Махны экспортод малын өвчлөл бэрхшээл үүсгэсээр

Мэдээ

Монгол Улсаас БНХАУ-д гаргаж байсан үхэр, хонины махны экспортыг зогсоохоор шийдвэрлээд байна. Махны экспортод малын өвчлөл гол бэрхшээл болж байгаа талаар салбарынхан онцоллоо. Тухайлбал, сүүлийн байдлаар олон улсын хорио цээрийн ангилалд багтах малын гоц халдварт малын мялзан төст өвчин гарч, өнгөрсөн долоо хоногийн байдлаар Ховд аймагт гэхэд л 66 орчим мянган мал энэ өвчнөөр өвчилж, 11.6 мянган мал үхсэн байна.

Голдуу хонь, ямаанд халдварладаг уг өвчний тархалтыг зогсоохын тулд хорио цээрийн дэглэм тогтоож байгаагаас гадна вакцин ирэхийг хүлээсээр байгаа аж. Үүнээс өмнө шүлхий, цэцэг өвчний тархалт идэвхжиж байсан юм. Монгол Улс энэ онд баруун таван аймгаас салаа туурайтай малын махыг анх удаа БНХАУ-д экспортолж эхэлсэн ч, одоогоор мах гаргаж байсан зургаан компанийн экспортыг зогсоогоод байна. Сүүлийн байдлаар 300 орчим тонн мах БНХАУ-д гаргасан талаар Монголын махны холбооноос мэдээллээ. Үүнтэй холбогдуулан аравдугаар сарын эхээр БНХАУ-ын Хөдөө аж ахуйн яамны баг бүрэлдэхүүн Монголд ирэхийг салбарын яамнаас онцлов. Үүнээс гадна ОХУ-ын мал эмнэлгийн газрын төлөөлөгчид манай махны үйлдвэрүүдэд аттестатчлал хийж байгаа аж. Монголоос ОХУ-д зөвхөн адууны мах экспортолж байгаа юм.

Монгол Улсын хувьд мах, махан бүтээгдэхүүний хамгийн том зах зээлийн нэг нь БНХАУ, ОХУ, Казахстан бөгөөд булангийн орнуудад ч махаа гаргах сонирхолтой байна. Түүнчлэн Японд туршилтаар бага хэмжээний мах гаргаж байгаа юм. Махны экспортод малын өвчлөлөөс гадна үйлдвэрлэл, савлагааны стандарт хангалтгүй байгаа нь нөлөөлдөг. Үүнээс гадна сүүлийн үед халдварт бус өвчлөлийн үеэр малд хэрэглэдэг эмийн бэлдмэлүүдийн хор гадагшлах хугацааг судлахгүй байгаа нь зөвхөн экспорт гэлтгүй, дотоодын хэрэглээний махны эрүүл аюулгүй байдлыг хангаж чадахгүй болсныг салбарынхан шүүмжлэх болжээ. Тухайлбал, малчид малын туулга, паразитыг эмчилдэг ивомек, креолин зэрэг химийн гаралтай эмийг өргөнөөр хэрэглэж байгаа аж.


САНАЛ БОЛГОХ