“Rio Tinto” бэлэн мөнгөний урсгалаа өсгөнө

Мэдээ

“Rio Tinto” групп ирэх таван жилд бэлэн мөнгөний чөлөөт урсгалаа таван тэрбум ам.доллараар нэмэгдүүлэхээр зорьж байна. Энэ жил тус компани хөрөнгийн зарцуулалтаа дөрвөн тэрбум ам.доллар болгон багасгахаар төлөвлөж байсан юм. Тэгвэл төлөвлөгөөгөө өөрчилж, 3.5 тэрбум ам.доллар болгохоор болсон гэж мэдэгдлээ. Мөн 2016, 2017 онд бэлэн мөнгөний зардлаа хоёр тэрбум ам.доллараар бууруулахаар төлөвлөжээ.

"Бид энэ зорилтдоо хүрэхэд ойрхон байгаа" гэж “Rio Tinto”- ийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак мэдэгдлээ. “Rio Tinto" компани өнгөрсөн наймдугаар сард сүүлийн 10 жилийн хугацаан дахь хамгийн бага ашигтай ажилласан. Гэвч төмрийн хүдэр, коксжих нүүрс зэрэг түүхий эдийн ханш өсөж, төлөв нь эерэг байгаа юм. Ийм үед салбарын гол компаниуд энэ таатай нөхцөл байдлаас олох ашгаа тогтвортой хадгалахаар зорьж байна.

“Rio Tinto” ойрын гурван жилд уул уурхайн төслүүдийнхээ өөрчлөлтөд зориулж нэг тэрбум ам.долларыг, мөн Австрали дахь төмрийн хүдрийн төслүүддээ 2.2 тэрбум ам.доллар зарцуулах үүрэг хүлээжээ. Ялангуяа 2.2 тэрбум ам.доллар зарцуулах Күү-Д ай- Дери уурхайн олборлолтыг 2019 онд эхэлж, 2021 оноос төмрийн хүдрээ нийлүүлж эхэлнэ гэж тус компаниас мэдээллээ.

Үүнээс гадна “Rio Tinto” групп саяхан Гвиней дэх “Simandou” төслийн хүрээнд хийж байсан төлбөртэй холбоотой асуудлаар Эрчим хүч, эрдсийн группийн захирал Алан Дэвисийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Оронд нь “Rio Tinto”-ийн Зэсийн салбарын олон улсын үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Болдыг томилсон юм. Үүнтэй холбогдуулан “Simandou” уурхайтай холбоотой хэргийг хууль хяналтынхан шалгаж байгааг Жан Себастьян Жак мэдээлжээ.

САНАЛ БОЛГОХ