Худлаа хэлэх, хайр дурлал хоёр л хүний ой санамжид их хүчтэй үлддэг юм

UB Info
Худлаа хэлэх, хайр дурлал хоёр л хүний ой санамжид их хүчтэй үлддэг юм шиг байгаа юм. Уг нь би багынхаа юмыг айхтар санадаггүй юм. Тэгсэн мөртлөө хоёрдугаар ангид байхад Баярмаа гэдэг ангийн маань охин аягүй хөөрхөн харагдаж байсныг сайн санаж байна.
 
Тэр үеийн минь л дурлал юм шиг байгаа юм. Бас гуравдугаар ангид байхдаа гэрийн даалгавраа хийгээгүй ирчхээд багшдаа дэвтрээ мартчихсан гэж худлаа хэлж байснаа сайн санадаг. Энэ хоёр зүйлээс бусад зүйлийг би нэг их тод санадаггүй юм. Би нэлээн том болж байж ухаан орсон. Гэр маань Ханын материалд, сургууль маань 1-р хороололд. Сургууль гэр хоёрын хооронд автобусаар долоон буудал явна. Гэр хороололд намаг шавар ихтэй газар амьдардаг байсан болохоор ямар ч гутал өмсөөд гарсан шавар болно, тэгээд шавраа гөвж гөвж байгаад хичээлдээ ороод суухаар үлдсэн шавар нь хатаад доошоо шалан дээр унана. Бүх хүүхдүүдийн доод талыг харахаар зүгээр, миний доод тал тэр чигтээ шороо болчихно. Тэгэхээр нь гэрээсээ автобусны буудал хүрэх хүртлээ пүүзнийхээ гадуур арвын уут углаад алхчихдаг болсон. Сургуулийнхаа хүүхдүүдтэй харьцуулахад манайх боломж бололцоо муутай, хөдөөнөөс хот руу шилжиж ирсэн айл байсан ч гэсэн би онц сурч хажуугаар нь дүүтэйгээ мөнгө олж болох юу л байна бүгдийг хийдэг байлаа.

Би багаасаа л өөрийгөө захирал болно гэж боддог байв. Ээж минь байнга "Миний хүүхдүүд сайн явна. Өөрсдөө л зөв байвал та нар сайн явах нь тодорхой хүүхдүүд шүү" гэж хэлдэг байсан нь магадгүй нөлөөлсөн байх. Би доороо хоёр дүүтэй. Тэрнээс нь болоод ч тэр үү, бид гурав бүгдээрээ сайн явна гэдэгтээ маш итгэл үнэмшилтэй өссөн. Лав л би сайхан хувь заяатай гэдэгтээ хэзээ ч эргэлзэж байгаагүй юм даг. Ээжийн дахиад нэг дандаа хэлдэг байсан үг нь "Гараас чинь гар унахгүй". Ямар нэгэн юм газар уналаа гэхэд хэн түрүүлж авах вэ гэдэг өрсөлдөөн манай гэрт байх ёстой л гэсэн үг л дээ. Одоо жишээ нь 4үүлээ сууж байхад тэнд хоолоо аваарай гэж хэлэхэд би хамгийн түрүүнд босдог юм. Тийм дадал надад бүр суучихсан. Ямар ч л байсан чадна, болгоно, бүтээнэ гэдэг сэтгэл зүйгээр ээж минь намайг өсгөсөн байв. 2000 онд манайх хотод нүүж ирээд удаагүй байх үед Хархорин зах дээр нагац ах эхнэртэйгээ мах зардаг байсан юм. Тэгээд тэр хоёр дээр очсон чинь "Чи дүүтэйгээ ирж энд туслаач!" гэж байна. Ах эгч хоёр бөөний худалдааны төвөөс тороо 50 төгрөгөөр авч болохоор байдаг ч залхуураад хүний гар дээрээс 100 төгрөгөөр авдаг байв. Тэр 100 төгрөгөөр зардаг хүн нь нэг буланд байж байдаг ч яг хэрэгтэй үед алга болчихдог, эсвэл өглөө ажилдаа ирдэггүй ч үе байдаг гэнэ. Тэрийг нь сонсоод хэдийгээр жаахан хүүхэд ч гэсэн би хүүхдийнхээ ухаанаар тэнд нэг зах зээл шиг зүйл байна гэдгийг ойлгочхож байгаа юм л даа. Тэгэхээр нь дүү бид хоёр бөөний төвөөс 50 төгрөгөөр тор аваад 100 төгрөгөөр зарахаар бэлдээд захын хоёр буланд очоод зогсчихдог боллоо. Хичээлгүй бүх өдрүүдэд дүүтэйгээ ирж тороо зарна. Өглөөгүүр тор маань сайн гүйдэг ч үдээс хойш болоод ирэнгүүт борлуулалт нь багасчихна. Тэгэхээр нь тэнд өөр юу хийж болох уу гэдгээ бодлоо. Тэрэг түрдэг ах нар өдрийн 2000 төгрөгөөр тэрэг түрээслээд өглөө оргил ачааллын үеэр түрээсийн мөнгөө, гэр лүүгээ авч харих хоолны мөнгөө, ашгаа хийчихдэг юм л даа. Үдээс хойш болоод ирэхээр ах нар ч мөн адил хийх ажил багатай болоод зарим нь жаахан ууж муугаад, зарим нь биллиард тоглоод явчихна. Тэгэхдээ ах нар тэргээ бид хоёрт 500 төгрөгөөр түрээслээд өгчихнө. Тэрүүгээр нь бид хоёр 1000 төгрөг олчихдог байлаа.

Дүү бид хоёр өглөө тороо зарж, өдөр нь ах нарын тэргийг түрж мөнгө олдог байснаа орой нь юу хийх үү гэдгээ бодож байгаа юм. Тэр үед зах тарах үеэр ногоо цэвэрлэдэг, ногооны хог түүдэг хүүхдүүд Набор гэж юм зардаг байсан. Нэг ширхэг манжин, байцаа, таван ширхэг төмс, хоёр ширхэг лууван гэдэг ч юм уу, хүнсний ногооны иж бүрдэл гаргаад 500 төгрөгөөр зардаг. Зах тарах үеэр юу эрэлттэй байдаг вэ гэхээр жижиглэнгийн хүнс эрэлттэй байдаг байхгүй юу. Зах дээр өдөржин ажилласан хүмүүс хоногийнхоо хоолыг аваад гэртээ харьдаг учраас. Тэгэнгүүт дүү бид хоёр оройдоо Набор гаргаж зардаг боллоо. Ингээд өдөрт гурван удаагийн орлогыг дүү бид хоёр хийдэг байв. Тухайн үед аав маань автобусны жолооч хийдэг, сардаа 100 мянган төгрөгийн цалинтай, манай гэрийн хамгийн супер орлоготой нь. Дүү бид хоёр нийлээд өдөртөө 4000 төгрөг олдог. Саржингаа ажиллахад аавын авдаг цалинг давчихдаг байв. Дүү бид хоёр мөнгөний үнэ цэнэ, хөдөлмөрийг амтыг мэдэрчихсэн болохоор Хархорин зах амардаг өдөр ч зүгээр суухгүй. 30 төгрөгөөр шил аваад цааш нь 50 төгрөгөөр тушааж бас мөнгө олно. Бид хоёр чинь доороо дүүтэй шүү дээ. Тухайн үед дүү маань зургаан настай байсан. Орой зах тарахаар дүүдээ юу авч очих уу гэхээр хөлдүү алим. Тэр үед 6,7 ширхэгтэй боодол хөлдүү алим 100 төгрөгөөр зарагддаг байсан юм. Алимаа бариад гэртээ ирэх шиг жаргал бид хоёрт байхгүй. Манайх чинь гэртээ тавуулаа, алимаа авчраад хуваагаад жигнээд идэхэд амт нь яг л хэвээрээ байдаг сан. Хотод ирснээсээ хойш зах дээр хүүхэд юу хийж болох уу тэр бүгдийг л хийв. Захын байцаагч, атаман, хулгайч нарыг андахгүй танина. Захын хар яриаг бас сурчихсан. Тухайн үед тонгоруу хэл гэж байсан юм, тэрүүгээр ус цас ч болсон. Тэгээд би санадаг юм, 8-р ангид ордог жилээ би өөрийн хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө хамгийн үнэтэй пүүзийг өмсөж орсон. Тэндээс хүн хөдөлмөрлөж л байвал юунд ч хүрэх боломжтой юм байна гэдгийг улам гүнзгий ойлгосон. Хичээл орсон ч, хичээлгүй үеүдээрээ зах дээр очиж ажилласан хэвээрээ байв. Тэгсэн мөртлөө хичээл номоо орхигдуулаагүй, 8-р ангиа төгсөөд улаан шугамаар жагсаахад 350 хүүхдээс би гуравт жагссан байсан.

Тэрний дараагийн жил надад цочроо өгсөн нэг үйл явдал тохиолдлоо. Тухайн үед аав микрийн жолооч, ээж кондукторыг нь хийдэг байв. Ер нь нийт нийгмээрээ л амьдрал тааруу байсан үе. Ээж кондуктораа хийж байхдаа нэг хүрэн куртикийг байнга өмсдөг байсан юм. Нэг өдөр ээж тэр хүрэн курткатайгаа орж ирээд амьдралдаа гутарсан уу, ажилдаа стрессдсэн үү бүү мэд, ямар ч байсан аяархан уйлаад "Ингэж ч амьдрах гэж дээ" гэж өөртөө хэлж байхыг нь би сонсчихсон. Ээжийн тийм байгааг анх удаа хараад миний сэтгэл их сонин болж байсныг тод санадаг юм. Хурдхан л мөнгөтэй болж ээжийгээ кондуктор хийхийг нь болиулъя гэж бодсон. Кондукторын ажлыг би ямар хүнд гэдгийг нь мэддэг байхгүй юу. Би чинь ээжтэй, дүүтэй хамт ээлжилж аавын микрийн кондукторыг хийдэг болсон юм. Тэр үед кондукторуудыг хоолойгоороо мөнгө олдог урлагийнхантай адилхан гэж хэлдэг байлаа. Гэр бүлдээ гурван кондуктор, нэг жолоочтой байснаа яваандаа дүү бид хоёр ч бас жолоо барьдаг болоод тэр муу микрийг бүр сул зогсоодог үегүй болгосон. Хүн сонсвол ямар хүмүүс, яаж явахаараа нэг микрийг ингэж тултал нь ашигладаг юм бэ гэж гайхтал явцгаадаг байсан. Өглөө аав 6 цагт босоод микрээ унаад гарна, өдөр 3 гээд хэний хичээл түрүүлж тарсан тэр нь ирээд үргэлжлүүлээд унана, орой нь дараагийн ээлж нь микрээ аваад шөнө 1 гэж бууна. Өдөржин, оройжин, хагас бүтэнсайнгүй 3 жил тэгээд явчихаар нөгөө микро чинь сүүлдээ тараад унаж байгаа юм.

Тэр нэг өдөр ээжийнхээ уйлахыг харснаас хойш улам л их ажил хийж, амьдралын хариуцлагыг үүрэх гэж явсаар нэг л мэдэхэд том болсон байв. Тэр хүртэл дүү бид хоёрын хийж үзсэн ажил, бизнес зөндөө. Захын үүдэнд шинэ жилээр торт салют, цагаан сараар ул боов зарж ч үзлээ, микро автобусыг салж унатал нь явлаа. Хичнээн их ажиллаж байсан ч ээждээ мөнгө илүүчилж өгч чадахгүй, зөвхөн өөрсдийгөө болгохоос яагаад ч юм хэтэрч чадахгүй байсаар л байлаа. Багаасаа янз бүрийн юм хийгээд үзчихсэн болохоороо арай томхон юм хийж үзмээр санагдаад нэг удаа аав ээж хоёроос би мөнгө нэхэж үзэв. Цайны газар л ажиллуулж үзэх гэж байсан байх. "Намайг дэмжээд та хоёр надад зээл аваад өг" гээд хэлтэл зөвшөөрсөнгүй. Угаасаа тэр хоёрт өгье гээд ч мөнгө байгаагүй юм. Тэгтэл би уурлаад, гэр хорооллын байшин чинь зуухтай шүү дээ, зуух руугаа утсаа шидээд хагалчхаж билээ. Намайг хичээгээд байхад дэмжихгүй байгаа юм шиг санагдаад ээж аавдаа туньж байгаа нь тэр. Одоо бодох нээ их л эрхэлж байж. Гэсэн ч дүү бид хоёрын илүү том зүйл хиймээр байгаа хүсэл унтарсангүй ээ. "За одоо 2уулаа захаас гарч сэтгэнэ шүү" гэж хоорондоо яриад тус тусдаа бизнес хийж үзэхээр болов. Би найзуудтайгаа, дүү маань найзуудтайгаа тус тусдаа өөрсдийгөө сорих гээд явах үед би 18тай байлаа. Хүнсний дэлгүүр, цайны газар, видео пракат гээд янз бүрийн л газар түрээсэлж ажиллуулж үзэв. Айхтар ч алдахгүй, айхтар ч олохгүй дөнгөн данган явсаар 20 настайдаа би 16 ажилтантай хэрчсэн гурилын үйлдвэрийн захирал хийдэг болсон. Бичил хороололд жижигхэн хэрчсэн гурилын үйлдвэр түрээслэчихсэн, хувийн микро автобустай. Борлуулалт, бараа татан авалтаа би өөрөө хийж, үйлдвэрээ бас удирдана. Тэр өдрийг хэзээ ч мартдаггүй юм.

2007 оны 5 сарын 31, маргааш нь хүүхдийн баяр болох гээд байдаг, гэтэл би ажилчдадаа цалингаа тавих гэсэн мөнгө байдаггүй. Тэгэхээр нь гэр лүүгээ ороод муу ээжтэйгээ муудан барин гэртээ байсан бүх мөнгөн аягыг аваад, ээжийнхээ ээмэг бөгжийг тайлаад гарсан. Нөгөө хэрчсэн гурилаа зөөдөг микртэйгээ хашаанаасаа ухраад бараг л нисээд гарсан байхаа. Бүгдийг нь ломбарданд аваачиж тавиад цалингаа тавьсан. Тэр бизнес маань тэгээд амжилттай ч явсангүй, 8 сардаа дампуурсан. Энэ бүхний завсраар их сургуулиа ч төгслөө. Төгсөөд эргээд харахад ардаа 5 сая төгрөгний өртэй болчихсон байв. Тэр үеийн 5 сая чинь бас л чанга мөнгө шүү дээ. Гэхдээ би тэр өрнөөс айгаагүй. Ээжийн минь надад байнга хэлдэг байсан "Миний хүү сайн явна аа" гэдэг ерөөл надад их нөлөөлдөг байсан байх. "Би ингэж амьдрах ёсгүй, энэ бол түр зуурын асуудал" гэж л боддог байсан. Өр гэдэг чинь тэгээд үсдээд л босгоод ирж байгаа юм чинь. Тэгээд MCS-ын охин компанид худалдааны төлөөлөгчөөр орсон. Нэг их удаагүй шилдэг ажилтан ч болсон, тушаал ч дэвшсэн. Гэсэн ч "Төмөрөө, энэ чиний хийх ажил биш байна" гэдэг мэдрэмж цаанаасаа төрөөд доороос хатгаад болдоггүй. Би өөрийнхөө мэдрэмжинд эргэлзээгүй, шууд л ажлаасаа гарсан. 100 айл руу гүйж очоод анх удаагаа албан ёсны компаниа байгуулсан. Дүү бид хоёр хоорондоо "За одоо л хоёулаа хүчээ нэгтгэе" гэж ярилцаад эргэж нийлэхээр боллоо. Бид хоёр аль аль нь хоёр талд өөрсдийнхөө юмыг хийж явахдаа унаж босоод үзчихсэн, айхтар их алдаагүй ч зөндөө юм сурчихсан байсан үе л дээ. Гар дээр яг бэлэн мөнгө байхгүй тэгсэн мөртлөө юм хийвэл чадна гэдгээ бол хоёулаа мэдээд байдаг. Одоо юу хийх үү гээд л бодсон. Буцаад ямар зах руу очилтой нь биш, буцаад ямар цайны газар ажиллуулалтай нь биш. Хадгаламж зээлийн хоршоонд гэр бүлийнхээ өмчийг тавьж зээл аваад манай дүү Замын-Үүд явахаар болов. Тэнд бизнесийн орон зай байгаа гэж харсан юм. Дүү маань тэнд очоод судлаад үзтэл үнэхээр л бизнесийн орон зай байсан. Зээлж авсан мөнгөөрөө том машин худалдаж аваад Хятадад Монголын хооронд тээвэрт явдаг болсон. Болоод байна шүү. Тэгсэн дүү маань "Төмөрөө ахаа, тэртээ тэргүй л тээвэр хийж байгаа юм чинь тээвэрлэж авчирсан юмаа өөрсдөө зарж бас болох юм биш үү?" гэдэг санааг гаргаад тэгээд тээвэр хийхийнхээ хажуугаар цемент зардаг болов. Овойж оцойтлоо олохгүй ч боломжийн байгаад ахуй амьдрал тогтвортой байж байтал нэг засгийн газарт ажилладаг найзтайгаа таараад засгийн газар ажиллаж үзэх боломжтойгоо би мэдэж авлаа. Төр заримдаа бизнес хийхэд маань саад тотгор болдог, ойлгомжгүй зүйлс их байгаад байдаг учраас яг ямар учраас ингээд байдаг юм өөрийн биеэр олж мэдье, бас улсын ажил яаж явдаг юм ойлгож авъя гэж бодоод бизнесээ дүүдээ даатгачхаад засгийн газар ажилд орж үзсэн. Өөрийгөө сорьж үзэх гэсэн залуу насны ааг омог бас байсан байх. Дүү бизнесээ, би засгийн ажил хийж үзээд амьдрал нэг гольдролоор өрнөж байтал гэнэт ээж минь элэгний хорт хавдартай гэж оношлогдсон. Аз болж эмч "Найдвар байна" гэж хэлээд элэгнийхээ хэсгээс тайруулах мэс засалд орж тэр нь амжилттай ч болов. Ээжийгээ эмнэлэг зөөж хань бараа болж байх үед тохиолдож болох хамгийн новшийн зүйл яг тэгэхэд тохиолдсон.

2014 оны 7 сарын 29. Манайх тухайн үед жижигхэн хоёр өрөө байранд байсан юм. Ээж маань хагалгаанаас гараад удаагүй, гам бариад хэвтэрт байсан мөртлөө босоод надад будаатай хуурга хийчихсэн ирж идэхийг минь хүлээгээд байж байтал би гаднаас долоон танихгүй залуутай орж ирсэн. Битүү камерын бичлэг хийгээд л бөөн сүр гэрт орж ирсэн. Энгийн хувцастай цагдаа нар. Би бүр тэсэрч дэлбэрэх гээд байгаа байхгүй юу. Амьдралдаа ээжийнхээ хажууд ганц ч удаа тамхи татаж үзээгүй хүн чинь шууд л тамхи татаж байгаа юм. Гэрт ээжээс өөр хүн байгаагүй. Тэд нар ээжийг ортой нь өргөж холдуулаад л ямар нэгэн зүйл хайна. Ээж юу болоод байгааг ойлгоогүй. Намайг тэд аваад гарах үед ээж ард "Хоолоо идчихээд яв л даа, миний хүү" гээд л үлдсэн. Надад бол хоол ч хоолой давахгүй тийм хүнд үе байгаа шүү дээ. Тэгээд л авлигатай тэмцэх газраас намайг саарал Старександ чихэж суулгаад л Ганц худаг руу аваад явсан. Ганц худгийн хаалгаар ороход ганцхан хүн рүү л залгаж хэл дуулга гэдэг юм байна лээ. Аавынхаа дугаарыг өгсөн. Мөрдөгч цагдаа аав руу залгаад "Танай хүү чинь Ганц худагт 60 хоногийн хугацаатай хоригдохоор орж байгаа шүү" гэж хэлээд л утсаа тасалсан. Би ямар ч буруу зүйл хийгээгүй гэдэгтээ нүүр бардам байсан ч тэрийг тоож авч хэлэлцэх хүн байгаагүй. Шоронд байх хугацаанд гэрийнхэн эргэж тойрно. Гэхдээ ээж хэзээ ч ирэхгүй. Юун нөгөө 60 хоног. Сар сараар хугацааг минь сунгаж шоронд байлгана. Тэр хугацаанд ээж л хамгийн их бодогдсон. Би хэзээ гарахаа ч мэдэхгүй. "Намайг гаран гартал ээж л эсэн мэнд амьд байгаасай. Би ямар ч буруу зүйл хийгээгүй гэдгээ ээждээ нотолно" гэсэн бодлоор өдөр хоногуудыг өнгөрөөсөөр хагас жилийн дараа би хийгээгүй хэргийнхээ төлөө эдэлсэн ялаасаа мултарсан. Зүгээр л шинэчилсэн засгийн газар ажиллаад, хий гэснийг нь хийгээд л явж байсан хүмүүс дээд албан тушаалтнуудын дайсагналаас болоод хэлмэгдэж шоронд сууцгаасан байгаа юм. Гараад иртэл ээж маань хямраад сэтгэл санаагаар нэлээд явчихсан байсан. Яахав намайг гарч ирсэн чинь хамаагүй дээрдэж л байгаа юм л даа. Ээжийгээ ажил хийлгэхгүй сайхан амьдруулна гэж мөрөөддөг байсан би шорон оронд ороод, тэгснээ тэндээсээ гарч ирснээ өөрийн гэсэн мөнгө ч байхгүй хэсэг таксинд хүртэл явахдаа би юу гэж бодож байсан гээч "28 настай Төмөрөө ингэж амьдрах ёсгүй. Надад илүү сайхан амьдрал удахгүй ирнэ" гэж.

Нөгөө л нэг ээжийн минь "Миний хүү сайн явна аа" гэж надад байнга хэлдэг байсан ерөөлийн нөлөө. Төмөрөө гэдэг хүний амьдралыг өөдрөгөөр хардаг тэр сэтгэхүйг ээж өөрчлөгдөшгүйгээр бүтээчихсэн байсан. Би дүүтэйгээ буцаад хүчээ нэгтгэхээр болов. Дүү Замын Үүдээс бараа явуулж би тэрийг нь зарна. Дүү маань тасралтгүй хөдөлмөрлөсөөр дахиад нэг том машин авчихсан байсан. Аав жолооч учраас нэг машиныг нь унаж тэнд дүүтэй хамт тээвэр хийнэ. Би хотод ээжийгээ харж хандана. Ээж сар болгон шинжилгээ өгч эмчийн хяналтад байна. Тэрэнд нь би дандаа цуг очно. Элэгнийх нь хавдартай хэсгийг аваад хаячихсан ч гэсэн химийн эмчилгээ хийлгэж эм ууна шүү дээ. Тэгтэл нэг өглөө ээж "За одоо ээж нь гайгүй юм чинь өөрөө явчхаад ирье" гэж байна. Тэгснээ эмнэлэгт очсоноо над руу залгаад "Чинбүрэн эмч чамайг дуудаж байна. Төмөрөөгөөс юм асууя" гэж байна гэсэн. Давхиад очтол "Ээжийн чинь хорт хавдар үсэрхийлчхэж. 6 сарын л нас байна. Дэлхий дээр энийг дийлэх ямар ч эмчилгээ байхгүй шүү миний дүү. Одоо үлдсэн 6 сард нь яаж сайхан байлгахаа л бод" гээд пал хийтэл хэлчихсэн. Хичнээн хоёрдугаар шатан дээрээ оношлогдоод хагалгаа нь амжилттай болсон ч гэсэн хавдар нь үсэрхийлчихсэн байсан. Ингээд л ээжгүй болчих юм байхдаа гэж л бодогддог юм байна лээ. Тэгээд шууд гараад эмнэлгийн коридорт зогссон, би тэр үед Iphone 5 тай байсан, хүн хажуугаар зөрөхдөө жаахан шүргэсэн чинь миний утас гарнаас мултарч унаад л хагарчихсан. Тэгэхэд би гар утсаа хагарч байгаа гэдгийг хараад ойлгохгүй байсан шд. Тэгтлээ самуурчихсан. Би утсаа хагалахаараа, хулгайд алдаагүй л бол болоо, машины нэг дугуй хагарахад хоёр дугуй хагараагүй л бол болоо гэж боддог хүн шүү дээ. Гэтэл надад юу ч хамаагүй болчихсон байсан. "Энэ миний хамгийн доод цэг" гэж боддог байсан бүх үеүд минь хэзээ ч доод цэг байгаагүй. Үхэл хагацал л жинхэнэ доод цэг байдаг юм гэдгийг тэр үед ойлгосон. Интернэтээр судлаад үзсэн чинь дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг Стив Жобс хүртэл хавдрыг дийлээгүй гэдгийг уншаад л би хавдрыг дийлэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Дүүдээ хэлсэн, аав бүр сүүлд мэдсэн. Гэхдээ би ээждээ хэлж зүрхлээгүй. "Ингэж байгаад гайгүй болно оо" гэж хэлсээр байгаад эцсээ хүртэл ээж үхэхээ мэдээгүй.

Ээж минь 2016 оны 8 сард бурхан болсон, хамгийн харамсалтай нь 2017 оноос эхлээд дүү бид хоёрын хийсэн үйлдэл болгон амжилтыг авчирч байсан. Өдөр өдрөөр л бизнес маань томорч, ээжийгээ ажил хийлгүүлэхгүй амьдруулах хэмжээндээ хүрчихсэн. Гэвч ээж байхгүй. Бидний амжилтыг үзэж чадаагүйд хамгийн ихээр харамсаад байдаг юм. "Миний хүүхдүүд сайхан амьдарна аа" гэдэг ерөөлөө биелүүлээд тэнгэрээс бид нарыг хараад туслаад байгаа ч юм шиг хааяа санагдана. Би яг л багадаа ярьдаг байсан шигээ, хоёр машинаа дөрөв, дөрвөн машинаа зургаа, зургаан машинаа найм, найман машинаа арав гээд дорхноо ахиж дэвшээд тээвэр логистикийн хангалттай том компанийн захирал болж чадсан. Сүүлд сонсох нээ, би ээжийгээ намайг шоронд байхад ирээгүй гэж бодоод байсан чинь дандаа ирдэг байсан байна лээ. Бүгд орохоор ганцаараа гадаа нь үлдчихдэг. Намайг шоронд байгааг харахаар зүрх нь дийлэхгүй юм шиг санагддаг байсан байж магадгүй. Лам бөө нарын хэлсэн юмнуудыг хийгээд хувцас хунар шатаагаад, арц хүж уугиулаад, сүү өргөөд л байж байсан болж таарсан. Эх хүн эцсээ хүртэл хүүхдийнхээ төлөө явдаг юм байна лээ. Бас намайг хэрэг хийгээгүй гэдэгт хамгийн итгэлтэй байсан хүн. Тухайн үед намайг хэлмэгдсэн гэдэгт хүмүүсийн 80,90 хувь нь итгээгүй байхгүй юу. Сүүлд би нэг нэвтрүүлэгт ороод "Би хэлмэгдсэн" гэдгээ нүүр бардам зарлаж хэлсэн. Ах дүү хамаатан садан буруугаар ойлгочихсон байх вий, ээж маань энэнд их санаа зовж байсан байхдаа гэж бодоод тийм алхам хийсэн. Тэрний дараа бүр сэтгэл тэнийгээд л явчихсан. "Хүү нь буруу юм хийж явж байгаагүй шүү" гээд ээждээ баталчихсан ч юм шиг. Анхнаасаа ээжгүй байсан, өсөхдөө ээжгүй байсан зөндөө хүмүүс байдаг л даа. Гэхдээ миний хувьд ээж маань амьд үлдэхийн төлөө тэмцэж яваад байхгүй болчихсон гэдгээрээ өөр шүү дээ. Ээжтэй хүн эрэлхэж, ээжгүй хүн аргадаж амьдардаг хорвоо гэдэг л хамгийн их мэдрэгдэж байна. Бас ховлох хүнгүй болчихдог юм байна лээ.
 
Эх сурвалж: ChoironGoo
САНАЛ БОЛГОХ