Нарны зайгаар ажиллах Toyota Prius

Авто зах зээл

Ийм шинэчлэл машины хэмнэлтийг 10 орчим хувиар нэмэгдүүлнэ

Toyota Prius хэмээх Монголд ихээхэн түгээмэл машины дээр нарны хавтан суулгаж, хэмнэлтийг улам нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Нарны зай нь хөдөлгүүр зогссон үед шил өргөх, гэрэлтүүлэх, агааржуулах зэрэг үйлдлийг тэжээлээр хангах юм. Toyota компани хосолмол хөдөлгүүртэй Prius-ийнхээ шинэ загварын дээр нарны зай суулгахаар төлөвлөж байгааг Automotive News сэтгүүлд мэдээлсэн байна.

Ийм шинэчлэл машины хэмнэлтийг 10 орчим хувиар нэмэгдүүлэх аж. Түүнчлэн машиныг зогсоолд тавьсан үед ч зай цэнэглэгдсээр байна. Шинэчлэгдсэн дээвэртэй Prius эхлээд зөвхөн Япон, Европын зах зээлд гарна. АНУ-ын автомашины стандарт энэ загварын хувьд нэлээд хатуу учир Toyota-ийн инженерүүд зарим өөрчлөлт хийсний дараа Америкийн зах зээлд шинэ Prius- ийг санал болгох бодолтой байгаа юм.

Тус компани ослын үед хагараад бутарчихгүй байх чанартай фото элемент суурилуулахад тохиромжтой материал хайж байна. Нэмж хэлэхэд, Toyota машин дээр нарны зай байрлуулах санаачилгыг 2009 онд эхлүүлжээ. Өмнөх загваруудад төстэй төхөөрөмж нэвтрүүлсэн боловч хэрэглэх хүрээ нь хязгаарлагдмал, зөвхөн наранд тавьсан машины халуун тодорхой хэмжээнд хүрэхэд ажиллаж эхэлдэг агааржуулагчид ашиглаж байсан юм.


САНАЛ БОЛГОХ