Хайлтын хэрэглүүрт тэргүүлсэн брэндүүд

Авто зах зээл

Автомашиныг нэг цэгээс нөгөөд шилжих хэрэгсэл төдий ойлгодог хэрэглэгчид хүртэл брэндийн нэр онцгой үүрэгтэйг саяхан дэлхий даяар явуулсан судалгаа харууллаа. Хэрэглэгчдийн эрхэмлэдэг брэндийн нэр нь тансаг зэрэглэл, дэгжин хийцтэй тэр бүр холбогдохгүй байгаа юм. Ашиглалтын найдвартай байдал, хэмнэлт, хэрэглээний эвтэй байдлыг ч хүмүүс чухалчилж байна.

Дэлхийн хэрэглэгчид 2016 онд Google ашиглан автомашины ямар үйлдвэрлэгчийг илүү их хайсныг тодруулахаар Их Британийн судалгааны Quickco компани судалгаа хийж үзжээ. Хайлтын хэрэглүүрт тэргүүлсэн брэндүүд Дэлхийн 193 улсыг хамарсан судалгаанд тодорхой шалтгааны улмаас Умард Солонгос, Иран, Куба зэрэг хэдхэн улс багтаагүй үлдсэн байна.

АНУ, Хятад, Австрали (мөн Монгол) зэрэг 74 улсад хайлтын тоогоор Toyota тэргүүн байр эзлэв. Харин дэлхийн 51 улсын хэрэглэгчид хайлтын хэрэглүүрт BMW гэсэн үг хамгийн их оруулсан нь хоёрдугаарт бичигдэв. Дэлхийн 17 улсын хэрэглэгчийн сонирхлыг хамгаас татаж чадсан Hyundai гуравдугаарт орлоо. Hyundai-г ОХУ, Энэтхэг зэрэг хөгжиж буй томоохон зах зээлийн хэрэглэгчид хамгийн их сонирхжээ.

Энэ гурван брэнд нийлбэр дүнгээрээ дэлхийн хэмжээнд Google-ээр автомашин хайсан хайлтын 73 хувийг эзэлж байгаа юм. Автомашин үйлдвэрлэдэг улсын иргэд эх орныхоо брэндэд үнэнч бус байгаа нь судалгаагаар харагдлаа. Ердөө дөрөвхөн улс дотоодын брэндээ илүү “гүүглэдсэн” байна. Үүнд ХБНГУ-д BMW, Францад Renault, Шведэд Volvo, Италид FIAT тэргүүлэв. Сонирхолтой нь дэлхийд гуравдугаарт орсон Hyundai эх орон Өмнөд Солонгостоо тэргүүлж чадсангүй. Уг байрыг BMW “булаажээ”. Их Британичууд өөрийн брэндээ бус BMW-г илүүд үзлээ. Японы хэрэглэгчид ч дотоодын аваргуудаа бус, BMW-г сонгов. Гэхдээ Японы хэрэглэгчдийн хувьд хайлтын жагсаалтын удаах байранд Honda, Toyota, Suzuki гурав орсон байна.

Автомашины масс үйлдвэрлэлийн эхийг тавьсан АНУ-д хүртэл “Их гурав” бус, Toyota гол хайлт болжээ. Гэтэл АНУ-ын өөрийнх нь Chevrolet брэндийг Аргентин, Чили, Колумби, Эквадор, Мексикийн хэрэглэгчид интернэтээр илүү их хайсан дүнтэй гарлаа.

Хэт үнэтэй, тансаг зэрэглэлийн машин хайлтын дүнд тэргүүлсэн тохиолдол ганцхан удаа гарав. Нигерийн интернэт хэрэглэгчид нэг сая ам.доллараас дээш үнэтэй автомашин үйлдвэрлэгч Bugatti-г сонгосон нь мөнгөтэйдээ бус, сониуч зантай нь холбоотой хэмээн Quickco тайлбарлажээ.

БНХАУ, ОХУ, Өмнөд Солонгос зэрэг зарим оронд интернэт хэрэглэгчдийн хайлтын үндсэн хэрэглүүр нь Google байж чаддаггүйтэй уялдан судалгааны дүн бодит байдлаас зөрж болзошгүйг судлаачид анхааруулсан юм.

САНАЛ БОЛГОХ