“Ford” их гэрлийн хөгжлийн түүхийг сонирхууллаа
Авто зах зээл
Балар харанхуйгаас гэгээрлийн үед шилжсэнтэй адил гэж дүгнэв
“Ford”-ийн бүтээсэн зургаан өөр үеийн загвар шөнийн нэг ижил нөхцөлд хэрхэн гэрэлтүүлэх ажиллагааг тус компанийн мэргэжилтнүүд туршив. Автомашины их гэрлийн хөгжлийн 109 жилийн түүхийг давтаж буй уг туршилтад 1908 оны “Ford Model T”-гээс орчин үеийн “Ford Mustang” хүртэлх ялгаатай зургаан загвар багтжээ. Машины их гэрэл асаалттай нөхцөлд 12 метрийн алсад байгаа унадаг дугуйтай хүн хэрхэн харагдах байдлыг компанийн вэбсайтад гэрэл зургаар сонирхуулсан байна.
Дэлхийд 1908-1927 оны хооронд 15 сая гаруй ширхэг зарагдсан “Ford Model T”-гийн жолооч шөнө замд гарахаасаа өмнө ацетилен хийгээр ажилладаг их гэрлээ урьдчилан асаадаг байжээ. Анхны үеийн их гэрлийн тусгалыг сүүлийн загварынхтай харьцуулахад машины их гэрлийн технологид хувьсгалт эргэлт гарч байгааг тус компани вэбсайтдаа тавьсан зургаар харууллаа.
“Гэрэлтүүлгийн технологийн үүднээс авч үзвэл та бид балар харанхуй үеэс гэгээрлийн үед шилжсэнтэй адил” хэмээн “Ford”-ийн гэрлийн технологийн инженер Микаэль Кохерр тайлбарлав. Ксенон их гэрэл бүхий “Mustang”-ийн хувьд үзэгдэх орчин тод харагдаад зогсохгүй харанхуйд байгаа явган зорчигчийн өмнө автоматаар зогсох технологитой.
“Mustang”-д суурилуулсан ксенон гэрэлтүүлэг нь өмнөх үеийн галоген лампнаас гурав дахин их орчныг гэрэлтүүлж чадна. Ксенон ламп нь орчин үеийн LED буюу гэрлийн диодон их гэрлийн адилаар шар гэрэлтүүлэгтэй галоген лампнаас тав дахин тод цагаан гэрэл үүсгэдгээрээ давуу юм.
“Ford Mondeo” зэрэг автомашинд ашигладаг динамик LED их гэрэл нь өдрийн байгалийн гэрэлтүүлэгтэй жишихүйц хурц тод төдийгүй, орчны нөхцөлд нийлүүлэн гэрэлтүүлгийн их багыг тохируулах, эргэлт юм уу тойрог хийх үед эргэлтийн өнцөгт тааруулан тусгалаа өөрчлөх чадвартай. Ийм технологитой “Mondeo” нь автомашины хурд, гаднах гэрэлтүүлгийн орчин, жолооны хүрдний эргэлт, урд байгаа машин хүртэлх зай, шил арчигчийн ажиллагаанд нийцүүлэн долоон өөр горимоор гэрэлтүүлж ажилладаг байна.
Харин “Ford Explorer” автомашины ухаалаг LED их гэрэл нь холын болон ойрын гэрэлтүүлгийн горимд жолоочийн оролцоогүй автоматаар шилждэг. Гэрлийн диодны технологийн ачаар гэрлийн хүчийг их, багаар тохируулж мөн болно.
Шинэ “Ford Kuga”, “Focus” машинд ашиглаж буй адаптив биксенон гэрэл нь эргэлтийн орчинд нийцүүлэн гэрэлтүүлгээ автоматаар тохирох горимд шилжүүлдэг байна. Мөн адаптив гэрэлтүүлэг нь машины хурд, замын нөхцөлд нийцүүлэн гэрлийн тусгалын хэлбэрээ янз бүрээр өөрчилдөг.
“Бид жолоочийн анхаарлыг харанхуй дахь явган зорчигч, тэр ч байтугай том адгуус амьтад руу хандуулах чадвартай гэрэлтүүлгийн шинэ технологи хөгжүүлж байгаа. Хэт улаан туяаны камер ашигладаг ийм технологийн ачаар үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөлд хүмүүсийг 120 хүртэлх метрийн зайнаас тодорхойлдог болно” хэмээн Кохерр тайлбарласан юм.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй