“Оюутолгой”-н баяжмал дахь зэсийн гарц 6500 тоннд хүрчээ
“Rio Tinto” групп 2016 оны үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа. “Оюутолгой”-н зэсийн гарц 2015 оныхтой ойролцоо хадгалагджээ. Харин алтны гарц хоёр дахин буурсан байна. Өнгөрсөн онд “Оюутолгой”-н баяжмал дахь зэсийн гарц 6500 тонн, алтных 100 мянга 500 унци болсон. Зэсийн хувьд 2015 оныхоос 0.5 хувиар буурсан. Алтных 54 хувиар багасчээ.
2017 онд тус компани 130-160 мянган тонн зэс, 100-140 мянган унци алт олборлохоор төлөвлөж байгаа юм. “Оюутолгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалтад оны эцэс гэхэд 2000 гаруй хүн ажиллаж байсан. Үүний 87 хувь нь монголчууд байжээ. “Rio Tinto” групп “Turquoise Hill Resources”-ийн 50.79 хувийг эзэмшдэг. Энэ эзэмшлээрээ дамжуулан “Оюутолгой” компанийн 33.52 хувийг шууд бусаар эзэмшиж байгаа юм.
“Rio Tinto” “Оюутолгой”-гийн нөлөөгөөр төмрийн хүдрийн зах зээлээс хэт хамаарахаа болино гэж “Bloomberg”-ийн шинжээчид дүгнэж байна. Үүнээс гадна “Rio Tinto”-гийн үзүүлэлтээс харвал зэсийн баяжмалын гарц нь таамгаас дутсан байна. Энэ нь АНУ дахь Кеннекоттын ордын гарц тааруу байсан зэргээс шалтгаалсан болохыг “Rio Tinto” тайландаа дурджээ. Төмрийн хүдрийн хоёр дахь том экспортлогч “Rio Tinto” өмнөх улиралд 87.7 сая тонн төмрийн хүдрийн борлуулсан. Энэ нь хүлээлтээс давсан үзүүлэлт. Мөн гуравдугаар улирлынхаас найман хувиар нэмэгдсэн байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй