Туйлын бэлгэ тэмдэг туйлдаж байна
Амьдралынхаа зургаан хувийг эх газарт өнгөрүүлдэг байсан нь 20 хувь болж нэмэгджээ
Аляскад намар болоход тосгодоор цагаан баавгай хаа сайгүй үзэгдэх болжээ. Гүехэн усаар хүрээлэгдсэн элсэн арлуудад хэдэн арваараа цуглан, бамбаруушнуудтайгаа наранд хэвтэх нь ихсэв. Тэднийг харах гэж олон зуун километрийн алсаас зорьж ирдэг жуулчдын тоо ч жилээс жилд нэмэгдэж байна.
Цагаан баавгай шөнө болонгуут хавь ойрын тосгодоор гэтэх нь элбэг болж буйгаас хүмүүс бамбар эсвэл нулимс асгаруулагч авч явахаас аргагүйд хүрчээ. Оршин суугчид гар чийдэн тусгаж, дуу чимээ гаргаж, гар салют дэлбэлэх замаар хөөдөг ч баавгайнууд дурамжхан явдаг байна.
Туйлын бэлгэ тэмдэг болсон энэ амьтан мөсөн бүрхүүл дээрээ аж төрөх боломжтой байсан бол устахад ойрхон амьтдын жагсаалтад орохгүй нь мэдээж.
Аляскийн хамгийн хойд талын Кактовик хот орчимд нутагладаг 80 цагаан баавгай бүгд эрүүл чийрэг, тарга хүч сайтай байгааг судлаачид тогтоожээ. Уугуул оршин суугчид инюпигуудын халим агнах улиралтай буюу намар дөнгөж эхлэх үеэр тарга хүчээ авсан цагаан баавгай олноороо ийн харагддаг байна.
Гэхдээ баавгай хэдийнэ уур амьсгалын дүрвэгчдийн нэг болжээ. Далайн хав агнах гол талбар болсон мөсөн бүрхүүл нь багасаж буйгаас эх газрыг тэд аргагүйн эрхэнд бараадах болов. Яагаад гэвэл Хойд туйл бусад эх газартай харьцуулахад дэлхийн дулааралд хоёр дахин хурдтай нэрвэгдэж байна.
2016 он олон жилийн дунджаас илүү дулаан үргэлжилсэн сар олонтой байсан учраас туйлын мөс их орой хөлджээ. Арваннэгдүгээр сард Хойд мөсөн далайн мөсний тэлэлт урьд урьдынхаас илүү бага байв. Гэхдээ хугацааны хувьд харьцангуй хурдан мөстсөн байна. Арваннэгдүгээр сарын дунд тав хоногт мөсөн бүрхүүл 30 гаруй мянган ам километрээр багассан байдаг нь өмнөх жилүүдийн мөн үетэй харьцуулахад түгшихүйц үзүүлэлт юм.
Оршин тогнох эсэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг мөсөн бүрхүүл асар хурдтай ийн багасаж, хайлж байгаа нь цагаан баавгайн хувьд сайныг зөгнөх хэрэг хэрхэвч биш. “Туйлын баавгай” олон улсын байгаль хамгаалах байгууллагын ахлах эрдэмтэн Стив Амструп “Мөс байхгүй болбол баавгай ч бас устана” хэмээв.
Бофортын тэнгисийн гурван төрлийн баавгайн тоо хорогдсоор
Судлаачдын олон жил маргаж байгаачлан улс орнууд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад тодорхой үйл ажиллагаа хэрэгжүүлэхгүй л бол туйлын баавгайн зовлон нимгэрэхгүй. Мөс хайлахын хэрээр тоо толгой нь цөөрнө гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна. 2050 он гэхэд цагаан баавгайн тоо толгой 30 хувиар буурна гэдгийг 2015 онд тооцож гаргажээ.
Дэлхий дээр цагаан баавгайн нийт 19 дэд зүйл Канад, АНУ, Норвеги, Гренланд, ОХУ гээд Арктикийг тойрсон таван улсад бий. Үүнээс Бофортын тэнгисийн өмнөд хэсгээр нутагладаг гурван төрлийн баавгайн тоо хорогдож байна.
Зургаан зүйлийнх нь харьцангуй тогтвортой байгаа бол нэгнийх нь олширч буй. Харин үлдсэн есөн зүйлийн талаарх мэдээлэл судлаачдад хомс. Олон улсын хэмжээнд эмзэг ангилалд орж буй цагаан баавгай ховордож буй амьтдын жагсаалтад орох магадлал маш өндөр байгааг судлаачид онцолжээ.
Тоо толгойноос гадна энэ амьтныг эрсдэлд оруулах хүчин зүйл нэмэгдсээр байна. Баавгайн биеийн хэмжээ, гадаад төрх, нөхөн үржихүйн болон байгалийн чадвар нь өөрчлөгдөж буй. Энэ бүх өөрчлөлт ямар нэг байдлаар туйлын мөсөн гадаргын хэмжээ багасаж байгаатай холбоотойг мэргэжилтнүүд тогтоожээ. Өөрөөр хэлбэл, баавгайн амьдардаг газар нутагт мөсгүй байх хоногийн тоо нэмэгдэж байгаа аж.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй