Лондоны агаарын бохирдлыг бууруулахад Ford-той хамтарна

Авто зах зээл

АНУ-ын Ford компани Лондон хотын захиргаатай хамтран цахилгаанд залгаж цэнэглэдэг 20 ширхэг Transit Custom гибрид фургон машиныг Их Британийн нийслэлд жилийн хугацаатай турших хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо. Тус компаниас цахилгаан хөдөлгүүрт тээврийн хэрэгсэл хөгжүүлэхэд 4.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах төслийн хүрээнд машинуудыг нийлүүлэх юм. Төслийн ачаар 2021 он гэхэд Ford-ийн бүтээгдэхүүний жагсаалтад цахилгаанд залгаж цэнэглэдэг 13 гибрид загвар нэмэгдэнэ.

Лондон хотын тээврийн зохицуулах албаны (Transport for London, TfL) дэмжлэгтэй хэрэгжих туршилтыг энэ оны намраас эхлэхээр төлөвлөж байна. Уг туршилт нь том хотуудын үйлчилгээнд өргөн ашигладаг тээврийн хэрэгслээс ялгарч буй хорт утааны хэмжээг бууруулах зорилготой. Туршилтын хөтөлбөрт зориулсан 20 ширхэг Transit Customs машиныг Их Британийн Дантон дахь Ford-ийн техникийн төвд бүтээнэ. Ford компани 2019 оноос залгаж цэнэглэдэг гибрид загварыг Европын бусад улсад борлуулж эхлэх юм.

Лондон хот доторх ачаа тээврийн үйлчилгээний 75 хувь нь фургон машинд ноогддог. Тус хотын хувьд фургон машин өдөрт дундажаар 280 мянган рейс хийж, 13 сая километр зай туулдаг тухай Ford компани тайлбарласан юм. Залгаж цэнэглэдэг гибрид фургонуудыг Тээврийн зохицуулах албанаас гадна зарим худалдааны байгууллагын хэрэгцээнд ашиглах ажээ. Их Британийн Засгийн газрын оролцоотой хөтөлбөрийг Advanced Propulsion Center сан 5.8 сая ам.доллараар дэмжинэ. Тээврийн хэрэгслийн хорт утааны ялгарлыг бууруулах зорилготой уг сан Их Британийн автомашин үйлдвэрлэгчдийг нэгтгэдэг.

Лондон хотын тээврийн үйлчилгээнд ашиглаж буй фургон машинуудын нэг удаагийн рейсийн хамгийн хол зай ойролцоогоор 50 километр. Энэ нь цахилгаанд залгаж цэнэглэдэг гибрид машин дан цахилгаан хөдөлгүүрээ ашиглахад хангалттай зай хэмээн Ford компани тайлбарлав. Ихэвчлэн хотоос гадагш, илүү хол зай туулах тохиолдолд ийм гибрид машин дотоод шаталтын хөдөлгүүрт шилжинэ. Туршилтын хугацаанд Ford компани залгаж цэнэглэдэг фургон машинуудын санхүү, үйл ажиллагааны зардал, үр ашгийг тооцоолж, хүрээлэн буй орчинд үзүүлэх эерэг нөлөөг нь тодорхойлно”.

“Лондон хотын бохир агаарыг цэвэршүүлэх гэвэл ачаа тээврийн салбарт хорт утааны ялгарал хэт бага тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх нь нэн тэргүүний зорилт” хэмээн тус хотын захирагч Садик Хан тайлбарласан. Ford компани нь Европ тивийн голлох автозам дагуу цахилгаанаар шуурхай цэнэглэх станцын сүлжээ байгуулах ажилд BMW Group, Daimler AG, Volkswagen Group- тэй хамтран ажиллаж байгаа. Энэхүү санаачилгын хүрээнд Европын 400 орчим хотод цахилгаанаар цэнэглэх станц байгуулах юм.

САНАЛ БОЛГОХ