Эвэртэй ямаа, хар хархны тоо толгойг цөөлнө

Экологи

Карибын тэнгист орших Антигуа ба Барбуда улсын харьяа Редонда арал бол манай гарагийн өөр хаана ч байдаггүй ургамал, амьтны олон төрөл зүйлийн эх нутаг юм. Мөн Редонда арлын уугуул амьтан, ургамлыг үгүй хийж буй эвэртэй ямаа, хар хархны сүйрэлд өртсөн газар болсныг байгалиа хамгаалагчид хэлж байна.

Тус арлын амьтан, ургамлын төрөл зүйлийг хамгаалах үүднээс Антигуа ба Барбуда улсын Засгийн газар хар харх, эвэртэй ямааны тоо толгойг бүр мөсөн устгах төлөвлөгөө гаргажээ. Дэлхийн байгаль хамгаалах сайн дурын байгууллагуудын нэгдсэн Редонда арлыг сэргээх төлөвлөгөө арлын нэн ховор, устах аюулд орсон биологийн төрөл зүйлүүдийг хамгаалахад чиглэсэн аж.

Сүүлд явуулсан тооцоогоор Редонда арлын уугуул, ховор ургамал, амьтныг сүйтгэж байгаа хар хархны тоо 5000 давсан бол нэгэн зууны тэртээ хүн анх авчирч нутагшуулсан урт эвэрт ямааны тоо толгой 60 орчим байжээ.

Уг хоёр төрлийн амьтан Редонда арлын төрхийг сүйтгэж байгаа бөгөөд ойгоор хучигдсан байсан энэ газар нутаг одоо сарны гадаргуу мэт болсон гэдгийг байгаль орчны хөдөлгөөнийхөн хэлэв. Үндэстэй модны тоо ч цөөрсөн бөгөөд идэх хоол нь багассанаас урт эвэрт ямаа өлсгөлөнд нэрвэгдэж, сэг зэм нь хаа сайгүй хөглөрөх болсныг эрх баригчид мэдэгджээ. Мөн үйрсэн шороо, чулуу далайд их хэмжээгээр орж байгаагаас эрэг орчмоор ургадаг шүрэн хад усаар дутагдах болжээ. Урт эвэрт ямааг Антигуа аралд аваачиж, фермерүүдийн мэдэлд өгөх аж.

Харин хархнуудыг Карибын тэнгисийн 20 орчим аралд хэрэглэж байсан хархны хороор устгах бөгөөд жилийн дараа гэхэд хархгүй арал болно хэмээн тооцоолж буй юм. Хар хархыг устгаж, ямааг зайлуулснаар далайн шувуу, хэвлээр явагчид болон сээр нуруугүй амьтдын тоо толгой буцаад сэргэх аж. Мөн мод тарих боломжтой болсноор жилийн дотор Редонда арлын экосистем сэргэнэ хэмээн уг хөтөлбөрийг санаачлагчид үзэж байна.


САНАЛ БОЛГОХ