Номхон далайн шинэ танил

Мэдээ

Өмнө нь мэдэгдэж байгаагүй нэгэн хошуут халим Номхон далайн хойд хэсэгт тархан амьдардгийг эрдэмтэд баталлаа. Бөндгөр толгойтой, дельфинийх шиг хошуутай уг халимыг анх Японы нэгэн загасчин олж хараад “касура” хэмээн нэрлэжээ.

Гэхдээ шинэ зүйлийн халимыг судлаачид өмнө нь огт харж байгаагүй аж. Энэ талаар АНУ-ын Далайн зураглал, агаар мандлын үндэсний захиргааны молекул биологич Филлип Морин “Энэ маш ховор зүйлийн амьтан. Бид далайн тэнгисийн талаар илүү гүн гүнзгий мэдэх хэрэгтэйг бидэнд харуулж байна” хэмээжээ. Өмнө нь 2013 онд Японы амьтан судлаачид Хоккайдо арлын хойд эрэг дээр шидэгдсэн хар хошуут гурван халимыг шинжилж байсан бөгөөд тэд илэрсэн шинэ зүйлийн амьтан байж магадгүй хэмээн үзэж буй аж.

Америкийн эрдэмтэд Япон судлаачдын таамгийг батлахаар биологийн энэхүү шинэ зүйлээс эсийн шинжилгээ авахаар өргөн бүрэлдэхүүнтэй баг гаргажээ. Багийнхан Номхон далайн эрэг дагуу байрласан 178 хошуут халимнаас дээж авсан бөгөөд таван халимных нь Японы судлаачдын таамагтай таарч байжээ. Гэхдээ тэрхүү таван халим нэг дор бус Номхон далайд тархан байрласан байна. Одоогоор мэдэгдэж буй хамгийн том хошуут халим 12 метр урт бөгөөд усны гүнд идшээ барихдаа 90 хүртэл минут байх чадвартай аж.

Үүнээс үзвэл шинэхэн танил усны гадарга дээр тун бага хугацаагаар байдаг, цөөхүүлээ явдаг, бусад төрлийн хошуут халимнаасаа бараг ялгагдахгүй тул судалгаа хийхэд хүндрэлтэй байж магадгүйг судлаачид хэлж байна. Гэхдээ судалгаанд дэм болох нэг сонголт нь дууны өнгөөр нь хайлт хийх арга юм.


САНАЛ БОЛГОХ