Хайгуулын төслүүддээ хөрөнгө оруулалт татахаар зорьж байна

Мэдээ

Монголд уул уурхайн төсөл хэрэгжүүлж буй компаниуд ашигт малтмалын хайгуулын төслүүддээ гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татахаар зорьж байна.

Энэ дунд “Kincora Copper”, “Erdene Resource Development”- ийн хэрэгжүүлж буй зэс, алтны төслүүдийг онцолж болохоор байна. “Kincora Copper”-ийн гол төсөл нь “Bronze Fox” буюу “Хүрэл үнэг”. БНХАУ-ын хилээс 190 км зайд Дорноговь аймагт байрлах энэ орд нь Оюутолгой, Цагаан суваргын ордтой геологийн тогтцоор нэг байршилд оршдог. Хайгуулын хүрээнд тус ордоос 0.5-1.5 хувийн зэсийн агууламжтай хүдрийн дээж илрүүлээд байгаа юм.

Мөн алтны нөөц илрэх боломжтой. 1200 метрийн гүнд өрөмдлөг хийхэд тонн тутамд 1.5 грамм алт байгааг тогтоосон байна. Байршлын хувьд дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн гэж Ашигт малтмал, газрын тосны газраас тодорхойлжээ. “Kincora Copper” нь Оюутолгойтой адил өндөр чанар бүхий алт, зэсийн нөөц байх магадлалтай Баян тал талбайд нэмэлт өрөмдлөг хийхээр төлөвлөж байгаа ажээ.

Харин “Erdene Resource Development” хайгуулд зориулж 12 сая долларын санхүүжилт татаад байгаа. Тус компанийн Баян хөндий ордод 170 метрийн гүнд грамм тутамдаа хоёр грамм алт бүхий хүдрийн илэрц байгааг тогтоосон. Шивээхүрэнгийн боомтоос 250 км-ийн зайд орших "Алтан нар" төслийн нөөцийг урьдчилан тооцоод байгаа юм.

Үүнээс гадна “Xanadu Mines”- ийн Хармагтай зэс-алтны орд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлаж байгаа. Улаанбаатар хотоос 420 км-ийн зайтай аж. Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй цаашид нөөцийн хэмжээгээ нэмэхээр ажиллаж байгаа юм. Ордын алтны нөөц 13.4 тонн бол зэсийн нөөц нь 88.4 мянган тонн. Харин тодорхой нөхцөлд үр ашигтай алтны нөөц нь 25 тонн, зэсийн нөөц нь 259.5 мянган тоннд хүрээд байна. Гэвч ордын ойролцоо дэд бүтэц сул хөгжжээ.

САНАЛ БОЛГОХ