болон клонлах технологийн аргаар устаж үгүй болсон төрлийг ахин амилуулах үйл явц".

Нэгдсэн Үндэсний Байгууллагын мэдээлснээр цаг тутамд 3 амьд биетийн төрөл хүнээс хамааралтайгаар устан үгүй болж байна. Эрдэмтэд энэ цагийг үлэг гүрвэлүүдийн мөхлөөс хойших хамгийн их амьд биетийн төрөл устаж буй мөч хэмээн дүгнэж 6 дахь үеийн устал гэж тодорхойлжээ.

Тэгвэл эдгээр амьтдыг буцаан авчрах боломжтой юу? Хэрэв боломжтой бол хэн авчрах вэ? 

Colossal хэмээх компани энэ ажлыг эхлүүлээд багагүй туршлага хуримтлуулжээ. Хамгийн шилдэг эрдэмтдийн багийг бүрдүүлж том зорилго тавин ажиллаж байна.

Одоогоор 225 сая долларын хөрөнгө оруулалт цуглуулаад байгаа компани 2027 он гэхэд арслан зааныг буцаан амилуулна гэдгээ зарласан. Арслан зааны хувьд харьцангуй сүүлд буюу 5-10 мянган жилийн өмнө амьдарч байсан тул ДНХ нь сайн хадгалагдсан байдаг. Харин геном дарааллын хувьд Азийн заантай 99.6 хувь таардаг.

Тийм учраас мөхсөн зааны ген болон азийн зааны эрлийз нэгэн төрлийг бүтээнэ гэсэн үг. Харин арслан зааныг ахин амилуулж яах нь вэ гэвэл тэдэнд тун галзуу нэгэн санаа байна. 

Арслан зааны бүслүүр гэгдэх Сибирийн өргөрөг дээрх бүсийн экосистемийг сэргээх төлөвлөгөөтэй. Амьд бульдозер мэт энэ амьтад хөрсийг ярж, органик бордоог ялгаруулж, үржил шимийг нэмэгдүүлж, цасыг ханзалж ногоон талбайг нэмэгдүүлнэ. 

Pleisticene Park хэмээн байгуулагдаад бүтээмжээ аль хэдийн баталсан энэхүү хүрээлэнд хэрэв арслан заанууд алхаж эхэлбэл Дэлхийн дулаарлыг бүр илүү бууруулах нөлөөтэй гэж үзжээ. 

Тэгвэл танаас асуулт: 

-Нэгэнт мөхсөн амьтдыг буцаан авчрах нь этикийн хувьд асуудалтай юу?

Эх сурвалж: Gej Yu Ve ?

САНАЛ БОЛГОХ