Дэлхийн хамгийн үнэтэй аялал
Энэтхэгчүүдийн 99 хувьд нь ийм аялал мөрөөдөл төдий
Энэтхэгийн ард иргэд нийтээрээ эрх тэгш хөгжин цэцэглэж буй улс гэж хэлэх аргагүй. Статистикийн баримтаар тус улсын иргэдийн дийлэнх нь ядуу эсвэл хэт ядуу хүмүүс. Тэрбум гаруй хүн амтай энэ улсын хэдхэн сая иргэн нь баян, хэдхэн мянга нь маш баян гэсэн ангилалд багтдаг. Аялал жуулчлалд дуртай энэхүү баячууд 2010 оноос хойш Энэтхэг даяар аялах болсон ер бусын галт тэрэгний зорчигчид юм. Энэтхэгийг хөндлөн туулах уг галт тэрэгний нэр нь “Махаражагийн экспресс”. Найм хоног үргэлжлэх аяллын үеэр зорчигчдод Энэтхэг орны өвөрмөц сайхныг тухлан сонирхох завшаан тохионо. Ийм ч учраас галт тэрэгний хувьд хурд төдий л чухал биш.
“Махаражагийн экспресс”- ээр ганц хоног зорчих хамгийн хямд тийз гэхэд л 800 ам.доллар. Хамгийн үнэтэй нь 2500 ам.доллар. Тус улсын хүн амын дундаж орлогыг харгалзан үзэх юм бол энэтхэгчүүдийн 99 хувьд нь ийм аялал мөрөөдөл гэсэн үг. Энэтхэгчүүд өөрсдөө ч энэхүү галт тэргэнд өөр өөрөөр хандана. Баячуудын зугааны унаа болдогт нь нүд үзүүрлэх нэг хэсэг байхад улс оронд орлого авчирдаг ашигтай жуулчлал хэмээн дэмжигчид бас бий.
Галт тэрэгний цуваа нийт 24 ширхэг вагоноос бүрдэнэ. Зорчигчдынхоос гадна хоёр вагон- ресторан, хоёр вагон- баар, үйлчлүүлэгчийн автомашин тээвэрлэх хэд хэдэн ачааны вагон багтана. Тасалгаа бүрт сэрүүцүүлэгч, зурагт, утас, интернэт зэрэг тав тух илтгэх төхөөрөмж суурилуулаастай. “Махаражагийн экспресс” нь нэг удаад 88 зорчигчид үйлчлэх хүчин чадалтай. Тансаг зэрэглэлийн энэхүү галт тэрэгний цувааг бүтээхэд 13 сая ам.доллар зарцуулжээ.
Зорчигчдын хоол, ундаа үнэгүй. Гэхдээ үйлчлүүлэгчдийн таашаалд нийцүүлэн үнэгүй цэсэнд үл багтах тусгай бүтээгдэхүүнийг тэнгэрт тулсан үнээр захиалах боломжтой. Галт тэрэг Гужарат мужид нэвтэрмэгц “Хуурай хууль” үйлчилж эхэлнэ. Учир нь согтууруулах ундааг Энэтхэгт зөвхөн тус мужид л хуулиар хориглодог юм.
“Махаражагийн экспресс”-ээр ганц хоног зорчих хамгийн хямд тийз 800 ам.доллар.
Аяллын үеэр галт тэрэг өглөө бүр шинэ өртөөн дээр ирж, бүтэн өдөржингөө зогсоно. Жуулчид галт тэрэгнээс бууж орон нутгийн дэлгүүр, хоолны газруудтай танилцаж, бяцхан аялал хийцгээнэ. Мөн зорчигчдод Энэтхэгийн гол сонинуудын шинэ дугаараар байнга үйлчилнэ.
“Махаражагийн экспресс” галт тэрэг нь Энэтхэгийн төмөр замын үйлчилгээ, аялал жуулчлалын компанийн эзэмшил, гол бахархал нь. Энэтхэгийн элитүүд ганган тансаг байдлаараа гайхуулах дуртай. Төмөр зам ч үүнээс ангид бус. Бүр 1936 онд Их Британийн Gloucester Railway Carriage and Wagon компани Энэтхэгийн нэгэн махаражад зориулан тусгай галт тэрэг бүтээж байв. Энэ нь дэлхийн төмөр замын түүхэн дэх хамгийн чамин тансаг бүтээлийн нэг болсон юм. Түнийг ховор үнэт модоор доторлож, ягаан сарнай цэцгийн өнгөт толиор чимэглэж, утсан холбоо, мөстэй агаараар үлээлгэж сэрүүцүүлдэг хөргөх систем хүртэл суурилуулжээ.
Зочид буудал, аялал жуулчлалын салбарт жил тутам олгодог World Travel Awards хэмээх хүндтэй шагналыг 2012-2015 онд нийт дөрвөн удаа хүртэж, дэлхийн хамгийн үнэтэй тансаг зэрэглэлийн галт тэргээр шалгарсан юм. “Махаражагийн экспресс” галт тэрэг нь Энэтхэгийн хотууд дамжин аялах таван өөр төрлийн маршруттай.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй