Хятадын шинэ автобус шүүмжлэлийн бай боллоо

Мэдээ

Хятадад доогуур нь автомашин чөлөөтэй гарах бололцоотой өндөрсгөсөн аварга автобусны загвар туршсан тухай мэдээллийг олон нийт хөөр болон хүлээж аваад удаагүй байна. Хятадын төрийн мэдээллийн хэрэгслүүд дөнгөж туршилтын загвар нь гараад байгаа Transit Elevated Bus буюу TEB хэмээх уг өвөрмөц автобус бүтээгчдийг луйвардсан, бусдын санааг хулгайлсан, хууль бусаар санхүүжсэн хэрэгт ширүүн шүүмжилж эхэллээ. Краудфандинг буюу олон нийтийн сайн дурын санхүүжүүлэлтэд тулгуурлан бүтээсэн уг автобусны туршилтын загвар нь гэнэн хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах замаар мөнгө олох гэсэн аргаас цаашгүй хэмээн Global Times, Sina сонин үзэж байна.

Эхэлснээсээ хойш зургаан жилийн нүүр үзээд буй TEB төслийг санаачлагч, гол зохион бүтээгч болох Сун Ёу-жоу нь дөнгөж бага сургууль төгссөн, техникийн байтугай дээд боловсролгүй хүн хэмээн дээрх сонинууд шүүмжлэв. TEB-ийг зам дээр бага зай эзэлдэг, доогуур нь хөнгөн тэрэг зорчих боломжтой учраас том хотуудын түгжрэл ихтэй замуудад тохиромжтой хэмээн ноён Сун сурталчилдаг. Харин дээрх сонинууд ийм автобус бүтээх санааг анх 1969 онд АНУ-ын архитектур Крэйг Хожеттс гэгч дэвшүүлсэн хэмээн тайлбарлав Сун Ёу-жоу өөрөө түншүүд хэмээн мэдэгддэг ч уг автобусны туршилтын загварыг сонирхуулсан Чинхуандао хотын захиргаа, Шанхайн зам тээврийн их сургууль төсөлтэй ямар ч холбоогүйг мэдээллийн хэрэгслүүд анхааруулж байна.

Ашиглалтын бодитой орчин нөхцөлд үл нийцэх 300-хан метрийн хаалттай зайд туршилтын загварыг сонирхуулж байгааг тус улсын төрийн мэдээллийн гол хэрэгсэл “Женьминь Жибао” сонин мөн шүүмжиллээ. Уг сонин төслийн техник шийдэлтэй холбоотой зүйлсийг ч “бут ниргэв”.

Хятадад автомашины замаар зорчих өндрийн хязгаар 4.2-4.5 метр байдаг тул TEB-ийн доогуур 2.1 метрээс үл хэтрэх өндөртэй хөнгөн тэрэг л гарах бололцоотой. Чухам үүнээс шалтгаалан ийм төрлийн автобус ашиглах гэвэл хүнд даацын тээврийн хэрэгсэл зорчихыг хориглосон тусгай маршрут үүсгэхээс аргагүй. Шүүмжлэгчид 22 метр урт, таван метр өндөр, найман метр өргөн TEB автобусны маневрлах чадвар ч асуудалтай хэмээн үзэж байна. Хятадын мэдээллийн хэрэгслийн шүүмжлэлд “тос нэмж” АНУ-ын Wired сэтгүүл уг автобусанд нэгэнт тусгай зам хэрэгтэй юм бол автобус бус, трамвай болж таарлаа хэмээн “өөнтөглөв”. Харин санаачлагч Сун Ёу-жоу төслийнхөө багийг “Муу юм хийсэн зүйлгүй”, туршилтын загвар бүтээсэн нь ердөө л зохиогчдын санаа амьдралд хэрэгжих боломжтойг харуулсан хэмээн АНУ-ын Sixth Tone сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тайлбарлажээ.

Хятадын төрийн мэдээллийн хэрэгслүүд уг төслийг шүүмжлэх болсон нь краудфандингтай холбоотой хэмээн Shanghailist сайт таамаглаж байна. Сүүлийн үед тус улсын эрх баригчид төсөл хэрэгжүүлэх краудфандингийн аргад болгоомжтой хандах болсон юм.


САНАЛ БОЛГОХ