Трампын татвар автомашины үнийг өсгөнө

Авто зах зээл

Энэ оны нэгдүгээр сард АНУ- ын Ерөнхийлөгч Дональд Трамп автомашины гаалийн татварыг өсгөхөөр сүрдүүлсэн. Тэрбээр АНУ-д импортоор оруулах BMW, Mercedes-Benz автомашинд 35 хүртэлх хувийн татвар оноох тухай анхааруулж байв.

Трампын засаг захиргаа АНУ- ын автомашины үйлдвэрлэлд гадаадаас оруулах хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор шинэ төрлийн татвар үүсгэх төлөвлөгөөтэй. Уг төлөвлөгөөг ажил хэрэг болгох хуулийн төсөл энэ оны хоёр юм уу, гуравдугаар сард гарна хэмээн шинжээчид таамаглаж байна. Шинэ зохицуулалтын ачаар гадаадын автомашин үйлдвэрлэгчид АНУ- д үйлдвэрээ байгуулж, эд ангийг дотоодын нийлүүлэгчдээс худалдан авах нь ихсэнэ хэмээн шинэ удирдлага тооцоолж байгаа юм.

Уг арга хэмжээнээс болж АНУ-д шинэ машины үнэ хэр өсөхийг Automotive News сонин тооцоолж үзлээ. Мэргэжлийн шинжээчдийн тооцоогоор татварын шинэ бодлого Tesla, Ford гэсэн хоёр компанид төдийлэн нөлөөлөхгүй. Цахилгаан машин үйлдвэрлэгч Тesla компани бүтээгдэхүүнийхээ үнийг одоогийн түвшинд хадгалж чадна. Ford-ийн үйлдвэрлэдэг машины үнэ дунджаар 282 ам.доллараар нэмэгдэнэ. Харин General Motors-ийн нэг машинд оногдох үнийн өсөлт даруй 995 ам.доллар болж байна.

Импортын автомашины хувьд байдал хүндэрнэ. Volkswagen- ийн загвар дунджаар 6.8 мянга, Volvo-гийнх 7.6 мянган ам.доллараар нэмэгдэж таарна. Mazda, Mitsubishi компанийн машины үнэ ч өснө хэмээн шинжээчид тайлбарласан тодорхой тоо дурдсангүй. Үнийн өсөлт Jaguar Land Rover компанид хүнд цохилт болохоор байна. Тооцоогоор Их Британийн премиум автомашины үнэ шууд 17 мянган ам.доллараар өсөхөөр байгаа юм.

GM, Fiat Chrysler, Honda, Ford компани нь АНУ-д борлуулж буй автомашиныхаа 60 гаруй хувийг тус улсын дотоодод үйлдвэрлэдэг байна. Ялангуяа Ford компани бүтээгдэхүүнийхээ 82 хувийг АНУ-д үйлдвэрлэдэг.

Уг судалгаанаас тусдаа, UBS Securities-ийн шинжээч Колин Лэнганаас лхагва гарагт нийтлүүлсэн тайланг үзвэл Ерөнхийлөгчийн татварын бодлогын дүнд АНУ-д борлуулах шинэ автомашины үнэ дунджаар найман хувиар буюу 2500 ам.доллараар өсөх төлөвтэй байна. Үнийн өсөлтөөс шалтгаалан тус улсад автомашины жилийн борлуулалт хоёр сая ширхгээр буурах тооцоог тэрбээр гаргажээ.

САНАЛ БОЛГОХ