Зуны олимпийн түүхээс: Лондон 2012

Спорт

Түүхэнд анх удаа бүх улс эмэгтэй тамирчинтай оролцов

ЗГМ сонин зуны олимпийн түүхийг цувралаар хүргэж байгаа билээ. Хамгийн сүүлд танилцуулах олимп бол “Лондон 2012”. Дөрвөн жилийн өмнөх олимп хэрхэн болж өндөрлөснийг эргэн дурсая.

Зуны XXX олимпийг зохион байгуулахын төлөө Лондон, Парис, Нью-Йорк, Мадрид, Москва гэсэн хөгжлөөрөө дэлхийд дээгүүр бичигдэх таван хот өрсөлджээ. ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван гуай тухайн үед энэ өрсөлдөөнийг “Сүхбат, Өсөхбаяр, Сумъяабазар, Гантогтох, Цэрэнпунцаг нар хоорондоо барилдахтай л адил юм болж байна” хэмээн тун оновчтой тодорхойлсон юм. Тооцооны гадна байсан Мадрид хот хоёрдугаар шатанд хамгийн өндөр санал авч, бүгдийг гайхашруулсан ч удалгүй бүх зүйл ном журмандаа орж, Лондон, Парис тунаж үлдэв. Улмаар Ерөнхий сайд Т.Блэрээр удирдуулж, хөлбөмбөгч Д.Бекхэмийг сурталчилгааныхаа нүүр царай болгосон лондончууд эцсийн шатанд 54:50-иар ялалт байгуулж, зуны олимпийг гурвантаа хүлээн авсан анхны хот болжээ.

Өмнөх олимпийг зохион байгуулсан хятадууд 44 тэрбум “ногоон”-ы зардал гаргаж, бүгдийг алмайруулж орхисон. Харин британичууд тэднийг дагаж хөөрцөглөсөнгүй, харьцангуй даруухан зардал болох 11 тэрбумд бүгдийг багтаажээ. Ингэхдээ тэд хотоо хөгжүүлэх давхар санаа агуулж байв. Тиймээс хотын хамгийн хөгжил муутай Стратфорд дүүргийг сонгон авч, тэнд олимпийн гол цогцолбороо байгуулахаар болов. Энэ ажлын хүрээнд 200 гаруй байшин барилгыг нурааж, ил арзайн харагддаг байсан цахилгааны шонгуудыг буулган газар доогуур явуулах замаар шийдсэн байна. Энэ бүх бүтээн байгуулалтын үр дүнд хөгжил муутай Стратфорд дүүрэг өнгө засаад ирэв.

Олимпийн наадмын үеэр нийтийн тээврийн асуудал хамгийн хүнд байдаг. Үзэгч болоод оролцогчдыг замын түгжрэлд бухимдалгүйгээр зорьсон газарт нь хүргэхийн тулд зохион байгуулагчид ихийг хийв. Үр дүнд нь тамирчдын 80 хувь нь тэмцээн болох газартаа 20 минутын дотор хүрэх сүлжээг бий болгожээ. Харин 93 хувь нь 30 минутын дотор зорьсон газартаа хүрч байв. Лондоны метроны сүлжээ нийтийн тээврийн гол ачааг нугалж байсан бөгөөд олимпийн үеэр өдөрт давхардсан тоогоор гурван сая хүнд үйлчилсэн гэсэн тооцоо бий.

Түүнчлэн зохион байгуулагчид аюулгүй байдалд дээд зэргээр анхаарч, энэ ажилд 585 сая фунт зарцуулав. Тэмцээний үеэр цэрэг, цагдаагийн 40 мянган албан хаагч аюулгүй байдлыг хангахад гар бие оролцсон байна. Их Британийн түүхийг тэр чигээр нь харуулсан нээлтийн ажиллагааг 27 сая фунтээр зохион байгуулсан бөгөөд дэлхий даяар нэг тэрбум хүн цэнхэр дэлгэцээрээ үзэж сонирхжээ. Нээлтийн ёслолын хамгийн үнэтэй тасалбар 2012 фунт байв. Хамгийн сүүлд домогт Пол Маккартни 62 мянган үзэгчийн хамт “Hey Jude” дуугаа дуулсан нь нээлтийн ёслолын оргил мөч байлаа.

Британичууд олимп зохион байгуулахдаа хотоо хөгжүүлэх давхар санаа агуулж байв

Энэ олимпод 204 орны 10768 тамирчин спортын 26 төрөлд 302 багц медалийн төлөө өрсөлдөв. Эмэгтэйчүүдийн бокс хөтөлбөрт багтсанаар олимпийн бүх спорт эрэгтэй, эмэгтэй төрөлд аваргаа тодруулах болжээ. Түүнчлэн Саудын Араб, Катар, Бруней улс ОУОХ-ны шаардлага, хүсэлтийн дагуу эмэгтэй тамирчдаа илгээв. Ингэснээр түүхэнд анх удаа бүх улс эмэгтэй тамирчинтай оролцохоор болсон юм. Дөрвөн жилийн өмнө Бээжингийн усан замд найман алт зүүж гялалзсан Майкл Фелпс энэ удаа өмнөх амжилтаа давтаж чадаагүй ч дөрвөн алт, хоёр мөнгөн медаль хүртэв. Ингэснээр америк усчин олимпийн наадмын 22 медальтай болж, Зөвлөлтийн гимнастикч Л.Латынинагийн дээд амжилтыг (18 медаль) эвджээ.

Ямайкийн “хүн гөрөөс” Усэйн Болт урьдын адил гялалзаж, спринтийн бүх зайд торгон жолоо өргүүллээ. 100, 200 метрт аваргаа хамгаалсан анхны гүйгч нь тэр болжээ. Түүнчлэн Болт тэргүүтэй Ямайкийн баг 4х100 метрт 36.84 секундын амжилтаар түрүүлж, дэлхийн дээд амжилтыг эвдэв. Олимпийн турш дэлхийн рекорд 32 удаа шинэчлэгджээ. Усанд сэлэлтийн тэмцээний үеэр хамгийн олон буюу найман дээд амжилт эвдэгдсэн байна.

Америкчууд 46 алт, 28 мөнгө, 29 хүрэл, нийт 103 медаль зүүж, алдагдсан байр сууриа эргүүлэн авав. Зохион байгуулагч Их Британи 29 алт, 65 медальтайгаар Оросыг байр ухраан гуравт бичигджээ.

Бахрейн, Ботсван, Кипр, Габон, Гренада, Гватемал, Монтенегро улс олимпийн анхны медалиа Лондоноос авсан юм. Монголчууд энэ удаагийн олимпод спортын долоон төрөлд 29 тамирчинтай оролцов. Манайхан хэдийгээр “Бээжин 2008”-аас авсан алтын буухиагаа үргэлжлүүлж чадаагүй ч таван медаль авч, шинэ дээд амжилт тогтоолоо. Жүдоч Н.Түвшинбаяр олимпийн хос медальтай Монголын анхны тамирчнаар тодорсон бол боксчин Н.Төгсцогт 20 насандаа олимпод үзүүрлэв. Түүнчлэн С.Ням-Очир, С.Батцэцэг, У.Мөнх-Эрдэнэ нар хүрэл медалиар энгэрээ мялаасан юм.


“Лондон 2012” тооны хэлээр

- Олимпийн цогцолбор 200 га талбай эзлэн оршиж байлаа. Энэ нь хөлбөмбөгийн 357 талбайг нийлүүлсэнтэй тэнцүү гэсэн үг.
- Наадмын үеэр 8.8 сая тасалбар зарагджээ. Тасалбарын үнэ 20-2012 фунтын үнэтэй байв.
- Хэвлэл мэдээллийн 21 мянган хүн галын шугаманд ажиллаж, дэлхий дахинд дөрвөн тэрбум хүн олимпийн тэмцээн уралдааныг зурагтаараа үзэж сонирхжээ. - Зохион байгуулалтад 200 мянга гаруй хүн ажилласан тооцоо бий. Тэдний 70 мянга нь сайн дурынхан бол 100 мянган хүн гэрээгээр ажиллаж байв.
- Зохион байгуулах хороо нэг сая гаруй спортын хэрэглэл бэлдсэн байна. Сагсны 600 бөмбөг, хөлбөмбөгийн 2700 бөмбөг, боксын 356 хос бээлий гээд энэхүү жагсаалт үргэлжилнэ.
- Наадмын үеэр 14 сая порц хоол эзэндээ очсон гэнэ. Зөвхөн тамирчдын тосгонд гэхэд өдөрт 45 мянган хоол бэлтгэж байжээ.

САНАЛ БОЛГОХ